ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ 2022 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ээлжит Хуралдааныг Жендэрийн үндэсний хорооны Орлогч дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа даргалж,  хуралдаанд Ерөнхий сайдын жендэрийн асуудал хариуцсан зөвлөх Ч.Болортуяа болон хорооны гишүүд 80 хувийн ирцтэйгээр  оролцлоо. 


Жендэрийн үндэсний хороо нь 35 гишүүнтэй бөгөөд эрэгтэй 17, эмэгтэй 18, төрийн болон  төрийн бус байгууллагын тэнцүү оролцоог хангасан бүрэлдэхүүнтэй. 
Хуралдаанаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Хорооны 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан,  Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх салбар зөвлөл (14),  салбар хороод (31)-ын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнгийн тайланг танилцуулж, Хорооноос 2022 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулан, хэлэлцүүлж батлууллаа.
Түүнчлэн Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжсэн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)”-ний төслийг боловсруулсан бөгөөд төслийг хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж, оролцогчдын 100 хувийн саналаар батлахыг дэмжлээ. 
Жендэрийн үндэсний хорооноос 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Эрэгтэйчүүдэд тулгамдаж буй тодорхой асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,  шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдийн тэгш оролцоог дэмжихэд чиглэсэн 3 зорилт бүхий 36 ажлыг тусгажээ. 
Цаашид стратеги төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой асуудлаар Жендэрийн үндэсний хорооны гишүүдийн уулзалт, семинарыг зохион байгуулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаархаар гишүүд санал нэгдлээ. 
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.