АН-ын дотоод “зодоонд” З.Энхболд оролцож эхэллээ

Өнгөрсөн 2020 оны эхнээс буюу УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөөс өөр хоорондоо эвдэрэлцэж, өдгөө хоёр намын даргатай, хоёр тамгатай болсон АН одоо ч учраа ололгүй маргалдсаар байна. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа учраа олж нам доторх хагаралдаанаа дуусгах байх гэсэн АН-ын эгэл жирийн гишүүд дэмжигчдийнх нь хүлээлт ч талаар болж намын зарим гишүүдээ хөөсөн, хөөгөөгүй гэх маргаанаар үргэлжилж байна.  Тодруулбал АН-ыг хүчтэй байх үед УИХ-ын даргаар ажиллаж, хожим МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тамгын газрыг нь ахалж явсан З.Энхболдыг АН-аас хөөсөн гэх мэдээлэл гарах боллоо.


Энэ талаар АН-ын дарга М.Тулгат хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Намын гишүүдээс хэд, хэдэн гомдол ирсэн. З.Энхболдоос болоод Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор нэр дэвших боломжгүй болсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үед хариуцлага алдаж, дахин нэр дэвших боломжийг нь хаасан гэсэн гомдлын агуулга харагдсан. Тиймээс АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, хөөх шийдвэрийг гаргасан" гэх агуулгатай мэдээлэл өгсөн юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн удирдаж буй АН-ын “Үндсэн дүрмийн хороо”-ноос мөн дээрх асуудалтай холбоотой мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ “ЕТГ-ын дарга асан З.Энхболд болон бусад нэр дурдагдаад буй намын гишүүдийг АН-аас хөөсөн тушаал шийдвэр огт гараагүй. Тийм коммунист шийдвэр гаргаж болохгүй. Энэ хүмүүс огт намаас хөөгдөөгүй. АН-ын гишүүнчлэл нь хэвээр хадгалагдаж буй. С.Эрдэнэ, М.Тулгат нар хэн нэгнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй” гэсэн мэдээллийг өгч байр сууриа илэрхийлж байна.

Нэгэн цагт АН-ын даргын албан тушаалын хашиж, төрийн гурван өндөрлөгийн нэг явсан З.Энхболдыг АН-аас хөөсөн, хөөгөөгүй гэх маргаан цаашид ч өрнөх бололтой. Тиймээс ч үүсээд байгаа энэхүү асуудалтай холбогдуулан  З.Энхболд, Ц.Туваан нарын улстөрчид мэдэгдэл хийхээр төлөвлөсөн тухай мэдээлэл байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.