А.БҮРЭНБААТАРЫН ТОМИЛГОО ХУУДУУТАЙ БОЛСНЫ АРД ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН НЭР БҮХИЙ ГИШҮҮНИЙ ОРОЛЦОО БИЙ ЮУ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий захирлын албан тушаалд томилогдох нээлттэй санал хураалтыг гуравдугаар сарын 5-нд явуулсан байдаг. Ерөнхий захирлын сунгаанд А.Бүрэнбаатар, Б.Ууганбаяр, Г.Гэрэл, Г.Бат-Оргил нарын 15 хүн өрсөлдөж, олонхын саналаар А.Бүрэнбаатарыг тус телевизийн Ерөнхий захирлаар сонгосон.

 Гэвч сонгон шалгаруулалт хууль бус болсон, “Тооллогын комисс"-ийн хууль бус шийдвэр, хайнга хандаж, алдаатай тоолсоноос үүдэлтэй гэх  тус телевизийн дэд захирлаар ажиллаж байсан Г.Гэрэлийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүхээс хангаад байгаа. Ингээд А.Бүрэнбаатарыг Ерөнхий захирлаар томилсон 2021.03.05 өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Сонгон шалгаруулалтыг холбогдох хууль , баталсан журмынхаа дагуу явуулахыг Үндэсний зөвлөлд даалгасанаас хойш сар орчмын хугацаа өнгөрч байна.

Тэгвэл “Ерөнхий захирлыг томилох тухай тогтоол” нь өөрөө хүчин төгөлдөр бус гэдгийг  Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүх тогтоочихсон , “Тооллогын комисс”-ийг хууль бус шийдвэр гаргаж алдаатай тоолж гэдгийг нь хуулийн байгууллага нотолчихоод байхад л таг чиг ,  нам гүм байсаар байгаа нь алдаатай тооллого , шүүмжлэлтэй шийдвэр нь эхнээсээ зохион байгуулалттайгаар өрнөсөн байж болзошгүйг илтгэж байгаа юм.

Үүний зэрэгцээ тус сонгон шалгаруулалтыг холбогдох хууль , баталсан журмынхаа дагуу ахин хийхийг Үндэсний зөвлөлд даалгачихаад байхад л үндэсний зөвлөл нь өнөөг хүртэл хөдлөхгүй байгаагийн цаад учир шалтгааныг зөвлөлийн гишүүд дундаас энэ зохиолд оролцон тоглосон , нөлөөлсөн эрхэм байж болзошгүй гэх олны хардлага ортой болж болзошгүй.

Тухайн үед сонгон шалгаруулалтаас Р.Гандимаа 577 оноо, Бүрэнбаатар 571 оноо М.Амарбаяр 571 оноо Г.Гэрэл 571 гэж танилцуулж байсан ч тооллогын комиссын дүн бодит байдалд өөр үр дүн үзүүлсэн тул , үүнд нь үндэсний зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын үүднээс хууль бус үйлдэл гаргаж нөлөөлсөн гэх мэдээлэл ч бий.

Ажлаа аваад сар гаруй хугацаа болсны дараагаар А.Бүрэнбаатар өөрийн өрөөндөө бөөгийн зан үйл үйлдүүлж , ажилчдынхаа хоолонд заслын бурмаа хийхээр завдаж байгаад ард түмний эгдүүцлийг хүргэж байлаа.Мөн А.Бүрэнбаатарын өмнө тус телевизийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад ажлаа өгсөн Н.Дэмбэрэл шүүхэд хууль бусаар ажлаас чөлөөсөн хэмээн нэхэмжпэл гаргаж анхан шатны шүүх дээрээ ялалт байгуулаад байгаа аж. 

Олон захирлын нүүрийг ээлжлэн үзэж буй олон нийтийн радио телевиз дотор дотоодын хэрүүл тэмцэл одоо ч үргэлжилсээр байна. Энэ нь мэдээж тус байгууллагын удирдлагууд нь улс төрийн нөлөөллөөр сонгогддогтой холбоотой төдийгүй олон нийтийн гэх статустай байгууллагыг толгойлох үе үеийн захирлууд намын логог тэвэрч орж ирсээр байгаа нь тус байгууллага өөдлөх гэхээсээ илүү уруудаж явааг илтгэж байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.