ПУТИНИЙ ОХИДЫГ АНУ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГТОО НЭМЛЭЭ

АНУ-ын засаг захиргаа өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний охидыг эдийн засгийн хоригтоо багтаажээ.

Путин нь Катерина Владимировна Тихонова, Мария Владимировна Воронцова гэдэг насанд хүрсэн хоёр охинтой юм.

Тихонова нь Оросын батлан хамгаалах салбарын технологийн компанид гүйцэтгэх удирдлагын алба хашдаг гэнэ.

Воронцова нь Кремлийн санхүүжилттэй генетикийн судалгааны хөтөлбөрт ажилладаг ажээ. Уг хөтөлбөрийг Путин өөрийн шууд хяналтад байлгаж, олон тэрбумын хөрөнгө оруулсан гэж АНУ-ын тал үзэж байна.

Эцгийнхээ хөрөнгийг хянах, удирдах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байж болзошгүй гэсэн үндэслэлээр Тихонова, Воронцова нарыг хоригт багтааснаа АНУ-ын албаныхан мэдээлжээ.

“Путиний хөрөнгийн зарим хэсэг гэр бүлийнх нь гишүүдийн нэр дээр нуугдаж байгаа гэж үзээд бид тэднийг хоригтоо нэмж байна” гэж албаны эх сурвалж тайлбарласан байна.

Энэ удаагийн хориг нь Украины Буча хотод Оросын цэргүүдийн үйлдсэн аллагатай холбоотой хариу арга хэмжээ юм.

Уг аллагыг ОХУ-ын эрх баригчид үгүйсгэж, Киевийн эрх баригчдын зохион байгуулсан суртал нэвтрүүлэг гэж тайлбарлаж байгаа.

Өчигдөр зарласан ээлжит хоригт:

  • ОХУ-д шинээр хөрөнгө оруулахыг хориглох
  • Оросын хамгийн том хувийн банк Альфа банк, хамгийн том санхүүгийн байгууллага Сбербанкд хатуу хориг тавих
  • Төрийн өмчийн томоохон компаниудад хориг тавих
  • ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийнхэнд хориг тавих арга хэмжээнүүд багтжээ.

Үүнээс гадна ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын гэр бүлийнхнийг хоригийн жагсаалтдаа нэмж оруулсан байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.