ЗАЙСАНД ТАНСАГЛАДАГ П.ХАНГАЛ БЗС-ГИЙН ЗЭЭЛЭЭ ЯАГААД МАРТЧИХАВ?

Төрийн өндөр албан тушаалыг хашиж явсан хүмүүсийн ар гэр, үр хүүхдүүд эрх мэдэл, нөлөөллийн сүүдэрт давуу байдал эдэлдэг гэх хардлага Монголд шинэ зүйл биш. Энэ хардлагыг дахиад л Л.Пүрэвдоржийн гэр бүлийн нэр тойрсон асуудлууд сэргээж байна.

Зайсан толгой, Богд уулын тусгай хамгаалалттай бүсэд аялал жуулчлалын зориулалтаар эзэмшсэн гэх газрууд дээр өндөр зэрэглэлийн орон сууц, барилга сүндэрлэсэн талаар олон жил яригдсан. Хотын удирдлагууд, төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл “отоглох цэг” нэрийн дор олгогдсон газруудын цаана ашиг сонирхол, авлигын асуудал байж болзошгүй талаар удаа дараа мэдэгдэж байсан.

Ийм шүүмжлэлийн төвд Л.Пүрэвдоржийн хүү, “Seven Star”-ын эзэн П.Хангалын нэр ч багтдаг. Өмнөх мэдээлэлд бухимдаж, шүүх цагдаагаар сүрдүүлэхээсээ өмнө өөрийнх нь нэртэй холбоотой асуултуудад хариу өгөх нь илүү зохистой биш гэж үү.

Учир нь П.Хангал 2003 онд Нидерландын Маастрихтын их сургуульд магистрын хөтөлбөрт суралцахаар Боловсролын зээлийн сангаас 6000 ам.долларын зээл авч байсан ч өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй гэх мэдээлэл бий. 20 гаруй жилийн өмнө авсан энэ мөнгө өнөөдрийн ханшаар хэдэн арван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний дүн.

Харин нөгөө талд нь Зайсанд тансаг зэрэглэлийн орон сууц барьж, нэг ам метрийг нь хэдэн сая төгрөгөөр худалдаалдаг бизнесийн эзэнд ийм хэмжээний мөнгө төлж барагдуулах боломжгүй гэхэд итгэхэд бэрх.

Асуудлын гол нь мөнгөний хэмжээнд бус, хандлагад оршиж байна. Жирийн иргэд банкны хэдэн төгрөгийн өрөнд шахагдаж, хүү торгуульд дарагддаг байхад эрх мэдэлтэй хүмүүсийн хүрээллийнхэн татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжсэн зээлийг олон арван жил мартсан мэт явж болдог тогтолцоо хэвийн үзэгдэл болж хувирсан уу гэсэн асуулт үлдэж байна.

Хэрэв үнэхээр төлөх ёстой өр байгаа бол П.Хангал сүрдүүлэг, тайлбар бус, өрөө барагдуулсан баримтаар хариу өгөх нь олон нийтийн өмнө хамгийн үнэмшилтэй тайлбар байх биз.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.