НЭГҮҮН МЭДЭЭ
БУУДАЛ, КАРАОКЕНЫ ӨРӨӨНД КАМЕР БАЙРШУУЛСАН НЬ ИЛЭРЧЭЭ

Ховд аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймгийн Цагдаагийн газартай хамтран Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгажээ. Тодруулбал, хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх өрөө, ариун цэврийн өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглосон уг хуулийн заалтыг аймгийн төв Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газрууд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан байна. Шалгалтаар 40 орчим газрын үйл ажиллагаатай танилцахад, нэр бүхий 14 газрын зочид буудлын болон караокены өрөөнд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан байсан нь илэрчээ. Тиймээс Ховд аймгийн прокурорын газраас хүний эрхийг хамгаалах, илэрсэн зөрчлийг арилгуулахаар тухайн газруудад прокурорын мэдэгдэл хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийн талаар сургалт хийсэн байна.

ГАДААД УЛСАД БАЙГАА 13 МЯНГАН ИРГЭН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЖЭЭ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн саналыг 2024 оны 6 сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд авна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө. Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм. Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүллээ. Бүртгэлийг цахимаар зохион байгуулснаар Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуультай харьцуулахад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо 3 дахин өссөн байна. Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг Төв комиссоор дамжуулан салбар комиссуудад хүргүүлсэн бөгөөд Дипломат төлөөлөгчийн газрууд сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх боломжийг хангасан байр бэлтгэсэн байна. Гадаад улсад байгаа сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэг өдөр нь саналаа өгч, сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.

ЗАЙСАН ТОЙРУУГИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШААС ХУУЧИН ЗОХИЦУУЛАЛТААР ЯВУУЛНА

“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ ХУД-ийн III хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил гурван жил орчим гацсан юм. Тэгвэл өнөөдөр тус группийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ. Т одруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг өнгөрсөн сарын 7-ны өдөр албадан чөлөөлж, замын ажлыг эхлүүлж байсан. Тус зам ашиглалтад орсноор Нарны зам болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар х отын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Үүний нэг болох “Гермес” төвийн урд талын нүхэн гарцтай уг замыг холбоно. Өөрөөр хэлбэл, хотын хэвтээ тэнхлэгийн замуудыг холбох холбоос зам гэж болно. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд засаж, шинэчилсэн замууд энэ онд төлөвлөсөн нийт ажлын 30 хувь нь. Энэ онд Улаанбаатар хотын нийт замын 80 хувийг засаж, шинэчилнэ. Засварын ажилд хүлээцтэй хандаж, дэмжиж байгаа иргэддээ баярлалаа” гэлээ. Түүнчлэн ирэх долоо хоногт хоёр жил гаруй гацсан Ээрмэлийн замын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээнэ. Мөн Таван шарын нүхэн гарцыг энэ сард нээх бол Яармагийн замыг ирэх долоодугаар сард нээнэ.

ААДАР БОРООНЫ УЛМААС 500 ГАРУЙ БОГ МАЛ ХОРОГДЖЭЭ

Завхан, Өвөрхангай аймагт энэ сарын 12-нд орсон түр зуурын аадар борооны улмаас Завханы Улиастай суманд 20 орчим айлын байшин, гэр, хашаа руу үерийн ус оржээ. Мөн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт айлын 5 ханатай гэр, Богд сумын нутагт хоёр айлын гэр үерт өртөж, 500 гаруй бог мал хорогдсон байна. Тиймээс орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангаж, үер усны аюулаас сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх шаардлагатайг холбогдох албаныхан анхааруулав. Дашрамд дурдахад, цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр энэ сарын 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байна.

ОРОН СУУЦНЫ ҮНЭ 11.9 ХУВИАР ӨСЖЭЭ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн сарын байдлаар Улаанбаатар хотод шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өсч, нэг метр квадратын үнэ 4 сая төгрөг давсан байна.

ДАВАА ГАРАГТ УЛСЫН АРСЛАН М.БАДАРЧИД УНАСАН БӨХЧҮҮДЭД НӨХӨЖ ЦОЛ ОЛГОНО

Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн. Тэгвэл түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгохоор болжээ. Тодруулбал, ирэх даваа гарагт Төрийн ордны “Хүндэтгэлийн өргөө”-нд 10:00 цагт улсын арслан М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд нөхөж цол олгохоор болсон байна. Ерөнхийлөгчийн зарлигаар дараах бөхчүүд цол нэмнэ. Аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, улсын өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож харцага, улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож заан, улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож арслан цол тус тус олгохоор болов. Харин улсын аварга О.Хангайд “Үлэмж бадрах” чимэг нөхөн өгөх юм. Тэгвэл өнгөрсөн жилийн баяр наадмын бөхийн барилдаанд улсын арслан М.Бадарчийн давсан даваа бүрийг хүчингүйд тооцож, арслан цолыг нь хураана.

САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ШАЛГАНА

МИДАС ТББ-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнө санал тоолох төхөөрөмжийг урьдчилсан байдлаар шалгахаар төлөвлөжээ. Тодруулбал, санал тоолох төхөөрөмж мажоритар хэсгийн саналыг тоолохдоо нэр дэвшигч бүрийн тэмдэглэгээг уншиж байгаа эсэх, мандатын тооноос илүү болон дутуу тэмдэглэсэн үед ажиллаж буй эсэх, цагаан хуудас уншиж буй эсэх зэргийг шалгах юм. Мөн пропорциональ хэсгийн саналыг тоолох үед санал тоолох төхөөрөмж нам эвслийн тэмдэглэгээг бүрэн уншиж байгаа эсэх, нэгээс илүү нам эвсэл дугуйлсан үед уншиж байгаа эсэх, түүнчлэн дугуйлаагүй үед уншиж буй эсэх зэрэг хяналтыг явуулахаар болжээ. МИДАС ТББ нь 2012 оноос сонгуулийн санал төхөөрөмжийн, 2016 оноос сонгогчдын нэрийн жагсаалтад хөндлөнгийн хяналт хийж, зөвлөмж боловсруулан холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулсан байна.

16 НАСТАЙ ОХИНЫ АМИА ЕГҮҮТГЭСЭН ХЭРГИЙГ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭСТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Энэ сарын 10-ны өдөр БГД-ийн 18-р хороонд 16 настай охин амиа егүүтгэсэн хэргийг хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлж, мөрдөн шалгаж байна. Гуравдугаар сургуулийн 16 настай сурагч улсын шалгалтын асуудлаас болж дарамтад орж, амиа егүүтгэсэн гэх мэдээлэл олон нийтийн дунд түгсэн. Тэгвэл эл хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг мөрдөн, шалгаж эхэлжээ. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, нууцлалтай явагдаж байгаа аж.

ОБЕГ: ЖИЛ ИРЭХ ТУСАМ ОСЛООР АМЬ НАСАА АЛДАЖ БАЙГАА ХҮНИЙ ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА

Он гарснаас хойш осол гэмтлийн улмаас амь насаа алдсан нийт иргэний 44 хувь нь гол ус, үерийн эрсдэлээс болж хохирчээ. Ялангуяа аялал зугаалгын улирал эхэлсэн үед иргэдийг баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байх, үер буух эрсдэлтэй голын айв сав, газруудаас холуур, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж буй. Ж ил ирэх тусам ослоор амь насаа алдаж байгаа хүний тоо нэмэгдэж байгааг онцгой байдлын газраас мэдээллээ .

АЯНГАНД ЦОХИУЛЖ НАС БАРСАН ЭМЭГТЭЙ ГАР УТСАА ЭНГЭРТЭЭ ХИЙСЭН БАЙЖЭЭ

Энэ сарын 6-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт, нэг гэр бүлийн хоёр хүн мотоциклтой явж байгаад аянганд цохиулж, эхнэр нь нас барж, нөхөр нь эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн билээ. Тухайн үед талийгаач эмэгтэй гар утсаа энгэртээ хийсэн байжээ. Уг харамсалтай ослын талаар Шадар сайд С.Амарсайхан: “Өнгөрсөн долоо хоногт Тэрэлжийн орчим мотоциклтой явж байсан эхнэр нөхөр хоёрын нэг нь дуу цахилгаантай борооны улмаас аянганд цохиулж амь насаа алдсан. Гар утсаа энгэртээ хийсэн гэх мэдээлэл байна. Хамгийн гол нь иргэдийн мэдлэг мэдээллийг хүргэх, зөвлөмж зөвлөгөөг цаг алдалгүй хүргэх чухал байна. Аялал жуулчлалын улирал эхэлсэн, иргэд аялах зугаалах хөдөлгөөнүүд эхэлж байгаа учраас иргэд энд тэнд явахдаа амь насаа алдах эрсдэл гаргахгүй байхад зөвлөмж хүргэхэд анхаарч ажиллаж байна” гэлээ.

1 ... 94 95 96 97 98 99 100 101 102 ... 370