УЛСЫН ЭМНЭЛЭГТ ДАВТАН ҮЗЛЭГТЭЭ ОРООГҮЙ, АВСАН ЦАГТАА ОЧООГҮЙ БОЛ 20 МЯНГЫГ ТӨЛНӨ

Улсын эмнэлэгт цаг авах иргэдийн тоо ихэсч, эмнэлгийн ачаалал өндөр байгаа ч авсан цагтаа очдоггүй хүмүүсээс болж шаардлагатай тусламж үйлчилгээгээ авч чадахгүй хохирох хүн цөөнгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор иргэдийг хариуцлагатай байлгаж, авсан цагтаа үйлчлэхгүй тохиолдолд төлбөрийн тодорхой хувийг өөрсдөөс нь гаргуулахаар болжээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 06 дугаар тогтоолын хавсралтын дагуу даатгуулагч амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний цогц тусламж үйлчилгээг бүрэн аваагүй буюу өөрийн буруугаас давтан үзлэгт хамрагдаагүй тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллагадаа дараагийн удаа үйлчилгээний зардлын 25 хувийг өөрөө төлөх шийдвэр гарсан байна.

Ингэснээр эрүүл мэндийн байгууллагад цаг авсан боловч тухайн цагтаа эрүүл мэндийн байгууллагадаа өөрийн буруугаас болж ирээгүй бол тухайн эмнэлэгтээ дахин амбулаторийн тусламж үйлчилгээ авахад 20 мянган төгрөгийг иргэн төлөх юм.

Цогц тусламж дотор хийгдсэн оношилгоо шинжилгээ нь Эрүүл мэндийн сайд Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан "Төлбөртэй тусламж үйлчилгээний жагсаалт"-д орсон нэгжийн үнэ нь 45 мянган төгрөг ба түүнээс дээш өртөг бүхий оношилгоо шинжилгээнд 30 хувийн хамтын төлбөрийг иргэн төлөхийг мөн тогтоолд тусгажээ. Гэхдээ дараах тохиолдолд хамтын төлбөр төлөхгүй байна. Үүнд:

  • Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
  • Хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эцэг эх
  • Ял эдэлж байгаа ялтан
  • Жирэмсэн, төрөлт, төрсний дараа үетэй холбоотой эх барих зэрэг хүмүүс төлбөрөөс чөлөөлөгдөх заалттай аж.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.