ГАЗРЫН НАЙМААГААР “ДЭЭЛЭЭ НӨМРӨХ” ШАХСАН Т.ПҮРЭВХАТАН ЗҮҮН БҮСИЙНХНИЙ АЧААР ДЭЭДЭС БОЛНО ГЭВ ҮҮ


УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшиж буй Т.Пүрэвхатан эрх мэдлийн төлөө энхийн цагаан тагтаа мэт аашилж явна. Мань хүн чинь угтаа бол газрын албаны мэргэжилтэн байхаасаа төрд тэнцэхгүй гэдгээ баталчихсан юм шүү дээ. Гэтэл АН-ынхан түүнийг дэд даргаа болгож, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж байгаа нь гунигтай.

Т.Пүрэвхатан өмнө нь дүүргийн газрын албанд ажиллаж байсан бөгөөд хоёр ч удаа гэмт хэрэгт холбогдож, мултарсан.

Сануулахад тэрбээр БЗД-ийн Газрын албанд байхдаа дарга нартайгаа хуйвалдан 2015 онд Баянзүрх дүүргийн 20-р хороо, Улиастайн Их цуурайтын аманд хууль бусаар 103 хүний нэр дээр газар олгосон байдаг. Энэ хэргийг АТГ-аас илрүүлж, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан С.Бямбадорж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга асан Б.Амаржаргал нарт шүүхээс 1-3 жилийн ял оноож байв. Мөн Н.Батсүх нь Т.Пүрэвхатанаар зуучлуулан БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс авлига авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Гэтэл яг авлига зуучилсан Т.Пүрэвхатан нь тухайн хэргээс цэвэрхэн  мултарсан байдаг. 


Түүнчлэн Т.Пүрэвхатаны нөхөр Б.Ууганбаяр нь 2019 онд Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглан хүүхдийн “Найрамдал” зуслангийн газраас эхнэр Т.Пүрэвхатаныхаа “Шинэ хужирт” ХХК-д газар олгуулсан байдаг.

Тэр нь өдгөө хүүхдийн “Найрамдал” зуслангийн хажууханд байх “Натур мед” сэргээн засах төв болчихсон үйл ажиллагаа явуулж байгаа. Эндээс харвал эхнэр нь АН-д, нөхөр нь МАН-д зүтгэж хувийн бизнесээ хөгжүүлдэг гэчихвэл хол зөрөхгүй.


Учир нь Б.Ууганбаяр эхнэртээ “Найрамдал” зуслан ормын газрыг 2019 оны II/14-нд олгосон. Харин тухайн жилийн V сард Засгийн газрын хуралдаанаар “Найрамдал”-ын газруудыг цуцлах шийдвэр гарч, IX сард нь хотын дарга нар очсон ч Т.Пүрэвхатаны эзэмшлийг тойрчихсон. Товчхондоо бол хамтран ажиллагч Б.Ууганбаярынхаа эхнэрийн газрын дэргэдүүр нүдээ аниад өнгөрсөн гэсэн үг л дээ.

Ийм л зальжин нь дэндсэн, ойрын хамаарал бүхий хүмүүсээ ашиглаж, олон нийтийг ашиг хонжоо мэт хардаг хүн өнөөдөр зүүн бүсийн иргэдийг төлөөлж УИХ-ын гишүүн болохоор яваа нь эмгэнэлт явдал биш гэж үү. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.