НЭГҮҮН МЭДЭЭ
МӨНГӨНИЙ СОНГУУЛЬ, "НОХДЫН" ЗОДООН ЭХЭЛЛЭЭ

Сонгууль хаяанд ирсэн ч энэ удаа Монгол Улсын иргэд эрх тэгшээр сонгох, сонгогдох эрх эдлэх үү, үгүй юү гэдэг асуудал их эргэлзээтэй болж байна. Мөнгө үнэртүүлсэн сонгууль болох нь тодорхой харагдаж эхэллээ. Сүүлийн нэг сарын хугацаанд хэвлэлүүдийн тэргүүн нүүрт гарч буй материалууд, улс төрчдийн дүр зургийг нэг харцгаая. Тоймлон харвал энэ улсын төлөө УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Адьшаа, Х.Болорчулуун, Ч.Ундрам, Г.Дамдинням, Э.Батшугар, Э.Бат-Амгалан, Ц.Даваасүрэн, П.Анужин, Соёлын сайд Ч.Номин нар чөмгөө дундартал ажиллаж байгаа бололтой. Тухайлбал Л.Энх-Амгалан сайдыг хараарай. Хэвлэл болгоны эхний нүүрэнд, маш гоё зурагтайгаар залраад “...Шинжлэх ухаан академийн их сургууль байгуулна, бүх хорооллыг сургуультай болгоно, шинээр баригдсан хорооллууд сургуульгүй бол улсын комисс хүлээн авахгүй, сайд иргэдтэй уулзав, тэр аймагт томилолтоор ажиллаж байна, залуу эрдэмтдийг дэмжээд, өргөөд явна...” гээд мэдээлэл нь тасралтгүй хөвөрнө. Үнэхээр бахархмаар их мөнгөтэй юмаа. Наад захын жишээ нь лайвтай зочинд 50 сая, сайтуудад 50 саяыг шидсэн гэх мэт тоонууд сонсогдож л байна. За тэгээд Ч.Ундрам ард иргэдээ эрүүл хүнс хоолтой байлгах гээд ажиллаад байхад арслантай холбож гүтгэсэн гэнэ. Хөөрхийг олон хэвлэл өмөөрч Ерөнхийлөгчтэй цуг алхаж яваа зургийг нь залж магтсан байна билээ. Ч.Ундрам ёс суртахууны ямар ч асуудалгүй, ариун болж таарав. Г.Дамдинням Дарханы замыг тавихад их үүрэг гүйцэтгэсэн, түүхэн гавъяа байгуулсан байна. "Бид гурав" гээд ялдам инээмсэглэн авахуулсан зургийг нь хаанаас ч харж болохоор боллоо. Тэрбээр “Боловсролын байгууллагуудын УЗ захирлаа шууд томилдог болно, баялгийн сангийн ашиг шимийг ард иргэд хүртэнэ...” гээд сайхан сайхан л юм ярьжээ. Б.Энх-Амгалан “Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, давж заалдах шатны шүүхэд ч хандсан” гээд шударга ёсны туйл, шүүхийг шүүх гэж үздэг сэтгүүлчийн сайтын эхний нүүрт заларсан байна. Энэ 2 нийлжээ, үнэт зүйлсээрээ. Э.Бат-Амгалан “Алдагдсан боломжийг 3 жилд, ажиллаж байхдаа түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим, нийтийн тээврийн тогтолцоонд том өөрчлөлт гаргах шаардлага байна” гэх мэтээр ярьж амилав. МАН-ын хаанаас гарсан болоод энэ ингэж том дуугарах болов. Мөнгөндөө эрдэж хамаагүй ярьж байж ах нартаа “алгадуулах” вий дээ. З асгийн газрын гишүүдийг хөрөнгө мөнгөөрөө тэргүүлдэг Соёлын сайд Ч.Номин ажлын тайлангаа хэвлүүлэн зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт тарааж, зурагтай нийтлэлээ өндөр үнэ ханштай сайтуудад залав. Одоо түүнийг бид бишрэн шүтэх ёстой болжээ. Засгийн газрын тооноор нь нисч ороод сайдаар заларчихдаг хүүхэн амтшаад улайрчихаж. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг үгийг мөнгөөр бүрхээд алга болгочих байлгүй дээ. Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэг 30 жилийн маргаанд гуравхан сарын дотор цэг тавьж чадсан, шийдэж болдог асуудал байна” гэж МАН-д хэллээ. Сүүлийн үед тоглоомын талбайгаар явж буй тэр "Бүх тоглоомын талбайг стандартад нийцүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон" гэж хэвлэлийн хуудсуудыг хахтал бичүүлсэн тэр Сүхбаатар дүүрэгт дэвших хүсэлтээ өгсөн атлаа ажлаа хийх нэрээр өөрийгөө сурталчлаад явж буй нь хуульд нийцэж байгаа юу. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга “Би биш бид илүү их үнэ цэнийг бүтээнэ” гээд байгаа. Түүний зураг хаа сайгүй тавигдаастай. ХЗДХ-ын дэд сайд Б.Солонго “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын нэхэмжилсэн 48 тэрбумыг татвар төлөгчид төлөх үү, С.Баярцогт Оюутолгой төслийн татварын асуудлаар буулт хийж хууль зөрчсөн үү... гэх мэт ярьж болох бүх сэдвийг хөндөж байна. Д.Өнөрболор, Ц.Цэрэнпунцаг нар хэвлэлүүдийн нүүр царай болсон хэвээрээ, нөгөө “Хөтөл цемент”- д дарга болж очоод “ архинд живсэн ” гэх Л.Наранбаатар хурга үнсээд л, бүгд зүүд нойрондоо хөвж явна. Зөвхөн сүүлийн үед гарч буй мэдээллүүд, эх сурвалжийг ажиглахад зах зухаасаа нэг иймэрхүү. Энэ бүхэн бидний нүдний өмнө өрнөж байхад чимээгүй суух аргагүй юм даа. Учир нь цэг, таслалын зөрүүгүй ижил нийтлэлүүд тавихдаа ард иргэд нүдтэй, оюун ухаантай гэдгийг хэвлэлийнхэн бид ч бас бодмоор байна шүү. Өөрөөр хэлбэл бид мөнгө олж болох ч ил тод зарлаад “ТӨЛБӨРТЭЙ” гээд гэж биччих боломж бий. Мөнгө өгснийг нь өдөр шөнөгүй мэдээлэх, мөнгөгүйг нь огт гаргахгүй хаах боох чинь сэтгүүлзүйн зарчим, ёс зүй биш. Мөнгөтэй хүн намаасаа тойрог авдаг, мөнгө авсан бол үнэнийг нулимдаг сэтгүүлчид, энэ хоёр талын нохдын өгөө аваа савнаасаа хальсан нь аль эрт. Ингэж бичихээр тогоо руугаа нулимлаа, сэтгүүлч, сэтгүүлчээ ингэхгүй гээд босоод ирцгээдэг. Үнэн үгүйгээр бид хэр хол явах вэ. Хийж буй ажлын минь амин сүнс шүү гэж хэвлэлийнхэндээ уриалмаар. Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр нэг иргэн, өвдөг сөгдөн суугаад хэвлэлийн эрх чөлөөг шаардаж буй сүрхий эрийн зургийг тавиад “Амь зогоохын тулд нохдоос хаяж өгсөн хиам “гударсаар” байгаад өөрийнхөө орон зайг устгаж буй “сэтгүүлч” дээ” гэсэн пост оруулсан байв. Хашилтанд оруулсан “сэтгүүлч” гэдэг нэр минь л хайран байсан даа. Тиймээс сэтгүүлчид бид ирээдүйгээ бодож бохир улстөрчдийн халаасанд ормооргүй буйг хэлэх нь зөв биз.

СБД-ИЙН ЗАСАГ ДАРГААР 8 ЖИЛ АЖИЛЛАСАН Х.БОЛОРМАА ДҮҮРЭГТЭЙ ОЛИГТОЙ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ УЧИР НАМЫН ЖАГСААЛТ ГОРИЛЖ БАЙНА

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ жагсаалт руу орно хэмээн бусдыгаа айлгаж эхэлжээ. Уг нь АН-ын зүгээс түүнийг найман жил дүүргийнхээ Засаг даргаар ажилласан учраас сонгогчдын саналыг эргэлзээгүйгээр авна гэж тооцоолсон байна. Гэвч Х.Болормаагийн хувьд олон нийт болон дүүрэгтээ олигтой сайн ажиллаагүй гэдгээ өөрөө мэдэж байгаа учраас учраас айдастаа хөтлөгдөн намын жагсаалтад багтахаар улайрах болжээ. АН-ын эмэгтэйчүүд ч Х.Болормааг анхнаасаа тойрогт хэмээн бат итгэлтэй байсан нь талаар болж “Байнга ахынхаа татаасаар явсаар арай даварч байна” хэмээн бухимдаж, ихэнх нь өмнүүрээ оруулахгүй гэлцэж байна. Үнэхээр ч найман жил дүүрэгтээ засаглахдаа иргэдээ өөрийн болгож чадаагүй хүн УИХ-д тэднийг төлөөлнө гэвэл хэн саналаа өгөх вэ дээ. Улстөрд урагшлахыг хүсвэл уг нь анхнаасаа л төрдөө дэмтэй, иргэндээ ээлтэй ажиллах байсан юм даа.

ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Б.ЭНХ-АМГАЛАН НЭР ДЭВШИХ ГЭНЭ

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан давж заалдах шатны шүүхийг худалдаад авчихаа юу гэлтэй аашилж, өөрийгөө дахин парламентад залах юм гэнэ. Уг нь шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Гэтэл өнөөх УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан чинь “Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргачихсан бас МАН-даа нэр дэвших хүсэлтээ намдаа гаргасан” гээд бүр “том” дуугарч байх юмаа. Түүнийг Зам тээврийн хөгжлийн сайд байх үеийнх нь хэрэгт холбогдуулан хуулийн байгууллага шалгаж, шүүх гэм бурууг нь дэнслэхийн тулд хичнээн удаа хурлаа хойшлуулсан билээ дээ. Хэдэн сараар хүлээгдсэн хурал арайхийн болж, Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцон дээрх ял шийтгэлийг оноосон. Б.Энх-Амгалангийн тийн өөртөө итгэлтэй байгаагаас харвал тэр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өөрийг нь гэмгүй цэвэр ариун хүн гэж батална гэдгийг хүлээж байгаа гэсэн үг. Тийм биш байтлаа яагаад намдаа УИХ-ын сонгуульд нэр дэвшье гэдэг хүсэлт өгөх вэ дээ. Эсвэл МАН-ын удирдлагууд хэлсэн үгсээсээ буцаж, гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хаацайлж, халхавчлахын тулд парламентад залахаар тохирчихсон хэрэг үү. Б.Энх-Амгалан яагаад өөрийгөө гэм буруугүй гэдгийг ихэд баттайгаар мэдэж, дараагийн алхмаа хийгээд байгааг МАН-ын дарга нар мэдэх болов уу.

"МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Орон нутгийн мал эмнэлгийн улсын байцаагч нарт зориулсан "Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаа, чадавхыг сайжруулах" сургалт анх удаа зохион байгуулагдаж байна. 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй тус сургалтад 21 аймаг, 330 сумдын мал эмнэлгийн тасгийн 500 гаруй тархвар зүйч болон мал эмнэлгийн байцаагчид оролцож байна. Сургалтаар мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд тавигдах шаардлага, мал эмнэлгийн олон улсын экспорт, импортын үйл ажиллагаанд тавигдах шаардлага болон цаг үеийн мэдээллээр ханган ажиллаж байна. Сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, НҮБ-ийн ХХААБ, Дэлхийн зөн ОУТББ-тай хамтран зохион байгуулж байна.

ЭВЕРЕСТЭД СУРАГГҮЙ БОЛСОН УУЛЧИН Ц.ӨСӨХЖАРГАЛЫН ЦОГЦОСЫГ ОЛЖЭЭ

Дэлхийн дээвэр Эверестийн оргил руу хүчилтөрөгчийн баггүйгээр авиралт хийхээр эхлүүлсэн уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар энэ сарын 12-наас хойш сураггүй болосон. Аврагчид өнөөдөр өглөө Эверестийн оргилын 8550 метр орчмоос Ц.Өсөхжаргалын цогцсыг олсон талаар "Himalayantimes" мэдээллээ. Тэрээр олсноосоо унаж хэдхэн метрийн гүнд гацсан байдалтай олджээ. Аврагчид түүний цогцсыг аюулгүй байршуулсан бөгөөд хохирогчийн ар гэрийнхэнтэй тохиролцсоны дараа цаашид арга хэмжээ авах болно гэдгээ хэлсэн байна. Аврах ажиллагаанд оролцож буй Шерпа "Уулчин Л.Пүрэвсүрэнгийн хувь заяа одоогоор тодорхойгүй байна. Тавдугаарр сарын 19-нд оргилд гарах дараагийн цонх нээгдэнэ. Тэр үед уулчныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ" гэжээ.

АЖЛАА ТАРААД АЛГА БОЛСОН ЗАЛУУГ 5 ДАХЬ ӨДРӨӨ ХАЙЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн арван наймдугаар хороонд ажлаа тараад харьж явсан залуу алга болжээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр 2024.05.10 16:30 минутын үед ажлын байрнаасаа гэр лүгээ харих гэж гараад сураггүй алга болсон байна. Тэрбээр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр буудал орчимд бүжгийн дугуйлан ажиллуулдаг байжээ. Тухайн өдөр бор өнгийн өмд, ногоон өнгийн цамц, хар хөх өнгийн пүүзтэй явж байсан байна. Түүнийг эхлээд ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдэж хайж эхэлсэн. Эрэл мухардсан тул зураг мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулан эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг дээрх залууг харсан хүн байвал 88366563, 89658878 86201050, 80230211, 95828154 дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү.

ЭМНЭЛГИЙН ЖАГСААЛТАД ОРСОН ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨЛБӨРТЭЙ АВСАН БОЛ МӨНГӨӨ БУЦААЖ АВАХ БОЛОМЖТОЙ

Иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ эм, тариаг өөрийн зардлаар гаднаас авч хийлгэсэн тохиолдолд буцаан олголт авах боломжтой гэж ЭМДЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тусламж үйлчилгээний багцын жагсаалтад орсон үйлчилгээг төлбөртэйгээр үзүүлсэн, ор хоногийн төлбөрөөс хэтрүүлэн нэмэлт төлбөр авсан, хэвтэн эмчлүүлэхээс өмнө төлбөр авсан, эм тариаг ар гэрээс нь авахуулсан, өөр эмнэлгийн нэр зааж оношилгоо шинжилгээнд явуулсан, иргэнээр нэмэлт төлбөр төлөхийг зөвшөөрсөн гарын үсэг зуруулсан тохиолдолд иргэн ЭМДЕГ-т хандах нь зүйтэй аж. Мөн эдгээр тохиолдолуудад 1800-1363 болон 70101159, 70101116 дугаарын утсанд мэдэгдээрэй.

ЭВЕРЕСТЭД СУРАГГҮЙ БОЛСОН УУЛЧДЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНД МОНГОЛ УУЛЧИД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

МУҮХ-ны дэд ерөнхийлөгч, Эверест-2023 багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай очсон байгаа бөгөөд Монгол улсын 2 уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан 8К экспидейшн компанитай холбогдож эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байгаа билээ. 8К экспидейшн компанитай хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болно. Багийн 3 дахь гишүүн үндсэн отогт байгаа ба биеийн байдал сайн байна. Алга болсон 2 уулчин 3-р кемпээс дээш өгсөхдөө 2,2 хүчилтөрөгчтэй өгссөн. 5-р сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м дтд орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгчээ. 5-р сарын 13-ны үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м дтд орчмоос салхинд хөөгдөн буцсан байна. Таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил 2-н дунд киллари хананы орчим л ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байгаа болно. 4-р кемпээс бүх уулчид, шерпа нарыг буулгаж 3 болон 2-р кемпүүдээр байрлуулсан байна. Эрэн хайх багийн 4 шерпа мөн 3-р кемп дээр бууж ирсэн мэдээтэй байна.

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МӨРДӨГЧИД 26 ЖИЛИЙН ӨМНӨХ НОЦТОЙ ЯВДЛУУДЫН МӨРӨӨР ОРСОН УУ?

Яг үнэндээ “С.Зоригийг хөнөөсөн хэрэг өнөөдөр хэдэн тусдаа хэрэг болчихов оо” гэдэг асуулт тавигдаж, хариулт нэхчихээд байна. Эрж сураад явах нээ, “Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш онц хэрцгийгээр хөнөөсөн”, “Уг хэргийг хаах зорилгоор 2017 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн” хоёр хэрэг асуудал болчихоод байгаа аж. Хоёр дахь асуудал буюу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон. Гэхдээ “...Хэн, ямар зорилгоор тэднийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллласан бэ” гэдэг нь одоогоор албан ёсоор эцэслэн тодорхой болоогүй байна. Харин сүүлийн үед энэ хэрэгтэй холбоотойгоор тодорхой хүний нэр яригдаж, факт баримт хөндөгдөх болсон. Энэ нь 1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой бололтой. Тодруулбал, 1998 оны есдүгээр сарын 5-нд үл таних этгээд С.Зоригийн ээж рүү утсаар ярьж “Хүүгээ татаж ав, аминд нь халтай шүү” гэсэн агуулгатай зүйл хэлсэн. Ингэж 3-4 удаа ярьсан. Ийм яриа энд тэнд гардаг байв. Тэгвэл тэр “үл таних этгээд” хэн байсан нь өдгөө тодорч буй бололтой. Түүнчлэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн газраас олдсон үсний тухай бас ярьсаар ирсэн. Хэргийн маш чухал нотлох баримт гэхэд болно. Хууль хяналтынхан уг нотлох баримтыг АНУ-д шинжлүүлэхээр 2023 оны зургадугаар сард тохирчээ. Энэ дагуу тус улсад гурван сарын турш нарийвчилсан шинжилгээ хийжээ. Дүгнэлт нь өнгөрсөн баасан гаригт гарчээ. Энэ мэтчилэнгээр, мөрдөгчид 26 жилийн өмнөх зарим ноцтой үйл явдлуудын мөрөөр орсон байж магадгүй байна. Тэгэхээр мөрдөх байгууллага, прокурорын зүгээс удахгүй эдгээр асуудалд хариулт өгч, энэ талаар мэдээлэл хийх биз ээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ӨНӨӨДРӨӨС 5 ШАР, ХОТЫН ТӨВИЙН ЗАРИМ БАЙРШИЛД 20 ХОНОГ ХАЛУУН УС ТАСАЛНА

Зуны ээлжит их засварын хүрээнд хэрэглээний халуун ус таслах хуваарийг гаргаад буй. Хуваарийн дагуу өнөөдрөөс зарим байршилд 20 хоног халуун ус тасална. "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас энэ зун дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг баталсан. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна. Өнөөдрөөс Барс-2 захаас Хархорин хүртэл 1, 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Москва хороолол, Содон хороолол, Ханын материал, таван шар болон хотын төвийн 40, 50 мянгат орчмын хэсгийн айл өрхийн халуун усыг тасалжээ. Мөн өөр хэд хэдэн байршилд төлөвлөгөөт засвар 20 хоногийн хугацаанд хийх юм байна. Графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлана. Улаанбаатарын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг тавдугаар сарын 15-наас зогсоож, засварын ажлыг эхлүүлэх юм. Ийнхүү өнөөдрөөс буюу тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 5-ныг хүртэл 20 хоног дараах байршлуудад засвар хийнэ. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн хуваарь:

1 ... 59 60 61 62 63 64 65 66 67 ... 323