АНДЫН НӨХӨРЛӨЛИЙГ ХАРУУЛСАН “ТЭНГЭРИЙН ЭЛЧ” ДУУРЬ ТОГЛОНО

 УДБЭТ-ын хамт олон 2024 онд шинэ уран бүтээл хийж урын сангаа баяжуулахаар  төлөвлөсөн. Ийнхүү 2025 оны босгон дээр хоёр дахь уран бүтээлээ өлгийдөн авахад бэлэн боллоо. 

Тус театрын эхний шинэ уран бүтээл нь дэлхийн сонгодог бүтээл Г.Доницетти “Дурлалын ундаа” хошин дуурь байсан бол энэ удаад монголын нууц товчооноос сэдэвлэн бүтээсэн түүхэн дуурь “Тэнгэрийн элч”  цоо шинэ дуурийг энэ сарын 28,29-нд тоглох гэж байна. “Тэнгэрийн элч” дуурийн тухй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр УДБЭТ-т боллоо. Энэхүү дуурь нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор, Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд бүтээгдэж байгаагаараа онцлог юм. 

“Тэнгэрийн элч” дуурийн цомнолыг МУСТА Л.Даваасүрэн, Б.Энхтуяа, хөгжмийг нь  МУАЖ А.Энхтайван бичиж,  ерөнхий продюсероор УДБЭТ-ын захирал МУГЖ Д.Алтанхуяг, ерөнхий найруулагчаар МУСТА С.Баттулга, ерөнхий удирдаачаар МУСТА Ц.Тэлмүүн-очир, ерөнхий хормейстерээр МУУГЗ Н.Дашбямба, балетмейстерээр МУСТА М.Нямтайван, туслах найруулагчаар Б.Мэндбаяр, зураачаар Ж.Болортүвшин, хөтлөх найруулагчаар МУСТА Б.Цэрэндаваа нар ажиллажээ. 

“Тэнгэрийн элч” дуурь нь Монголын нууц товчоо, Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэн бүтээгдсэн, монголын түүх, уламжлалаа хойч үедээ үнэн зөвөөр ойлгуулж, өвлүүлэн уламжлуулах зорилготойгоор бүтээгдэж буй үндэсний дуурь юм гэж ерөнхий продюсер, МУГЖ Д.Алтанхуяг онцолсон.  
“Дуурийн гол агуулга нь Тэмүжин эцэг Есүхэй баатраас үлдээсэн өв болох найман шарга морьдоо алдаад нарийн өвсний налархай даган хайж явсаар хөхүүрийн талд хүрч Аралуд аймгийн Наху баяны хүү Боорчтой анх танилцаж анд барилдсан цагаас хойш их Монгол улсыг нэгтгэн төр улсыг төвшитгөх хүртэл хамт зүтгэж мөнх тэнгэрийн элч хэмээн өргөмжлөгдөж явсан Боорчийн үнэнч сэтгэл, эр хүмүүний нөхөрлөлийг харуулсан түүхэн сэдэвт бүтээл юм” хэмээн ерөнхий найруулагч МУСТА С.Баттулга хэллээ. 
Та бүхнийг энэ сарын 28, 29-ний өдөр “Тэнгэрийн элч” цоо шинэ түүхэн дуурийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.