НЭГҮҮН МЭДЭЭ
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүн Со Сам Сог, Ку Мин Жон, Ким Сан Үг тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2025.04.26/ хүрэлцэн ирлээ. Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол- Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд болон бусад албаны хүмүүс Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд угтан авлаа. Х оёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв

Монголын шилдэг инженер, эрдэмтэн судлаач, шинийг санаачлагч, зохион бүтээгч, зохиолч, уран бүтээлчид, салбарын ажилтан албан хаагчдадаа оюуны өмчийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. 1944 оноос Монгол Улсад оюуны өмчийг бүртгэх, хамгаалах тогтолцооны үндэс суурь бүрдэж, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн болсноор олон улсын 16 гэрээ, конвенцод нэгдэн оржээ. Эдүгээ Монгол Улсын Үндсэн хуулийн “Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалт хэрэгжиж, оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэж, патентлагдаж, хамгаалагдсаар байна. Цахимжилт, хиймэл оюун, инновац, техник технологи, соёл урлаг эрчимтэй хөгжиж буй өнөө үед оюуны өмчийн салбарын харилцааг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, давуу, сул талуудаа тогтмол судлан шинэчилж байх нь тус салбарын нэн тэргүүний зорилт байж, хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох аливаа санал санаачилгыг УИХ-ын зүгээс ямагт дэмжинэ гэдгээ илэрхийлье. Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан 2025.04.26

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд тэргэнцэртэй иргэнд зориулсан тусгай индэр засаад байна. Энэ нь хүний эрх, эрх тэгш байдлыг Монголын парламент үлгэрлэн манлайлж байгаа өндөр ач холбогдолтой явдал болохыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан талархан тэмдэглэв. Тэрбээр, 126 гишүүн бүхий Улсын Их Хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон нь Монгол Улсын хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан улс болохыг тунхаглан зарлаад зогсохгүй хууль тогтоох байгууллагын төлөөллийн чадавх зохих ёсоор нэмэгдсэнийг илтгэн харуулж буйг онцлоод, нийгэмд хүний эрхийг дээдлэх, тэгш боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжихэд парламентын үлгэрлэл чухал үүрэгтэйг дурдсан юм. Тусгай индэр чуулганы танхимд засагдаагүй үед тэрбээр босоо индрийн өмнө гарч үгээ хэлдэг байсан бол одоо албан ёсоор, индрийн араас үгээ хэлэх боломж бүрдэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн ажиллаж буй учир энэ индэр зөвхөн өөрт нь бус тэр бүх хүмүүст зориулагдаж байгаа гэдгийг онцлов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Бүгд Найрамдах Солонгос Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

АЛТАЙ ТАВАН БОГД УУЛЫН СПОРТЫН ХОЛБОО U L G I I S K Y R A C E 2 0 2 5 БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Алтай Таван Богд Уулын Спортын Холбоо U L G I I S K Y R A C E 2 0 2 5 БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ. ЯВГАН АЯЛЛЫН БОЛОН УУЛЫН СПОРТЫН МАСТЕР, БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БУХАТХАНЫ ХАШАТ АГСАНЫ НЭРЭМЖИТ СКАЙРАННИНГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ 2025.05.10-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтын зар

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтын зар Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэн Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж буй 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлж, сонгон шалгаруулалтад оролцохыг зарлаж байна. Нэг. Сонгон шалгаруулалтад: 1.Үндэсний зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр хэлэлцэж, томилно. 2.Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан шаардлагын дагуу дараах этгээдийг нэр дэвшүүлэхгүй. Үүнд: төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч; улс төрийн намын удирдах албан тушаалтан; бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд; бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд. Хоёр. Нэр дэвшигчдээс бүрдүүлэх бичиг баримт: Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягт; Дээд боловсрол, эрдмийн цол, зэргийн диплом, мэргэшсэн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар; Иргэний үнэмлэхний хуулбар; Нэр дэвшүүлж байгаа төрийн бус байгууллагын тодорхойлолт; Төрийн бус байгууллагын нэр дэвшүүлсэн тухай хурлын тэмдэглэл; Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн лавлагаа; Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг. Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 24-нөөс 05 дугаар сарын 08-ны өдрийн 17:30 цаг дуустал Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлнэ үү. Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401 Лавлах утас: 51-260280, 99116090, 99191166 Мэйл хаяг: bayarsaikhanbb1213@gmail.com ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шэннон Коулинтай уулзав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр (2025 .04.24 ) Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Шэннон Коулинг урьж уулзан, эрүүл мэнд, нийгэм, боловсролын чиглэлээр тус банкны явуулж буй үйл ажиллагаа, хэтийн зорилт, төлөвлөлтийн талаар ярилцлаа. Байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад явуулж ирсэн үйл ажиллагаа, тэр дундаа бүсчилсэн хөгжил болон цар тахлын үеийн дэмжлэг, туслалцаанд талархаж байгаагаа илэрхийлээд, Нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Гэр бүлийн тухай болон Гэр бүлийг дэмжих тухай, нийгмийн халамж, хамгаалал, тэтгэврийн бодлогыг шинэчлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хууль, эрх зүйн орчныг боловсронуй болгохоор ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн эмчийн хариуцлага, цусны болон эд эс, эрхтний донорын харилцаа, сургуулийн болон цахим орчны эрх зүйн зохицуулалтыг бий болгоход онцлон анхаарал хандуулж буйг дурдан, нийгмийн эрүүл мэнд, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг сайжруулах, үүний дотор зохистой, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих, эрчүүд, залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн бэрхшээлийг бууруулах зэрэг олон тулгамдсан асуудал шийдлээ хүлээж байгааг өгүүлсэн юм. Азийн хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгмийн хамгаалал, боловсролын салбарт илүүтэй анхаарал хандуулан ажилласныг суурин төлөөлөгч Шэннон Коулин онцолж, ядуурлыг бууруулах, энэ бүлгийн иргэдийн ядуурлыг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх болон ахмад настны халамж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг дэмжихэд анхаарал хандуулахаа илэрхийлэв. Түүнчлэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлгийг байгуулснаа үргэлжлүүлэн бүсүүдэд нэгдсэн эмнэлэг байгуулах замаар эрүүл мэндийн дэд бүтцийг бэхжүүлэх хөтөлбөр боловсруулж байна гэлээ. Манай улстай хамтран ажиллах Азийн хөгжлийн банкны дунд хугацааны төлөвлөгөө 2024 он дуусгавар болсон бөгөөд 2028 онд хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө ирэх сард батлагдах аж. Үйл ажиллагааны төлөвлөлтөд дээр дурдсан асуудлуудын зэрэгцээ хүүхдийн амьдрах орчны зэрэг цогц суурь судалгааны ажлуудыг анхаарч, Нийгмийн бодлогын байнгын хороо болон холбогдох бусад байгууллагатай нягт хамтран ажиллах нь зүйтэйг Байнгын хорооны дарга Л.Энхнасан чухалчлан тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиудад ажиллав

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, ажлын албаны хамт өнөөдөр /2025.04.23/ зарим их сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр эхлээд Хөдөө аж ахуйн их сургуульд очиход тус сургуулийн захирал Д.Гүрбазар, Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал Э.Төмөртогтох болон холбогдох албаны төлөөлөл хүлээн авч уулзан, сургуулийн бүтэц бүрэлдэхүүн, сургалтын талаар баримтлах бодлогоо танилцууллаа. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогын 16 чиглэлийн 620 зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцав. Мал аж ахуйн үйлдвэрлэл, гарааны бизнес эрхлэлтийг дэмжих, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, зах зээлд гаргах, хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой гарааны бизнес эрхлэгчдийн хөтөлбөрт таван компани шалгарч үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар дурдаж байлаа. Түүнчлэн эрдэм шинжилгээ, инновацын бодлого, хөгжүүлэлт, технологийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн технологи дамжуулах төвийн талаар мөн инновацын хууль, мэдээллийн технологийн хуулийн хэрэгжилтийн талаар санал хүсэлт, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, харилцан санал солилцов. Дараа нь Байнгын хорооны дарга Ж.Золжаргал Шинжлэх ухаан, технологийн их сургуульд очлоо. Энэ үеэр тус их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Р.Бадмаанямбуу болон холбогдох албан тушаалтнууд хүлээн авч уулзан, эрдэм шинжилгээ, инновацын бодлого, хөгжүүлэлт, технологийн бүтээгдэхүүн, дижитал шилжилт, инновацын хууль, мэдээллийн технологийн хууль, шинжлэх ухаан, технологийн хуулийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцов. Уулзалтын үеэр тус сургуулийн холбогдох албан тушаалтнууд Инновацын тухай хуулийн эрх зүйн орчныг сайжруулах, инновацын хүний нөөцийг чадавхижуулах, санхүүжилтийн хүртээмжгүй байдал, инновацын орчин зэрэг тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтээ илэрхийллээ. Уулзалтын дараа Байнгын хорооны дарга тус их сургуулийн цахим номын сан болон MUST HUB хамтын оффис (Co-working space)-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09.00 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Бүртгэл: Нэр дэвшигчийн сонсголд оролцох бүртгэл 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, ажиглагч бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж ирүүлнэ үү. Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдыг хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна. Нэр дэвшигчдийн мэдээлэл: Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд Монгол Улсын Их Хурлын даргын нэр дэвшүүлсэн С.Магнайсүрэнгийн мэдээлэлтэй холбоосоор танилцана уу. С.Магнайсүрэн Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон-305,. /Лавлах утас: 262528, 262946/ Цахим шуудангийн хаяг: mungun-argamj@parliament.mn Жич : “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн Төрийн ордонд нэвтрүүлнэ. Төсвийн байнгын хорооны Ажлын алба

ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.23/ хуралдаан 10 цаг 25 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс гаргасан горимын санал дэмжигдэж, төслийн хэлэлцэх эсэхийн санал хураалтыг хойшлуусан. Иймд энэ өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Их Хурал 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг эцэслэн баталсан. Гаалийн албан татвараас чөлөөлөх, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурил, улаанбуудайн жагсаалтыг Засгийн газрын 180 дугаар тогтоолоор мөн баталсан. Энэ хүрээнд улаанбуудайн дээд болон I зэргийн гурил, есөн нэр төрлийн мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлсөнтэй холбоотойгоор хилийн боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ эрс нэмэгдэж, жилийн эцсийн байдлаар 64.2 мянган тонн улаан буудайн гурил буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 35.9 мянган тонн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 14.1 мянган тонн, Увс аймгийн Боршоо боомтоор 10.3 мянган тонн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Завхан аймгийн Арц, суварга боомтоор 3.9 мянган тонн улаанбуудайн гурилыг ОХУ-аас импортолсон байна. Мөн 2025 он гарсаар эхний 4 дүгээр сарын байдлаар нийт 17.1 мянган тонн улаанбуудайн дээд болон I гурил импортлоод байгааг онцлон тэмдэглэв. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад шаардлагатай мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 65.2 мянган тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их тэжээл импортолсон байна. Энэхүү нөхцөл байдал нь стратегийн хүнс болох улаанбуудайн болон гурилын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын үйл ажиллагааг тогтворгүй болгож, тэдгээрт хийсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж үнэгүйдэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон сөрөг нөлөөг дагуулж болзошгүй байна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан хууль нэгэнт зорилгодоо хүрсэн гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Ганбаатар, Б.Баярбаатар, Д.Батлут, Р.Батболд, Д.Батбаяр, Г.Ганбаатар, П.Ганзориг нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ц аашдаа төрийн дэмжлэггүй л бол үйлдвэрлэл нь доголддог байдал руу дотоодын гурилын аж ахуйн нэгжүүд шилжих вий гэсэн болгоомжлол буйг анхааруулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар иргэдэд сонголт үлдээхгүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үүднээс дотоодын үйлдвэрийн үнэтэй гурил хэрэглэх тулгалтыг өгч буй шалтгааныг лавлахын зэрэгцээ хуулийг хүчингүй болгосноор лабораторийн тулгамдсан асуудал, холбогдох хууль эрх зүйн орчны бодлогын зохицуулалтаа хийгээд цэгцэрсэн гэж үзэж буйг тодруулж байлаа. Мөн гишүүд 2024 онд дээрх хууль хэрэгжсэнээс хойших бодит байдлын өөрчлөлт болон уг хуулийн төслийг баталснаар гурилын үнэ нэмэгдэхгүй байх баталгаа бий эсэхийг илүүтэй сонирхож байлаа. Салбарын сайд Ж.Энхбаяр хариултдаа, өмнө алтан тариан I гурил нэг килограмм нь 1630 байсан бол өнөөдөр 1500 төгрөг, улаанбаатар I гурил 2100 төгрөг байсан бол 2050, өег гурил 1740 байсан бол 1640 төгрөг гээд гол аж ахуйн нэгжүүдийн гурилын дундаж үнэ 2024 оны 5 дугаар сард 1802 байснаа 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 1838 төгрөг буюу I гурил 9.1 хувиар буурсан үр дүнтэй байнсыг дурдав. Мөн тэрбээр өнгөрсөн жилийн намрын ургац болон импортын гурил нэмэгдсэнтэй холбоотойгоор гурилын үнэ бууж болох нийлүүлэлтийн түвшинд хүрч, тогтвортой байдал хангагдсан тул энэ жилийн намрын ургац хураалт хүртэл улаанбуудай болон гурилын нийлүүлэлтэд доголдол үүсэхгүй. Гэхдээ дээрх үзүүлэлт үйлдвэрийн үнэ бөгөөд бүсээс хамаарч гурилын тээвэрлэлттэй холбоотойгоор үнэ өөр байгаа төдийгүй, хүсний сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдах үнэ 30-40 хувийн нэмэгдэлтэй байгаа гэж хариулав. Түүнчлэн тэрбээр “Ковид-19” цар тахлаас үүдсэн нөхцөл байдал, сургамжтай холбоотойгоор “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хэрэглэж буй хүнсний 365 нэр төрлийн бүтээгдэхүүнээс Монгол Улс 19 бараа, бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэхээр шийдвэрлэсэн. Атрын III аян, Хүнсний хувьсгал зэрэг үндэсний хөтөлбөрийн үр дүнд улаанбуудайн үйлдвэрлэлийг дотооддоо 100 хувь хийж, эх орны гурилаар иргэдээ хангадаг болсон. Улаанбуудай 5-10 жилийн дараа ч тээрэмдэхэд гурил болдог тул стратегийн бүтээгдэхүүнд тооцдог. Иймд дэлхийн улс орнууд аюулгүй байдлаа бодож улаанбуудайгаа нөөцөлдөг. Гэхдээ хуулийн төсөл батлагдсанаар улаанбуудайг хямдхан болгоно гэж хэлж чадахгүйг тэмдэглээд энэ асуудал хүнсний хангамж, үндэсний аюулгүй байдал, нийгэм, улс төрийн томоохон ач холбогдолтой бөгөөд зөвхөн эдийн засгийн ашгийн талаас харах нь өрөөсгөл гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Төр хүнс, хөдөө аж ахуйгаа дэмжиж буй гол шалтгаан гэвэл энэ нь хүн амын амьжиргааны гол салбар юм. Мөн Монгол Улсын байгаль, цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын хөрсний бүтэц, агууламж өөр. Тиймээс дэлхийн хөдөө аж ахуй өндөр хөгжсөн улс оронтой харьцуулахад манай бүтээгдэхүүний нэгжээс авдаг хэмжээ бага. Иймд өрсөлдөх боломж хязгаарлагдмал тул төрийн бодлогоор дэмждэг юм хэмээн байр сууриа илэрхийлсэн. Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Хуралдаан Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Байнгын хороо 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлантай танилцсантай холбогдуулан тус зөвлөлийн хараат бус, бие даасан, байнгын ажиллагааг хангахад чиглэсэн эрх зүйн орчин болон бүтцийг боловсронгуй болгох асуудлыг судлан, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болсныг Байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдав. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд у г ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Ж.Батжаргал, Ж.Баясгалан, Д.Батбаяр, Д.Батлут, П.Ганзориг, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжлээ. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Байнгын хорооны тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулах, нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг сонгох, нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авахаар тусгасан байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар санал хэлсний дараа Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

1 ... 44 45 46 47 48 49 50 51 52 ... 370