НЭГҮҮН МЭДЭЭ
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хуучин гүүрийг буулгах ажил болон шинэ гүүрний шон, суурь цутгах, арматур бэлтгэх ажлууд хийгдэж байна. Хуучин гүүрийг буулгаж дуусаад, газрын түвшнээс доош 17 метр гүнд шинээр шон суурийг байрлуулна. Шинэ гүүрний үйлдвэрт цутгасан дам нурууг тээвэрлэх ажлыг энэ долоо хоногт эхлүүлнэ. Ингэснээр Зайсангийн хуучин гүүрийг буулгаж шинэчилж, энэ оны зургаадугаар сарын эхээр хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна” гэв. Ташрамд, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар Баруун гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байсан билээ.

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэл хот 2025-2028 он хүртэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнийг нэг болох Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч шалгарч, ирэх долоо хоногт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал, тус хурдны замыг Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК барих бөгөөд 2028 оны 8 дугаар сард ашиглалтад оруулна. Тус хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой. Туулын хурдны зам болон тус замын үерийн байгууламжийн нөлөөлөлд Баянзүрх дүүрэг дүүргийн нутаг дэвсгэрт 6, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 3, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 91 нийт 115 нэгж талбар өртөж буй. Өнөөдрийн байдлаар 15 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож газар чөлөөлөөд байна. Үлдсэн 100 нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилнэ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД 280 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

Тус барилга нь зоорьтой 2 давхар, 36м х 36м хэмжээтэй 3 блок бүхий нийт 2,592м2 барилга бөгөөд 100 ортой цэцэрлэгийн 4 бүлгийн өрөө, 180 суудалтай сургуулийн 6 анги танхим, спорт заал, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, дуу хөгжмийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, 3х3 хэмжээтэй сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, үерийн хамгаалалтын түшиц хана, явган хүний зам, автозам болон зогсоол зэрэг бүтээн байгуулалтууд хийгдсэнээрээ онцлог юм. Тус ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Тотал идеал" ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

ДҮҮРГИЙН ЗАМ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГУУДАД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөлжилтийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд дүүргийн менежер Ц.Эрдэнэбаатраар ахлуулсан ажлын хэсэг нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 19 байгууллагын машин, техникийн бүрэн бүтэн байдал, халтиргаа гулгааг арилгах давс, бодисны нөөцлөлт, хадгалалтын стандарт, ажилчдын өвлийн хувцас, хэрэгслийг бэлтгэсэн байдал зэрэгт үзлэг, шалгалт хийж ажиллалаа. Шалгалтаар дүүргийн хэмжээнд нийт 969 тонн давс, 327 тонн бодисны нөөцтэй байна. Мөн үзлэг шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

ГЭНЭН ААВЫН ХҮҮГИЙН ДҮРЭЭР ХАЛХАВЧИЛЖ, ГЭМТ ҮЙЛДЭЛ ХИЙДЭГ Э.БАТШУГАРЫН БАРИМТААС

Сургуулиа төгсөөд АНУ-ын Хөрөнгө оруулалтын банканд гурван жил ажиллаж, 2011 онд Монголд ирмэгцээ Монголбанкны Дэд ерөнхийлөгч, 2016 онд Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөж, тэр даруйдаа аав Н.Энхбаяраасаа 17 компани өвлөж авсан. Тэрбээр “Милленниум групп” ХХК, “Миллнниум капитал интернейшнл” ХХК, “Милленниум энтертэйнмент” ХХК, “Момиэд” ХХК, “Милленниум финанс” ХХК, “Сод маргад” ХХК, “ЗГМС” ХХК, “Засгийн мэдээ” ХХК, “Эс Си Эн Майнинг” ХХК, “Рескон” ХХК, “Медиахолдинг” ХХК, “Ремиф технложис” ХХК, “Монсамил” ХХК, “Монфарм трейд” ХХК, “И эл Лимитэд” ХХК-д хувьцаа эзэмшдэг. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа “Засгийн газрын мэдээ” сониныг хувьчилж аваад “Зууны мэдээ” сонин болгон өөрчилж, “Эскон” ХХК-д харьяалуулсан. “Media холдинг” компанийн 500 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн хувиа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлснээр Н.Энхтуяа нь “Эскон” компаниа “Media холдинг”-д нэгтгэж ТV9 телевиз, Зууны мэдээ сонинд тус тус хөрөнгө оруулалт хийсэн. "Media холдинг" ХХК нь ТВ9 телевиз, Зууны мэдээ сонин), 103.6 FM радиог эзэмшдэг. Өдгөө “Эскон” ХХК нь “Милленниум” группт харъяаллагддаг аж. Э.Батшугарыг хэвлэлийн, хөрөнгө оруулалтын бизнестэй мэт харагддаг боловч уул уурхайн бизнес ч түүнд бий. Тодруулбал, Н.Энхбаяраас Э.Батшугарт шилжсэн “Сод маргад” ХХК нь Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутагт XV-014066 дугаартай, 11575.72 га талбайтай Дуут хэмээх хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оноос хойш эзэмшиж ирсэн, XV-014066 дугаартай энэхүү тусгай зөвшөөрөлтэй талбай нь Дуут сумынхны тахилгат уул болох Бүргэдтэй хайрханы бэлд олгогдсон. Тиймээс Н.Энхбаяр улс төрийн карьераа бодолцож, хайгуул хийхгүй хав дарж хадгалж үлдээсэн гэх.Харин 2019 оны намар Э.Батшугар хайгуул эхлүүлэхээр шийдэж, “Сод маргад” ХХК-ийн ажилчид нь Ховдын Дуут сумын Бүргэдтэй хайрхан бэлд очиж, кемпээ байгуулж, олон тооны өрөм зоож, хайгуулын ажлаа эхлүүлсэн аж. Нутгийн иргэд эсэргүүцэж, эсэргүүцэл өндрөө авч, Ховд аймгийн ИТХ-аас Ажлын хэсэг байгуулагдснаар “Сод маргад” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон. Бүргэдтэй хайрхан уул нь Буянт голын эх ундаргыг бүрдүүлдэг, зэрлэг амьтдын өлгий нутаг билээ. Цаашлаад УИХ-ын гишүүн Э.Батшугарын гаднын хөрөнгө оруулагчидтай сүлбэлдсэн баримтыг танилцуулъя. Э.Батшугарын эзэмшдэг “Эс Си Эн майнинг”, “Сод маргад” “Милленниум финанс ББСБ”, “Монсамил”, “И Эл лимитэд ассэт”, “Монфарм трейд” компанийн гүйцэтгэх захирлаар Дариагийн Цэнгэл гэгч бүртгэлтэй. Мөн тэрбээр Э.Батшугарын “Милленниум групп”-ийг удирдаж байв. Д.Цэнгэл нь Э.Батшугарын 2024 оны сонгуулийн зардалд 10 сая төгрөг хандивласан. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”, “Дун өргөө” ХХК, Гадаад харилцааны яамны дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байсан гэх намтартай юм байна. Улмаар Н.Энхбаярыг “Эскон” компаниараа дамжуулан “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хувьчлахад нь тус компанийн захирлаар байсан аж. Тэгэхээр Н.Энхбаяр, Э.Батшугар нарын бизнесийн халаас нэгтэй хамтрагч, хамгийн ойрын хүмүүсийнх нь нэг Д.Цэнгэл болж байна. Тэгвэл Д.Цэнгэл нь Э.Батшугарын эзэмшлийн компаниудад гүйцэтгэх захирлаар бүртгэлтэйгээс гадна “Лотто энтертайнмент” компанид 40 хувийн хувьцаа эзэмшдэг. Тус компанийн үлдсэн 60 хувийг “Eurobet” гэх Болгар Улсын хөрөнгө оруулалттай гаднын хуулийн этгээд эзэмшдэг. “Eubrobet” компанийг үүсгэсэн байгуулагчид нь зохион байгуулалттай хууль бус мөрийтэй тоглоом ажиллуулдаг гэх. Э.Батшугар аавынхаа компанийг өвлөөд зогсохгүй улс төрийн замналыг нь үргэлжлүүлж, хууль тогтоох дээд байгууллагад хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлсээр.

Б.АМАРСАЙХАН МЭДҮҮЛСЭН ХУГАЦААНДАА ИРЭЛГҮЙ ӨӨР УЛС РУУ ОРГОН ЗАЙЛЖЭЭ

Өнгөрөгч сарын 18-19-ныг шилжих шөнө 03:45 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Канте" шөнийн цэнгээний газар иргэн Д.С-ийг онц ноцтойгоор зодож гэмтээсэн хэрэг гарсан.Тус хэрэгт холбогдсон Б.Амарсайхан нь БНСУ руу ажил хэргийн шугамаар яваад 27-нд буцаж ирэх байсан ч цааш дахин өөр улс руу явсан гэх мэдээлэл авагдаад буй. Хилээр буцаж орж ирэх хугацаандаа ирж мэдүүлэг өгөөгүй, мөн яллагдагчаар татагдсан тул Б.Амарсайханыг Интерполын улаан булангаар эрэн сурвалжлах хүсэлтийг илгээжээ. Интерполын улаан булан нь яллагдагч этгээдийг хорих, шүүхэд шилжүүлэхээр эрэн сурвалжилдаг аж. Пасспорт нь хүчингүй болсны дээр улаан булангаар эрэн сурвалжлуулсан тохиолдолд аль ч улсын хилээр түүнийг нэвтэрсэн албадан буцаана. Хохирогч Д.С нь гадагшаа эмчилгээнд явсан бөгөөд түүний ар гэртэй Санжаачойпэлийн аав очиж уулзсан гэх бөгөөд яллагдагчаар татагдсан Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарын ар гэр холбогдож уучлалт гуйгаагүй гэх мэдээлэл ч авагдаад байна.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЙД ИРГЭДИЙН ХАЛААСЫГ ТЭМТЭРЧ НУТГИЙНХАА ЦЭНГЭЛДЭХИЙГ ТОХИЖУУЛСАН УУ?

Увс аймаг 100 жилдээ зориулж Цэнгэлдэх хүрээлэнгээ 1,8 тэрбум төгрөгөөр тохижуулахаар 14 тендер зарлаад байсан ч ЗГ-аас улсын төсөвт тодотгол хийхээр болж өнөөх зарлагдсан тендерүүд нь цуцлагдсан Гэсэн атал Засаг ноёнтон С.Батжаргал тануулсан 1,8 тэрбум төгрөгөө сар хүрэхгүй энэ богинохон хугацаанд яаж олов.Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нутгийнхаа ойд зориулж төсвөөс 2 тэрбум төгрөгийг зарцуулсан байж болзошгүй байгаа юм. Нутгийнхаа бахархлыг дэмжсэн мэт боловч жирийн иргэдийн халаасыг тэмтэрсэн увайгүй үйлдэл байлаа САЙД АА!!! Угтаа "ДЦС-3"-ийг өвлөөс ажиллагаанд оруулж,Нийслэлчүүдийг хөлдөхөөс авар гэж Чойжоо сайдын багцыг нэмж өгсөн болохоос Нутгийнхаа цэнгэлдэхийг тохижуул гэж өгөөгүй байлтай.

14 БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 14 байршилд явган хүний зам шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байгаа юм. Ингэхдээ стандартад нийцүүлж байгаа бөгөөд өргөн байснаа нарийсах, тасрах, нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн зогсоол болгох, явган зам руу оруулж барилга барьсан зэрэг зөрчлийг арилгуулж байна. Шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй буюу алхахад саад болохгүй. Мөн явган замын хавтанг том хэмжээтэйгээр буюу 30см x 60см болон 30см х 30см хэмжээтэй хийж байна. Ингэснээр дугуй болон скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод саадгүй байх юм. Харин явган замын хуучин хавтангуудыг дүүргүүдэд хүлээлгэн өгч байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ХОРООДОД ХЭРЭГЖИЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЯВЦАД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн өнөөдөр 10 дугаар хороонд ажиллаж, хэрэгжиж буй ажлуудын явцтай танилцлаа. Тус хороонд гэрэлтүүлгийн 425 шонг будах ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол Морингийн 0, 2, 3, 8–12 дугаар гудамжинд зохист найрлагатай сайжруулсан зам тэгшлэх ажил хийгдэж байна. Мөн гудамж талбайд хог хаягдал, шарилж ихтэй байгаатай холбогдуулан иргэдийн бүлэг ажиллуулах, цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

АВТО ЗАМЫН ХАЖУУГИЙН МОДДЫГ СҮЙТГЭСЭН “ХАНГИЛЦАГ” ХХК-Д ХАРИУЦЛАГА НОГДУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтарсан "Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл"-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Удирдлагын акедемийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль /ДХ116-А10-ДХ116-А16 хүртэл/ шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж байна. Гэвч ажил гүйцэтгэх үеэрээ “Жапан таун”-ы автобусны буудлаас баруун тийш 120 метр орчим урт зайд авто замын хажуугийн шар хуайс моддыг сүйтгэжээ. Тиймээс шугамын ажил гүйцэтгэхдээ ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулна. Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 18 дугаар тогтоол "Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ашиглалт хамгааллын ажлын хүрээнд баримтлах журам"-д зааснаар хотын ногоон байгууламжид учруулсан хохирлыг арилгуулж, арга хэмжээ авахаар ажиллаж байна.

1 ... 23 24 25 26 27 28 29 30 31 ... 370