НЭГҮҮН МЭДЭЭ
БЭРЭН ГРУППЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.МӨНХТӨР ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВЧ МӨНГӨӨ ХУВЬ ХҮН БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА РУУ ШИЛЖҮҮЛЖ БАЙЖЭЭ

Өчигдөр Хөгжлийн банкийг шалгах УИХ дахь ажлын хэсгээс зээлээ зориулалтын бусаар ашигласан 20 аж ахуйн нэгж байгааг мэдээлсэн. Эдгээрийн нэг нь улстөрчидтэй халаас нэгтэй “Бэрэн групп”. Тус компани Хөгжлийн банкнаас 2017 оны 10 дугаар сарын 30-нд 33.2 тэрбум төгрөгийн зээл авч зээлээ зориулалтын бусаар ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт холбогджээ. Тодруулбал тус группын ерөнхийлөгч Б.Мөнхтөр Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ барилга байгууламж барьж өнөөг хүртэл нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүйн улмаас чанаргүй, зориулалтын бусаар ашигласан 20 аж ахуйн нэгжид багтжээ. АТГ-ын мөрдөгдчид Хөгжлийн банкнаас зээл авсан өдрөөс нь эхэлж түүний данс тооцоо бусад холбогдох санхүүгийн баримтад мөрдлөгө хийж, маш их хэмжээний мөнгийг хувь хүн болон төрийн байгууллага руу шилжүүлж байсныг нь тогтоожээ.Тиймээс л Б.Мөнхтөрд АТГ-аас Эрүүгийн хэрэг нээж, яллагдагчаар татаж, хилийн хориг тавьжээ.

ЭЛЧИН САЙД Б.ДОРЖ УКРАИН ДАХЬ ОЮУТНУУДАА ОЙШООХГҮЙ БАЙНА

Украин Оросын байдал өчигдөр хурцадмал байдалд шилжсэн. Украинд байгаа монгол оюутнууд метроны хонгилд нуугдаж хүнд байдалд байгаа. Нөхцөл байдал хүндрэхээс өмнө оюутнуудаа татах асуудал яригдаагүйд бухимдах иргэд олон байна. Хэрхэн хэзээ яаж татах асуудлыг гэнэт ухаан орсон мэт Засгийн газрын хуралдаанаар ярьж байх жишээтэй. Харин тэнд суух элчин одоог хүртэл таг чиг нам гүм байна. Монгол Улсаас Украин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж суудаг . Тэрээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш, Украин, Латви, Литва гэх дөрвөн ч улсын элчин сайдаар хавсран суудаг. Түүний зөвлөхөөр А.Гэрэлмаа, консулаар А.Түвшин гэх хүмүүс ажилладаг. Гэвч тэд үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.

ОРОС, УКРАИНЫ ДУУЛИАНААР М.ОЮУНЧИМЭГ ГИШҮҮН СЕНСААЦИЛАВ

ОХУ, Украины мөргөлдөөний сургаар манайхан энд бужигнаж хонов. "Хамаг юмны үнэ өсөх нь бензин шатахууны үнэ тэнгэрт хадах нь. Банкаа дүүргэж авъя" гэцгээж, шөнөжин бензинд оочерлож хонолоо. Эрхэм УИХ-ын гишүүн нь хүртэл твиттер хуудастаа "Байдал хэцүүдэх нь дээ. Ачаа тээвэрлэлт, бензин шатахууны үнэ ханшид нөлөөлөх магадлал маш өндөр" хэмээсэн байх юм.Эрхэм гишүүний хэлсэн үг шатахуун түгээх станцуудад оочерлоход нөлөөлсөн ч байж мэднэ.

БНХАУ РУУ ЭКСПОРТОД ГАРДАГ ЗАРИМ АЧАА БАРААНЫ ТАЛААР УБТЗ-ЫН ХНН-ИЙН ТЭЭВЭР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА Ц.ЛУВСАН МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан БНХАУ-д нийлүүлэх уул уурхайн экспортын бүтээгдэхүүнийг хэрхэн тээвэрлэж буй талаарх мэдээл өгсөн юм. Тэрээр хэлэхдээ Цар тахлын улмаас арван нэгдүгээр сарын 28-наас хориг тавигдсан үүнээс үүсэж "Монгол Улсаас БНХАУ руу экспортод гардаг байсан тодорхой нэр төрлийн ачаанд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр дээр 95 орчим мянган тонн зэсийн баяжмал хуримтлагдаад байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхээр холбогдох төрийн байгууллагууд Хятадын талтай хамтран ажилласан. Улмаар Хятадын талд хоёрдугаар сарын 11-нээс хойш 1,200 орчим вагоноор 85 орчим мянган тонн зэсийн баяжмалыг хүлээлгэн өгч, хуучин хуримтлагдсан байсан баяжмалуудыг ерөнхийдөө тээвэрлэж дуусаад байна. Нүүрс тээврийн тухайд тээвэрлэлт хүндрэлтэй хэвээр байгаа. Хятадын тал зөвхөн open top буюу дээвэр нь задгай чингэлэгт ачсан нүүрсийг л хүлээн авч байгаа. Харин хориг тавихаас өмнө задгай 1,200 вагонд нүүрс ачсан байсан бөгөөд . Үүний 350 вагоныг нь хүлээлгэж өгөөд байгаа. Нүүрстэй 850 вагон арван нэгдүгээр сарын 28-наас хойш зогсож байгаа" гэв .

ОХУ УКРАИН УЛСАД ЯВУУЛСАН ЦЭРГИЙН АЖИЛЛАГААНЫ ЭХНИЙ ӨДӨР ЯМАР ЯМАР ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨВ

Өнгөрсөн нэг өдрийг эргэж харвал: ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хоёрдугаар сарын 24-нд мэдэгдэл хийж Украины зүүн хэсэгт цэргийн ажиллагаа явуулахаар болсноо мэдэгдсэн бөгөөд Цэргийн ажиллагаа хийх шалтгаанаа Украины зүүн хэсэг дэх салан тусгаарлагчид болох Бүгд найрамдах Донецк ард улс, Бүгд найрамдах Луганск ард улсыг хамгаалах тухайгаа Путин мэдэгдсэн байдаг. Улмаар Оросын цэргүүд Умардад Беларусиас, Өмнөдөд Кремээс, Дорно зүгт Донбассаас довтолгоогоо эхлүүлсэн ба эхний өдрийн байдлаар 137 гаруй хүн амь насаа алдаж 316 хүн шархадсан. Украин Оросоос дипломат харилцаагаа тасалсан бол АНУ, Их Британи тэргүүтэй орнууд болон NATO Орост хориг арга хэмжээ авч Украинд туслахаа мэдэгдэж байгаагаа юм. Мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский дайнд ялна хэмээж иргэдийг цэрэгт татаж дайчлаад байгаа бол НҮБ-ын мэдээллээр 100 мянга орчим хүн Украинаас дүрвээд байгаа бол Оросын цэргүүд үргэлжлүүлэн Киев рүү давшиж байгааг АНУ мэдээлсэн юм.

Г.ЁНДОН САЙДЫН АМИНЧ ҮЗЭЛ , АШИГ ХОНЖОО ХАРСАН МЭДЭГДЭЛ ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛАВ

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Орос, Украины асуудлаас үүдэн шатахууны үнэ өсөж ч, буурч ч болно. Хэрэв ОХУ-ын экспортод хориг тавивал бидэнд эерэгээр нөлөөлж магадгүй. ОХУ-аас шатахуун авахдаа бид Сингапурын биржийн үнээр тооцож авдаг” гэв. Г.Ёндон сайд дээрх үгээрээ жалга довны үзлээ харуулж, хөрш улсынхаа эдийн засгийн уналт, эмзэг цэгтээ хатгуулахыг хүлээж буйгаа битүүхэн үгээр илэрхийлэв. ОХУ-Украин хоорондын зэвсэгт мөргөлдөөний цаад шалтгаан нөхцөлийг мэдэрч бодолгүй аминч байдал, ашиг хонжоо харж байгаа нь тусгаар улсын уул уурхай гэх цогц салбарыг залж яваа хүний амнаас унаж болох хамгийн ичгүүртэй үг. Угтаа бол ОХУ НАТО-г улсынхаа хилээс холдуулах зорилготой зэвсгийн мөргөлдөөн гаргаж байгаа. Энэ ажлыг хийхийн тулд эдийн засгаа золигт гаргаж, эцсийн байдлаараа ч тэмцэж байж мэднэ. Гэвч манай улс ОХУ-аас зөвхөн уул уурхайн салбарт буюу бензин, нефтийн бүтээгдэхүүнээр хараат байдгийг сануулья…

ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГУУД ДОТООДДОО ИХ ХЭМЖЭЭНИЙ ҮР АШИГГҮЙ ЗАРДАЛ ГАРГАЖ, МӨНГӨН ДЭЭР ТУЙЛЖ БАЙЖЭЭ !!!

Улс төрчдийн хамааралтай компаниудад их хэмжээний зээл олгосон, зээлийг барьцаа хөрөнгөөр баталгаажуулаагүй, олгосон зээлийг зориулалтын бусаар ашиглаж байгааг тухайн үед нь тогтоож хяналт тавьж ажиллаагүй, зээлийг олгохдоо компанийг бүрэн судлаагүй буюу шаардлага хангахгүй, ТЭЗҮ, зураг төсөл нь батлагдаагүй төсөлд зээл олгосон зэргээр Хөгжлийн банкны асуудал үргэлжилсээр байна. Энэ дунд банкны удирдлагууд дотооддоо их хэмжээний үр ашиггүй зардал гаргаж, мөнгөн дээр туйлж байсныг аудитын дүгнэлтүүд нотолж байна. Тухайлбал: - ТУЗ ажиллагсдадаа 1 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан /Б.Шинэбаатарын даргалж байсан үе 2012-2015 он/; - Хүний нөөцийг хоёр дахин нэмэгдүүлж 62 орон тоог 112 албан хаагч болгосон /2013-2014 он/; - Банкны үйл ажиллагаа хумигдаж, татан төвлөрүүлэх хөрөнгө болон зээл олголт буурсаар байхад банкны зохион байгуулалтын бүтцийг 4 газар, 3 алба, 13 хэлтэс бүхий 157 орон тоотой байхаар баталсан/2017 он/ ; - Ажилтнуудад улирал тутам үндсэн цалингийн дунджаар цалингийн 80-100 хувьтай тэнцэх урамшуулал олгож байсан, тухайлбал гүйцэтгэх захирлын сарын цалин 10 сая төгрөг, улирал тутам 10 сая төгрөг урамшуулал/2014 он/; - 2016 онд татан буулгасан гүйцэтгэх захирлын ажлын албыг байгуулсан; - Гадаад томилолтод хэмнэлтгүй зардал гаргасан /Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын БНХАУ-д хийсэн албан томилолтын/2013 он/ зочид буудлын төлбөрт 7 сая төгрөг, ОХУ-д хийсэн айлчлалын/2014 он / 3 хоногийн зочид буудлын төлбөрт 12.2 сая, нислэгийн болон бусад төлбөрт 8.2 сая төгрөг зарцуулжээ /; - Банкны худалдан авалтын 70-90 орчим хувьд шууд гэрээ байгуулж гүйцэтгэгчийг сонгосон; - Банкны холбогдох журмыг зөрчиж тендер шалгаруулалт зохион байгуулалгүйгээр 3240м.кв үл хөдлөх хөрөнгө, 10 ширхэг авто зогсоолыг 27.6 тэрбумаар буюу зах зээлийн үнэлгээнээс илт давуу үнээр худалдан авсан; - Дотоод хяналтын үйл ажиллагаа 2 жил орчим хугацаанд ажиллаагүй зэрэг олон асуудлыг дурдаж болохоор байна. Эх сурвалж: Үндэсний аудитын газрын тайлан 2014, 2019 он

Н.НОМТОЙБАЯР: ШУЛУУХАН ХЭЛЬЕ. Х.БАТТУЛГА АА, НАД ШИГ БАЙ !

Намаасаа хөөгдөж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгагдаж, шүүхээс хорих ял сонсож, ялаа нэр төртэйгөөр бүрэн эдэлж дуусгасан Н.Номтойбаяр Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдоод буй Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хандан жиргэжээ. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа, "Хөгжлийн банкийг тонгорсон Х.Баттулга Сингапур улс руу зугтсан гэх. Намайг МАН-ын бүлэглэл хөөхөд инээж байгаад тогтоолоо гардаж авсан. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэхэд нь инээж байгаад өргөдлөө өгсөн, хилс хэрэгт гүтгэхэд нь инээж байгаад шоронг давсан. Шулуухан хэлэхэд над шиг л бай л даа" хэмээжээ.

Х.БАТТУЛГЫН НЭР ХОЛБОГДООД БУЙ СҮҮЛИЙН ДУУЛИАН ХЭРХЭХ БОЛ ...

Гашуун сухайтын төмөр замыг олон жил гацааж 20-30н тэрбум долларын ашиг хааж, эх орноо хорлосон бөгөөд 280 сая доллар шороонд булсан Х.Баттулга яллагдагчаар татагдаад байсан ч гэм бурууг шүүх шийдвэрлээгүй байна гээд АН ерөнхийлөгчид дэвшүүлж, сонгогчид түүнийг төрийн оргилд залж байв. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоод телевизээр ард түмэндээ албан ёсоор хандсан анхны мэдэгдэлдээ: “Орос металлургийн орон... хил давахад тэнд тэд төмөр замаа барьчихсан. Манай нүүрсийг Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид хэвтээ тэнхлэгийн төмөр замаа яаж ийж байгаад барих хэрэгтэй... Бид урд хөршөөс хараат болчихсон байна. Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад шүтэж болохгүй гэж байна. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Үүнийг мэдээж урд хөрштэйгөө ярина... Манай бүтээгдэхүүнийг битгий хямд авч бай гэж ийм л асуудлыг ярина” гэв. Анхныхаа мэдэгдлээр ийнхүү омогшиж байсан Ерөнхийлөгч маань хоёр жилийн дараа цар тахал дундуур 30 мянган хонь билэглэх том пайз өмнөө бариад Ши жиньпин даргын өмнө бөхөлзөв. Малчдаас төсвийн мөнгөөр авсан 30 мянган хонио хувиасаа өгч буй мэт дүр эсгэсэн. Хятадын хилд тулгуу орших Өмнө говийн Таван толгой ордоос Сибирийн трассаар Восточный хүртэл 6000 км, Тувагийн Арцсууриас Шивээ хүрэн хүртэлх баруун босоо 1200 км, зүүн босоо мянга гаруй км, хэвтээ нь хэдэн мянга ч гэлээ, ийм гурван үлгэр ярьж Гашуун сухайтын 267 км-ээс бултаж, нүүрс зэс хүдрээ галт тэргээр экспортлохыг Х.Баттулга олон жил тууштай гацаасан байдаг. Тэгвэл түүний нэр холбогдож буй сүүлийн дуулиан : МоАХ-ны байрыг эзэмшигчээр 2015 онд ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлжээ. 2018 оны 6-р сарын 19-нд “Пирамид-Орд” ХХК “Буман залуус 296 айлын орон сууц барина” гэж Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, тус зээлийн барьцаанд МоАХ-ны байрыг тавьсан. Гэтэл зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11-р сард дуусаж, 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсчээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шалгаж буй аж. Хөгжлийн банкнаас түүний авсан нийт зээлийн өр 142 тэрбум гэж мэдээлэгдээд байгаа. Бид нэхэн мэдээлсээр байх болно.

Х.НЯМБААТАР САЙДЫН ХУВЬД Т.ЧИМГЭЭ, Ц.СОДНОМДАРЖАА НАРЫГ СУЛЛАСНААР ЦАГ ХУГАЦАА БҮРЭН ЗОГССОН БОЛОЛТОЙ...

Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ.Цэндийн Нямдорж сайд байхдаа бантахаараа баахан хэрэг ярьдаг байсан. Учир нь салбартаа хийж гавьсан юмгүй, бодсон бодлого байхгүй учраас тэрээр хорин жил л хэрэг ярьсан. Гэтэл хууль биш, хэрэг ярьдаг сайд дахиад нэгээр нэмэгджээ.Харин Х.Нямбаатараас өөр хүн ингэсэн бол “мөрдөн шалгах ажиллагааны нууц задалсан” хэргээр шууд ачигдах байсан ч МАН-д ямар хууль үйлчлэх биш ... Харамсалтай нь Хууль зүйн сайдын хэлсэн ярьсан бүхэн үнэн байдаггүйг нотлох нэг хэргийн талаар дурьдахад : Тэр бол С.Зоригийн аллагын хэрэгт шийтгэгдсэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг 2020 оны УИХ-ын сонгуулийн сүр дуулиан болгож суллаад хоёр жил мартчихсан аллагын захиалагчийг илрүүлэх ажил юм. Болсон явдлыг сануулахад : Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг “эрүүдэн шүүсэн” хэргээр хэргийг шалгасан хуулийн байгууллагын ажилтнууд ял авсны дараа УИХ-ын ажлын хэсэг болон Х.Нямбаатар, Ц.Нямбаатар нарын шахалтаар УДШ өмнө гаргасан /Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэм буруутай гэж үзсэн/ шийдвэрээ хүчингүй болгож, хэрэгтнүүдийг сулласан. Дээд шүүх Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үйлдэл нь тэднийг гэм бурууг тогтоож, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай холбоотой эсэхийг нотолж чадаагүй боловч “эрүү шүүлт хэрэглэсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл, шинээр илэрсэн нөхцөл байдал мөн” гэж үзээд тэдэнд оноосон ялыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар болсон. Гэвч сайдын өгсөн хариултаас харвал “Шинээр томилогдсон ажлын хэсэг шинэ нотлох баримтууд дээр цоо шинээр харж мэдэрч ажиллана гэж найдаж байгаа”-гаас өөр зүйл хийгдээгүй байна. Уг нь бол хэргийг шинээр шалгаж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн, тэр үед шинэ байсан ажлын хэсэг ч гэсэн хуучирсан, ямар нэг байдлаар үр дүн гарсан байх ёстой хугацаа. Харин Х.Нямбаатар сайдын хувьд Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг сулласнаар цаг хугацаа бүрэн зогссон бололтой. Мөн эрүүдэн шүүсэн хэргээр ял сонссон нөхөд олон удаагийн шүүх хурлын явцад "Зоригийн хэргийг материалыг нууцаас гаргаад, эрүүдэн шүүсэн хэргийг бас нууцаас гаргаад, шүүх хурлыг нээлттэй явуулаад өгөөч. Тэгж байж Т.Чимгээ нар гэмт хэрэгтэн мөн үү, биш үү гэдэг олон нийтэд ил болно. Нэг талын мэдээллээр улс төр хийж болохгүй ээ" гэж шаардаж байв. Хэрвээ Х.Нямбаатар сайд үнэхээр "шударга үнэн" сайд юм бол энэ хоёр хэргийн материалыг нууцаас гаргаж байгаад зөв, буруугаа мэтгэлцэх ёстой. Тэгэхгүй нэг гараараа "улсын нууц" гэж ардаа барьчихаад нөгөө гараараа нууцаа зараад, улс төр хийгээд байж болохгүй. Тэр ч гэсэн хууль бус шүү !!!

1 ... 250 251 252 253 254 255 256 257 258 ... 314