НЭГҮҮН МЭДЭЭ
СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР МАРГААШ 2000 ШИЛ АРХИ АСГАНА

Монголын Залуучуудын холбоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн архины эсрэг санаачлагад нэгдэж “Архидалтгүй баяр” аяныг өрнүүлэн аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэхийг уриалахдаа архи асгасан нь олны анхааралыг нэлээдгүй татаад буй. Залуучуудын холбооноос маргааш буюу гуравдугаар сарын 18-нд төв талбай дээр 2000 шил архи асгана гэдгээ мэдэгдээд байна.

ЗГ-ЫН ХУРАЛДААНААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНД 3937.3 ГА ГАЗАР ҮНЭГҮЙ ӨМЧЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРЛАА

Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталлаа. Тодруулбал: Улсын хэмжээнд 2022 онд нийт 32,392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэхээр болсон бөгөөд үүнээс 32,358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй олгох бол, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн үүнээс нийслэлийн хэмжээнд нийт 5,538 иргэнд эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлэхээр баталсан байна.

Л.ЭНХ-АМГАЛАН: ХҮҮХЭД ЗААВАЛ ОНЦ СУРАХ, ГОЁ БИЧИХ АЛБАГҮЙ, БАГШ ГАР ХҮРЧ БҮР БОЛОХГҮЙ

Нийслэлийн 97-р сургуулийн хоёрдугаар ангийн ... бүлгийн багш сурагчаа зодож бэртээсэн гэх зураг цахим сүлжээнд цацагдсан нь олон нийтийн дургүйцлийг дагуулаад буй. Тус асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тайлбар өгчээ. Тэрбээр "Хүүхэд бүртэй харьцаж, хүүхэд бүрт хүрч ажилладаг багш нар маань зарим үед бухимдах, стрессдэх тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Хүүхэд бүрийн сурах арга барил, ой тогтоолт, чадвар өөр өөр. Багшийн ажлын ачааллыг маш сайн ойлгодог. Гэхдээ хүүхэд багшийн заасныг тэр дор нь ойлгож, хүүхэд багшийн зандраанд айдастай хичээллэх ёсгүй шүү. Боловсролын салбарт хүүхдийн хүчирхийлэл, дарамт, зодуур, дээрэлхэлт, гадуурхалтын эмгэнэлт жишээ баримт удаа дараа ил болж, ахлах ангийн сурагч амь насаа харамсалтайгаар алдсан хэрэг хүртэл гарсан. Яагаад багш нар маань дохио санамж авдаггүй юм бэ. Яагаад хүүхэдтэй ажиллахдаа асуудлыг хүчээр, дарамтаар шийдэх замыг сонгоод байна вэ. Нийгмийн сүлжээнд Нийслэлийн БЗД-ийн 97-р сургуулийн багш Бадамцэцэг нь сурагчийг зодож буй үйлдэл нь камерын бичлэгээр тогтоогдсон талаарх мэдээ цацагдсан байх юм. Тус сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдаж уг багшийг ёс зүйн хувьд алдаа гаргасан гэж дүгнэжээ. Нийгмийн сүлжээ дэх хүүхдийн хүчирхийллийн эсрэг давалгаа, боловсролын салбарын ёс зүйн жил болгож зарласан бодлого, мэрэгжлийн сэтгэлзүйчдийг бэлтгэсэн ажлын үр дүнгээ үзмээр байдаг. Манлайлах ёстой багш нь эсрэг яваад байж болохгүй. Хариуцлага тооцно гэдэг лоозон үгээр асуудлыг ул үндсээр нь шийдэхгүй. Нүднээс далд, хүүхэд айгаад, нуугаад хэлдэггүй тохиолдол, бас камергүй орчинд хэдэн удаа хүчирхийлэл үйлдэгдэж байгааг хэн ч мэдэхгүй. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролыг улстөрөөс ангид байлгах зүйл заалтыг тусгаж өгсөн. Үүгээр дамжуулж хариуцлага тооцдог эрх нь салбартаа ирдэг болно гэж найдаж. Гэхдээ хууль хүлээгээд суух биш хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээг нь авах ёстой. Авах ч болно. Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч бүр болохгүй ээ. Хүүхэд хичээлдээ айдас дарамтгүй суудаг, хичээлдээ дуртай явдаг, багшдаа итгэдэг тэр орчныг хамгийн түрүүнд багш л бүрдүүлнэ гэдгийг маш сайн ойлгоосой" гэжээ.

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛИЙН ХҮРЭЭНД ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТНУУДАД “БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАХААР БОЛЛОО

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж өдгөө 8 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон Улсад суралцах болзол хангасан 45 оюутанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан батламж гардуулна. Япон Улсад суралцах батламжаа гардан авч буй төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44, магистрын хөтөлбөрийн 1, нийт 45 оюутан Япон Улсад тэргүүлэх инженер технологийн чиглэлээр 2-3 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ 5 жил ажиллах болзолтойгоор Япон Улсыг зорьж байгаа юм. Батламж гардуулах ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Kобаяши Хироюки, Япон Улсын Элчин Сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Катанода Томоки, ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, Монгол Улсын их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн захирал, удирдлагууд болон эцэг эхийн төлөөлөл оролцож оюутнууддаа баяр хүргэн цаашдынх нь сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсэж, баяр хүргэн оролцоно. Хэзээ: 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хаана: ШУТИС-ийн хичээлийн 1-р байр, 3 давхар, Урлаг заал Хугацаа: 16:00-17:30

ХААН БАНКАНД ГАЛ ТАВЬСАН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Баян-Өлгий аймагт өчигдөр оройны 22цагт хаан банкны нэгэн салбарт гал тавьсан хэрэг гарчээ. Уг хэрэг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах ХААН банкны "Таван богд" салбарын үүдэнд байрлах АТМ-г үл таних этгээд галдан шатаахыг завджээ. Тухайн этгээд нүүрээ нуусан макс, малгайтай ахуйн хэрэглээний жижиг газ ашиглан хэргийг үйлджээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж улсын хэмжээнд уг этгээдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

ХУУЛЬ БУСААР ЗЭЭЛ АВСАН,ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ БАЯЛАГ БҮТЭЭГЧИДТЭЙ ХАРЬЦУУЛАХ ЁСГҮЙ

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчидтэй холбоотой асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтийн үеэр байр сууриа илэрхийлээ. Тэрбээр “Хөгжлийн банкны зээл Монгол Улсын эдийн засагт, хөгжилд өгөөжөө өгсөн байх учиртай бүрэн бүтэн эргэж төвлөрөх ёстой. Үүний төлөө УИХ ажиллах болно. Нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээл, хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж байгаа, цар тахлын нөлөө, макро эдийн засгийн алдаатай зарим шийдвэрийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөр нь саатсан ч төлбөрийн баталгаа гарган ажиллаж байгаа баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ төлөхөөс бултаж, зугтаж яваа хүмүүсээс ялгаж салгаж хандах ёстой гэдгийг тэмдэглэж хэлье” гэв.

ӨНӨӨДРИЙН ЗГ-ЫН ХУРАЛДААНААС “ЭХ ОРНЫ ЭРҮҮЛ ХҮНС” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АТАРЫН ДӨРӨВДҮГЭЭР АЯНЫГ ӨРНҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Тодруулбал: ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: "Монгол улсын засгийн газраас зорилт болгон тавьсан атрын дөрөвдүгээр аяны хүрээнд эх орныхоо хөрсөн дээр ургасан дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашдаа экспортлогч улс болно гэсэн зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд. Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд монгол улсын засгийн газраас эх орны эрүүл хүнс хөтөлбөрийн хүрээнд атрын дөрөвдүгээр аяныг өрнүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хүрээнд тодорхой чухал шийдвэрүүдийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гаргалаа хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай засгийн газрын тогтоол батлагдаж гарсан бөгөөд. Монгол улсын засгийн газраас хүнсний ногоо тариалагчдадаа анх удаа хүнсний ногоо тариалалтаас намрын ургацын дүнгээр стандартын шаардлага хангасан ил талбайн таримлуудад тонн тутамд 100 мянган төгрөгийн татаасыг импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн зөрүүнээс хамгаалах зорилгоор тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар шийдвэр гарсан бол. Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг ААН-үүдэд өмнө нь эрчим хүчний хөнгөлөлтийг 11-н сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний хооронд үзүүлдэг. Мөн оройн 22 цагаас өглөөний зургаан цагийн хооронд тарифын хөнгөлөлт үзүүлдэг байсан. Тэгвэл энэ хугацааг аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-н болгож сунгаад мөн хөнгөлөлт үзүүлэх цагийг оройн 18 цагаас өглөөний 6 цаг болгож хөнгөлөх шийдвэр мөн гарлаа.

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА НАДАД ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ЯМАР Ч АСУУДАЛ БАЙХГҮЙ БҮГД ГҮТГЭЛЭГ ХЭМЭЭВ

Улс төрд нөлөө бүхий эрхмүүд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж "Хөгжлийн банк"-наас их хэмжээний зээл авсан гэх дуулиан үргэлжилсээр. Тус банкнаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр нь ашиглаж "Хөгжлийн банк"-наас их хэмжээний зээл авсан нь байдаг. Энэ асуудалд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр /2022.03.16/ тайлбар хийсэн ба "Хөгжлийн банк дээр тийм зүйл байхгүй. Надад олон зөвлөх байсан, одоо ямар ч холбоогүй. Надад ямар ч асуудал байхгүй. Би "Хөгжлийн банк"-тай ямар ч холбоогүй. Бүгд гүтгэлэг" хэмээв.

МЕНИНГОКОККООР НЭГ АЙЛЫН ХОЁР ХҮҮХЭД ӨВЧИЛЖ НЭГ ХҮҮХЭД НЬ НАС БАРЖЭЭ

Өнөөд рийн Засгийн газрын ээлжит хуралдаан аар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүүхдийн өвчлөлийн байдлыг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Тодруулбал: Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд менингококоор өвчилж, нэг нь нас барсан харамсалтай мэдээлэл гарлаа. Сүүлийн таван жилд манай улсад жил бүр 10 орчим хүүхэд менингококын халдвар авдаг байна. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, нэг хүүхдийн биеийн байдал хүнд, эмчлүүлж байгаа бал нэг хүүхэд нас барсан харамсалтай явдал гарлаа. Сүүлийн үед томуу төст өвчний идэвхжил үргэлжилсээр байгаа бөгөөд. 0-9 насны хүүхдүүд түлхүү өвчилж байгааг судалгаагаар гарчээ. Зургаан аймагт томуугийн халдвар идэвхтэй байгаа бол. Бусад аймгуудад алаг цоог байгаа юм байна. Жилд нийт 120-130 мянган хүүхэд томуугаар өвддөг бол. Эдээр хүүхдүүд өрхийн эмнэлгээр тусламж үйлчилгээ авдаг байна. Хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Иймд эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн цагийг уртасган, ахмадуудын тасгийг суллан, хүүхдүүдийг хэвтүүлэх арга хэмжээ авч байгаа юм байгаа талаар эрүүл мэндийн сайд ЗГ-ын хуралдааны үеэр мэдээллээ.

УКРАИН, ОРОСЫН ХЭЛЭЛЦЭЭ ЛХАГВА ГАРАГТ ҮРГЭЛЖИЛНЭ

Украйны ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк: Хэлэлцээний үеэр ОХУ-ын зүгээс хэт өндөр шаардлага тавьдаггүй, харин бидний саналыг анхааралтай сонсдог. Ямар ч албан тушаалыг орхихгүй. Бидний шаардлага бол дайныг зогсоож, Оросын цэргүүдийг нутаг дэвсгэрээсээ гаргах явдал юм. Би ойлголцлыг харж, харилцан яриа өрнүүлж байна лхагва гарагт үргэлжилнэ гэж мэдээлжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин: Украины удирдагчид мөргөлдөөнийг эцэслэх хэлэлцээнд талууд харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдэл олоход нухацтай хандахгүй байна. Тэрээр төвийг сахих баталгаа шаардаж байгаагаа урьд нь илэрхийлсэн нь НАТО-д элсэхгүй гэсэн үг аж. Украинд мөргөлдөөн үргэлжилж, гурван сая гаруй иргэн дүрвэж, АНУ дүрвэгсэд, орон гэргүй болсон иргэдэд нэмэлт 186 сая ам.долларын тусламж үзүүлэх болсныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдээлэв.

1 ... 233 234 235 236 237 238 239 240 241 ... 314