БЗД-ИЙН Н.БАЯРМӨНХӨӨР УДИРДУУЛСАН ЗДТГ-ААС 3,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Тухайлбал: БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх болон гурван орлогч даргаар удирдуулсан БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд хэд хэдэн ноцтой алдаа, зөрчил илэрчээ. Тодруулбал санхүүгийн нийт 3 тэрбум 226 сая 704 мянган төгрөгийн зөрчил илэрчээ.

БЗД-ийн ЗДТГ төсвийн мөнгөнд хэрхэн үр ашиггүй хандсаныг баримтаар нь үзүүлж байна.


Баримт 1. Өнгөрсөн жил БЗД-ийн ЗДТГ албан хаагчдад 55,990,750.00 (тавин таван сая есөн зуун ерэн мянга долоон зуун тавь) төгрөгийн ширээ, сандал, хивс зэргийг худалдан авчээ. Энэ нь Засгийн газрын 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол 1.4. "... автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх" заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Баримт 2. Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 585 сая төгрөгийн санхүүжилт хийж, монгол гэр, хүнсний материал, хоол, нэг удаагийн бээлий, халаад, сургууль цэцэрлэгийн ариутгалын зардалд ямар ч сонгон шалгаруулалт хийлгүй шууд гэрээ байгуулан олгосон байна. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Үндэсний аудитын газрын 2021 оны 03/2535 зөвлөмжийг зөрчсөн үйлдэл юм. Магадгүй өөрийн болон танил талын компанид албан тушаалын давуу байдлаа ашиглан худалдан авалт хийж, ашиг хонжоо харсан үйлдэл байхыг үгүйсгэхгүй.

Баримт 3. БЗД өнгөрсөн онд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан байна. Ингэхдээ газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэх компанийг мөн л ямар нэгэн сонгон шалгаруулалт, тендер зарлалгүйгээр шууд гэрээ байгуулжээ. Тодруулбал 3 аж ахуй нэгжийг газар чөлөөлүүлэхээр шууд сонгож 152 сая 260 мянган төгрөгийг шууд олгосон байна. Энэ нь баримт 2-т тусгагдсан хуулийн заалтуудыг зөрчсөн үйлдэл юм.

Баримт 4. Дотоод албан томилолтоор 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны хооронд ажиллах Цэргийн штабын албан хаагчдад 4,7 сая гаруй төгрөгийг олгосон гэх боловч холбогдох анхан шатны нотлох баримт байхгүй, тушаалаар албан томилолтын хугацаа дууссан, нягтлан бодогч тооцоог бодоогүй урьдчилж гарсан зардлаар тайлагнажээ.

Баримт 5. Төсвийн гүйцэтгэлийн тайлангаа 1,2 тэрбум гаруй төгрөгөөр зөрүүлэн тайлагнажээ. Энэ мэт үйлдлүүд нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэрэг холбогдох хуулиуд болон бусад тогтоол, захирамжуудыг зөрчжээ.

Төрийн албыг удирдан ажиллахдаа төсвийн мөнгийг гамгүй зарцуулдаг, зарцуулахдаа зүй ёсны хууль, журмыг баримтладаггүй ийм үйллүүдийг таслан зогсоож байж л жинхэнэ хэмнэлт болох учиртай. Тэрнээс биш жийп унахаа болилоо гээд дунд буюу дүүрэг орон нутгийн шатандаа төсвийн мөнгийг дур мэдэн цацаж, тоншиж суудаг байдлыг засахгүй бол бодит хэмнэлт болохгүй л байх шүү эрх баригчдаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.