НЭГҮҮН МЭДЭЭ
АТҮТ-ИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХЭРГИЙГ ДОРНОГОВИЙН ШҮҮХ ХЯНАЖ БАЙНА

ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж байсан, улмаар нийслэлд шилжин тус төвийн эрх бүхий албан тушаалд томилогдсон Б.Хүдэрболдод холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ. Улмаар Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулсан, 22.4-т заасан бусдаас хахууль авсан, 22.10-ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтын дагуу буруутгасан байна. Б.Хүдэрболдыг АТҮТ-ийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр 2021 оны наймдугаар сарын сүүлчээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Тодруулбал, дээрх салбарын даргаар ажиллаж байхдаа 2020 оны долдугаар сарын 21-нд иргэн А.Баттулгын 3536 ДГС улсын дугаарыг 11-11 ДГН гэсэн дугаараар сольж олгосныхоо хариуд хоёр сая, Дорноговь аймаг дахь “Монгол даатгал” ХК-ийн захирал Б.Хонгорзулаас “Нью кардинал” ХХК-ийн 67 тээврийн хэрэгслийг даатгуулсны хариуд гурван ч удаа багагүй хэмжээний хахууль авсан хэмээн буруутгасан юм. Мөн өөрийн хамаарал бүхий “Чандмань цагаан хад” ХХК-д давуу байдал бий болгож, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авч, нүүрс тээвэрлэх бизнес эрхлэн их хэмжээний ашиг олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт холбогдуулсан билээ. Б.Хүдэрболдтой хамт иргэн А.Баттулгад Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг дээрх шүүх хянаж энэ сарын 8-ны 14.00 цагт гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэхээр товлосон байна. Ташрамд дурдахад, прокурорын байгууллага наймдугаар сарын 29-нөөс энэ сарын 2-ны хооронд мөрдөн байцаалтын 2400 хэрэгт хяналт тавьж, 267-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тэдгээрийн дунд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165, өмчлөх эрхийн эсрэг 72, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг найм, Хүрээлэн байгаа орчны эсрэг таван хэрэг байгаа бол мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан болон авлигын тус бүр дөрвөн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн аж.

Д.САРАНГЭРЭЛ САЙДЫН ЭХНИЙ ШИЙДЭХ АСУУДАЛД “ТЭТГЭВРИЙН ШИНЭЧИЛСЭН ХУУЛЬ” БАГТАХ УУ?

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэ Засгийн Газрын сайд нар томилогдож ажилдаа орлоо. Олны зүгээс магтаал шүүмжлэл ижилхэн сонсож бүрдсэн Засгаас хүлээх хүлээлт их байна. Энэ дунд хүлээлтэй байсан нэг салбар нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар очоод буй Б.Сарангэрэл юм. Өмнөх сайд А.Ариунзаяагийн хувьд салбартаа нэр хүндтэй байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тамгийг гардаж авах үедээ Д.Сарангэрэл “Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж энэ салбарын хууль дүрэм, бодлогыг батлахад гар бие оролцож байсны хувьд цоо шинэ салбар биш юм. Тулгамдсан асуудал олон бий. Нийгмийн даатгалын багц хууль, тэтгэврийн шинэчлэл зэрэг хүлээгдэж буй асуудалд мэргэжлийн багтайгаа хамтран ул суурьтай, судалгаа тооцоотой гар нийлэн ажиллах болно. А.Ариунзаяа сайдын эхлүүлсэн олон ажлыг үр дүнтэйгээр үргэлжлүүлэхийн төлөө хичээж ажиллана. Мөн ямар нэгэн байдлаар шинэ сайд ирсэн хэмээн халаа сэлгээ хийхгүй бүгд үргэлжлүүлэн ажиллах учраас ажил хурдацтай явах байх ” хэмээсэн нь тус яаманд ажилдаг олон хүний хувьд дарамт байхгүй ажлаа тайван хийх боломж бүрджээ. Үеийн үед энэ салбарын асуудал болж дөрвөн ч сайдын нүүрийг үзээд шийдэгдэж чадаагүй асуудалууд болох Халамжын нэгдсэн бодлого, Тэтгэврийн шинэчилсэн хууль, Хөдөлмөр эрхлэлт гээд энэ гурван асуудалыг менежмэнт талдаа сайн ажилаад шийдээд өгөх болов уу? гэсэн хүлээлт их байна. Түүний хувьд гуравдахь удаагаа сайдын суудалд сууж байгаа ЗГХЭГД Д.Амарбаясгалангийн хэлсэнчлэн туршлагатай баг бүрдүүлэхийг хичээсэн хэмээх томьёололд нийцээд буй юм. Халамжын тогтолцоо хэт туйлширч нөгөө талдаа хөдөлмөрийн салбар эзгүйдэж боломж байвал гадны оронд ажиллаж амьдрах гэсэн залуус урт дараалалд зогсож байгаа энэ цагт салбарын яамнаас томоохон бодлого төлөвлөлт хүлээж буйн мэдээж билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН НЬ БУСДАД 100,000 АМ ДОЛЛАРЫН АВЛИГАЛ ӨГЧ, НҮҮРС ТЭЭВРИЙН 680 МАШИНД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЧЭЭ

-АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА, АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Г.ДОРЖПАЛАМД 100 САЯ АМ ДОЛЛАР ӨГСӨН- Одоогийн УИХ-д бүрэн эрхтэй суугаа гишүүн А.Адъяасүрэн нь бусдад 100.000 ам.доллар авлигалаар өгч, нүүрс тээвэрлэж их хэмжээний ашиг хүртэж байгаа асуудалд яллагдагчаар татагдсан ч хэрэг нь прокурорын шатанд гацжээ. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь өөрийн хамаарал бүхий компаниуддаа нүүрс тээврийн “С” зөвшөөрөл авахын тулд 2020 оны хоёрдугаар сард Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, Олон улсын байнгын ачаа тээвэрт ашиглагдах, хил нэвтрэх зориулалттай зөвшөөрлийн бичиг олгох, ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрх бүхий Ажлын хэсгийн ахлагч Г.Доржпаламд авлига өгөхөөр амлаж байсан. Улмаар 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хурлаар А.Адьяасүрэнгийн “Баянговь транс” ХХК-д 85, “Сан тээвэр групп” ХХК-д 190, “Топ ХХК”-д 30, “Тэнгри транс” ХХК-д 172, “Ульгансар” ХХК-д 203 автомашинд тус тус олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авсан байдаг. -680 АВТОМАШИНД ОЛОН УЛСЫН АЧАА ТЭЭВРИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХУУЛЬ БУСААР АВСАН- Ийнхүү нийт 680 автомашинд олон улсын ачаа тээврийн зөвшөөрөл хууль бусаар авсны хариуд өөрийн хүргэн Б.Г-аар дамжуулан Г.Доржпаламд 100.000 ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 320 сая төгрөгийн авлига болгон өгсөнг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс илрүүлж байжээ. Ийнхүү хуулийн дагуу 2020 оны тавдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, А.Адьяасүрэнг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг. Гэвч тухайн үед А.Адьяасүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшиж байсан бөгөөд өөрийг нь яллагдагчаар татаж буй тогтоолтой танилцахаас татгалзаж байсан аж. -КОМПАНИУДЫНХАА РЕГИСТРИЙН ДУГААРЫГ ӨӨРЧЛӨЛГҮЙГЭЭР НЭР БОЛОН ЭЗЭМШИГЧИЙН НЭРИЙГ ӨӨРЧЛӨВ- Хуулийн байгууллагаар авлгиал өгч тусгай зөвшөөрөл авч, нүүрс тээвэрлэж өндөр ашиг олж эхэлсэн асуудлыг нь шалгаж эхэлмэгц тэрбээр компаниудынхаа регистрийн дугаарыг өөрчлөлгүйгээр зөвхөн нэр болон эзэмшигчийн нэрийг өөрчлөн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна. Тодруулбал: •2021.10.18 өдөр “Тэнгри транс групп” ХХК нэрээ өөрчилж “Дайлангийн хишиг тээвэр” ХХК •2021.10.19 өдөр “Сан тээвэр групп” ХХК нэрээ өөрчилж “Хишиг сайн ундрах” ХХК •2021.10.19 өдөр “Баянговь транс” ХХК-ийг Baoyin Hexige гэх БНХАУ-ын иргэнд •“Топ транспорт” ХХК-ийг А.Аюуш (А.Адьяасүрэнгийн эгч) А.Санчир (А.Адьяасүрэнгийн хүү) нарт тус тус шилжүүлжээ. -ПРОКУРОРЫН ХЯНАЛТАД БАЙГАА БӨГӨӨД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС МӨРДӨХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ- Гэтэл А.Адьяасүрэнгийн авлигын хэргийг Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдорж хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна. Энэ дагуу Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс шалгаад, 2021 оны гуравдугаар сард Ш.Нямдоржид хариуцлага тооцож, прокурорын ажил эрхлэх эрхийг түдгэлзүүлжээ. Гэсэн ч эрхэм гишүүн А.Адьяасүрэнгийн хэрэг өнөөдрийг хүртэл Прокурорын хяналтад байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газраас мөрдөх ажиллагаа явуулах боломжгүй болж зогссон байдалтай олон сарын нүүрийг үзжээ. Түүнд одоо болтол Монгол Улсын хууль үйлчлэхгүй, бүрэн эрхэт гишүүн хэвээр байсаар байгаа бөгөөд авлигалаар авсан нүүрс тээврийн 680 тусгай зөвшөөрлөөрөө дамжуулан өндөр их ашиг олж, хөлжсөөр байна. эх сурвалж: Зиндаа.мн

Х.НЯМБААТАР:БУРУУ РУЛЬТЭЙ МАШИНЫГ ОН ЗААЖ ХОРИГЛОХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Замын түгжрэлийг хэрхэн шийдэх талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид тодрууллаа. Тэрбээр “Түгжрэл гэдэг бол импортын машиныг хориглох, дугаар хязгаарлах байдлаарх шийдэх асуудал биш. 1970-аад оны дундуур Улаанбаатар хотын тавугаар ерөнхий төлөвлөгөө хийх явцад тухайн үед 80 гаруй мянган автомашинтай байна гэж зураг зурагдсан юм билээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын хөдөлгөөнд 600-615 мянган машин оролцож, ямар байдалтай байгааг бүгд мэдэж байгаа. Тиймээс маш олон ажлын нийлбэр цогцоор шийдэх ёстой. Хөдөө орон нутаг руу шилжин суурьших асуудлыг төр засаг бодлогоор дэмжих хэрэгтэй. НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид буруу рультэй автомашиныг цаашид он зааж хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар иргэдээс санал асуулга явуулах тогтоолын төсөл боловсруулж байгаа гэж сонссон. Цаашид тойрог хурдны зам, метро, LRT, хотоос гадагшлуулах гэх мэт том төслүүд хэрэгжих хүртэл бид яах вэ гэдгээ олон нийтээр шийдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна гэлээ.

ТЭРГҮҮН ШАДАР САЙДЫН СУУДАЛ ГОРИЛЖ ЯВАА С.ОДОНТУЯА

Засгийн газрын бүрэлдэхүүн шинээр солигдсонтой холбоотойгоор Засгийн газрын шинэ кабинетыг “Үндэсний эв, эе гэсэн нь УИХ дахь АН-ын бүлгийг “дөрвөн гишүүн”-ээ Засгийн газарт ажиллуулаач гэсэн саналыг албан бусаар тавиад буй. Албан ёсны санал ирсэн тохиолдолд УИХ-ын гишүүн С.Одонтуяаг Тэргүүн шадар сайдаар томилогдох тухай яригдаж эхэлсэн. Тэгвэл тэргүүн шадар сайдын суудал горьлж яваа С.Одонтуяаг бид онцлон папарацидлаа. Түүний хувьд хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсоны зэрэгцээ өдгөө АН дахь эмэгтэйчүүдийн холбооны дарга, УИХ-ын дэд даргын албатай. Тэрбээр өөрөө АН-ын угшилтай ч түүний нөхөр Г.Өлзийбүрэн МАН-ын гишүүн. Энэ утгаараа 2012-2016 онд АН төр барьж байх үед С.Одонтуяагийн нөхөр ганцаараа МАН-аас Газрын тосны газрын даргаар томилогдож байв.

ХУУЛЬ БУСААР ЦЕМЕНТНИЙ ҮНЭ НЭМСЭН БАЙГУУЛАГУУДЫГ 20 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

ШӨХТГ-аас “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аяны талаар болон сүүлд хийсэн шалгалтын талаар мэдээлэв. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Зургадугаар сарын сүүлээр цементийн үнийн өсөлтийн гомдол ихээр ирсэн. Тодруулбал, "13-16-ны хооронд 320-330 мянган төгрөг байсан цементийн үнэ 400-480 мянган төгрөг болж өссөн" гэх гомдлууд юм. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас шалгалт хийхэд Монголын үндэсний үйлдвэрлэгч компаниуд цементийн үнээ нэмээгүй байсан. Зөрчлийн хэрэг нээн 15 гэрээт аж ахуйн нэгжид шалгалт хийхэд зургаа нь худалдааны хууль бус арга хэрэглэж, үндэслэлгүйгээр үнээ нэмсэн байна. Иймд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Цаашид цементийн үнийг огцом өсгөхгүй байх тал дээр үйлдвэрүүд болон гэрээт борлуулагч нартай хэлэлцээр хийн хамтарч ажиллаж байна" гэлээ. Мөн “Сурагчийн дүрэмт хувцасны үнэ дээр шалгалт хийсэн. Хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбогдуулан дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн гэх асуудал гарсан. Энэ дагуу "Монголын оёдлын нэгдсэн холбоо" ТББ, аж ахуйн нэгжүүд сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчил илэрсэн. Иймд өнгөрсөн сарын 25-нд зөрчлийн хэрэг, бүртгэлийн ажиллагааг эхлүүлсэн" гэж мэдээллээ.

ЦЭЦЭРЛЭГИЙН ДАРААЧИЙН БҮРТГЭЛ БЯМБА ГАРИГТ БОЛНО

Цэцэрлэгийн насны олон хүүхэд хаягийн асуудал болон өөр цэцэрлэгт хуваарилагдсанаас болж цэцэрлэгт хамрагдаж чадаагүй билээ. Тиймээс дахин цэцэрлэгийн бүртгэлийг хийх гэж байна. Тодруулбал, цэцэрлэгийн эхний ээлжийн бүртгэлээс хоцорсон эцэг эхчүүд 2022 оны есдүгээр сарын 10-25 болон 2022 оны 10 дугаар сарын 03-24-ний хооронд бүртгүүлэх боломжтой юм. Энэ удаа цэцэрлэгт бүртгүүлэхэд хаягийн асуудалтай, нэг айлын хүүхдүүд өөр өөр цэцэрлэгт хуваарилагдсан гэх мэт тохиолдолд дахин бүртгэл хийлгэж асуудлаа шийдүүлэх боломжтой.Удахгүй цэцэрлэгийн хоёрдугаар бүртгэлд E-Mongolia академи нь системийн гацалт болон, эцэг эхчүүдэд хоёр дахь бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, заавар хүргэх юм байна.

БШУЯ:700 ГАРУЙ ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ БАГШ НАРЫН ДИЙЛЭНХ НЬ ЦЭЦЭРЛЭГ БОЛОН БАГА АНГИЙН БАГШ НАР БАЙНА

Шалгалтын явцад 700 гаруй хуурамч дипломтой багш нарын 500 гаруй нь цэцэрлэгийн, бага ангийн багш нар байна. Эдгээрийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч байгаагаа салбарын сайд мэдэгдлээ. Цаашдаа төрийн албанд ажиллаж буй 200 000 гаруй хүний дипломыг ч шалгах ёстой гэв.

БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД ДАРААХ ӨӨРЧЛӨЛТҮҮД ОРЖЭЭ

БНСУ-ын Элчин сайдын яамнаас богино (Олон удаагийн болон Нэг удаагийн) хугацааны виз мэдүүлэх нөхцөлд өөрчлөлт орсон тухай мэдээлжээ. Визний нөхцөлд дараах өөрчлөлтүүд орсон байна. Олон удаагийн визний нөхцөл 1. БНСУ-д зорчиж байсан иргэн Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, 1 жилээс дээш хугацаагаар ажилласан байх Сүүлийн 6 сарын турш төлсөн татварын хэмжээ 2.2 сая төгрөгөөс дээш байх (татварын цахим тодорхойлолт) БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, эсвэл нийт 5-аас дээш удаа виз авч зорчсон иргэн” дээрх мөрдөгдөж байсан нөхцөл хүчингүй боллоо Гэхдээ, санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ Визгүй зорчсон (Буух зөвшөөрөл хамрагдана) бол хилээр нэвтэрсэн тоонд оруулж тооцохгүй ба Эмчилгээний виз (С-3-3) ангиллын хувьд сүүлийн 1 жилийн хугацаанд 2 сая воноос дээш мөнгөн дүнг эмчилгээний зардалд зарцуулсан бол зорчсон тоонд хамааруулан тооцно. 2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан(хэлтсийн даргаас дээш албан тушаалтан) 3. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан) 4. $10,000 доллароос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг, сүүлийн 3 сарын турш сарын дундаж хэрэглээ нь $2,000 доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч(бэлэн мөнгөний үйлчилгээ хамрагдахгүй) 5.БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн 6. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, МУ-д оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/ нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 ба түүнээс дээш жил хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насны хүүхэд) 7. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин 8. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа иргэн 9. 1 жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх эсвэл ТОП 100 аж ахуйн нэгжид хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн 10. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн(үүнд коллеж хамаарахгүй) 11.Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин нь нийслэлийн ажиллагсдын сарын дундаж цалин(2020 оны 1 сарын байдлаар 1.25 сая төгрөг)-аас 2 дахин их, ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй иргэн 12. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил соёл урлагийн зүтгэлтэн, тамирчин (тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн) 13. 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө(бэлэн мөнгө) зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн 14. ‘1~13’ нөхцөлийг хангаж олон удаагийн виз авсан иргэний эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насны хүүхэд) 15. БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш(сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн. (байнгын зорчигч, 30 хоногтой 5 жилийн виз) Богино хугацааны (C-3) нэг удаагийн виз: Богино хугацааны (C-3) нэг удаагийн виз мэдүүлэхэд мөрдөгдөж байсан санхүүгийн чадвар нотлох дараах нөхцлийг хүчингүй болголоо Аж ахуйн нэгжийн захирал: Байгууллагын татварын тодорхойлолт(нэг улиралд төлсөн татварын хэмжээ 400,000 төгрөгөөс дээш байх, аж ахуйн нэгжийн захирлаар томилогдон 6 сараас дээш ажилласан байх) Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт(сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин 1 сая төгрөгөөс дээш байх) Гэхдээ санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ. Мөрдөх хугацаа: Шууд хэрэгжүүлэх (Өмнөх журмын олон удаагийн визний “БНСУ-д зорчиж байсан иргэн” нөхцлийн “Сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, эсвэл нийт 5-аас дээш удаа виз авч зорчсон иргэн”-д хамрагдаж буй мэдүүлэгчид 2022 оны 09 сарын 09-ны өдөр хүртэл мэдүүлэх боломжтой) Санхүүгийн чадвар нотлох баримт гэх мэт виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал, виз олгох журмыг ЭСЯ-ны вебсайтны Консул/Визний хэлтэс – Мэдээ мэдээлэл - Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам хэсгээс авах боломжтой.

ЧИНГҮНЖАВЫН ГУДАМЖААС АРД АЮУШИЙН ГУДАМЖ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААНА

Чингүнжавын гудамжнаас, Ард Аюушийн гудамж хүртэлх Дилав хутагт Жамсранжавын гудамж 1 километр 500 метр автозамыг есдүгээр сарын 6-наас 30-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж авто замын өргөтгөл, шинэчлэл хийнэ. Иймд иргэд жолооч нар хөдөлгөөний эрчим багатай замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Зам, Тээврийн Хөгжлийн Яам сануулав.

1 ... 181 182 183 184 185 186 187 188 189 ... 334