НЭГҮҮН МЭДЭЭ
ЗӨӨВРИЙН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ АШИГЛАЛТАД ОРУУЛСНААР САРД 50 САЯ ТӨГРӨГ ХЭМНЭХЭЭР БОЛЖЭЭ

Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цех Ил уурхайн гүнд буюу 8а овоолгын дэргэд 75м3 багтаамжтай зөөврийн шатахуун түгээх станцыг өнгөрсөн зун ашиглалтад оруулснаар технологийн тээврийн БелАЗ-75131 загварын өөрөө буулгагч автомашины цэнэглэлт бүрээс 6.4 км сул гүйлт, 30 минутын сул зогсолт хэмнэгдэж, нэмж нэг рейс хийх боломж бүрджээ. Үүний үр дүнд сард ойролцоогоор 50 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлт хийх нөхцөл бүрдсэн гэж тус цехийн дарга Я.Дамдиндорж мэдээллээ. Автотээврийн цехийн хамт олон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор Өртөг зардал бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Оны эхний долоон сарын байдлаар эрдэнэсийн тээвэрчид 11.4 тэрбум төгрөг хэмнэж ажиллажээ. Тодруулбал, технологийн тээврийн хэсгийн 1 т/км ачаа эргэлтийн өөрийн өртөг төлөвлөгөөнөөс 29.1 төгрөгөөр, төрөл бүрийн тээврийн хэсгийн 1 машин цагийн өөрийн өртөг 33 мянган төгрөгөөр тус тус буурсан. Гэсэн ч 2022 оны эхний 8 сард тус хамт олон өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа амжилттай биелүүллээ. Тухайлбал, Уулын технологийн тээврийн хэсгийнхэн нийт 18.3 сая м3 уулын цул тээвэрлэж, уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 101.1 хувиар биелүүлсэн ба төлөвлөгөөнөөс 208 мянган м3 уулын цул илүү тээвэрлэжээ. Мөн хугацаанд 172.3 сая т/км ачаа эргэлтийн ажил гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6.0 сая т/км-ээр өссөн үзүүлэлт юм. Харин Төрөл бүрийн тээврийн хэсгийнхэн машин цагийн төлөвлөгөөгөө 119.7 хувиар биелүүлсэн амжилттай ажиллаж байна.

ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ИРГЭДЭД ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛ ҮҮСЧ БАЙНА

Коронавирусээс сэргийлэх вакцин тариулсны дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдлууд олон орон цөөнгүй гарч байна. Энэ тохиолдлуудыг эрдэмтэд судлаад вакцинаас үүдэлтэй цус бүлэгнэл ховор тохиолдолд илэрч байсан ч, вакцин гаж нөлөөнөөсөө илүү ашиг тус ихтэй гэсэн дүгнэлт гарсан тул улс орнууд энэ вакциныг ашиглан дархлаажуулах ажлаа үргэлжлүүлж байсан юм. Тэгвэл бодит байдал дээрээ вакцин тариулсан иргэдэд цус өтгөрөх, зүрхний хэм алдагдах, хатиг гарах зэрэг асуудлууд тулгарч байна. Цус өтгөрөх нь нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх тос холестерин ихсэх үйл явц юм. Ихэвчлэн зуурамтгай чанар болон нягтралыг цус өтгөрөх гэж нэрлэдэг. Цус өтгөрөх нь вен болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно.Цус өтгөрснөөр уушгины эмболизм бий болдог. Цусны бүлэгнэл нь гол гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж Зүрхний шигдээс, Тархины цус харвалт,Уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг.

ӨНӨӨДРӨӨС ШАХМАЛ ТҮЛШ ХУДАЛДААНД ГАРНА

Цаг уурын байдал сэрүүсч байгаатай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн гэр хорооллын иргэдэд шахмал түлш худалдаалж эхэллээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шахмал түлшний үнийг 50 хувиар бууруулан борлуулж байсан. Харин энэ жилээс эхлэн үндсэн үнээр нь зарах юм. Ингэснээр иргэд нэг шуудай сайжруулсан түлш 3750, 1 тонн нь 150 мянган төгрөгөөр худалдан авна.Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг байна. Улаанбаатар хот энэ жил 710 мянган тонн сайжруулсан түлшний хэрэгцээтэй байгаа. Өдөрт 2800-3000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн гэр хороолол нэг өдөрт 2800 тонн шахмал түлш хэрэглэдэг аж.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ДЭМЖСЭН ТОГТОЛЦОО ТАРИФЫН ТООЛУУРААР ХЯЗГААРЛАГДАЖ БАЙНА

Эрчим хүчний үр ашгийг дэмжсэн тогтолцоо тарифын тоолуураар хязгаарлагдаж байна. Дундаж үнэ 175 төгрөг гээд үзэхээр уул уурхайгаас ахуй руу хөндлөн татаас явж байгаа аж. Тарифын ялгавартай байдал хөндлөн татаасын асуудал манай улсад байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ мэдээлэл өгөв. Түүнчлэн тэрбээр "Олон талт тарифыг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ахуйн хэрэглэгчдэд цагийн ялгаварт тарифыг бий болгох нь зүйтэй гэж үзсэн. Эрчим хүчний үнэ цаашид нэмэгдэх магадлалтай. Канад улсад зуны болон өвлийн ялгаварт тариф үйлчилдэг" гэв. Цагийн тарифыг дэлхий нийт ашигладаг Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэмнэлтэд анхаарал хандуулснаар бодит цагийн тарифыг дэлхий нийт ашигладаг болжээ. Хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчийг богино хугацаагаар буюу ихэвчлэн цаг тутамд өөр өөр тарифаар тооцдог байна. 1990-ээд оны дунд үеэс бодит цагийн тариф түгээмэл болсон бөгөөд тухайн цагийн цахилгаан эрчим хүчний үнэ, хэрэглэгчийн эрэлт, дамжуулалт, түгээлт, хангалтын төлбөр зэрэг хүчин зүйлүүдээс хамаардаг. Ихэнх тохиолдолд энэхүү тариф нь томоохон худалдаа, аж үйлдвэрийн хэрэглэгчдэд тохиромжтой аж. Хувьсах болон тогтмол тарифаар бүрдэх орлого нь хэрэглэгчдийн хувьд биш үйлдвэрлэгчдэд оновчтой тухайд "Тогтмол зардлыг нэгж бүтээгдэхүүнд дундаж байдлаар хуваарилах нь алдагдалд хүргэдэг. Олон талт тариф хэрэглээний төлбөрөөс гадна тогтмол болон чадлын төлбөрийг багтаадаг. Ихэвчлэн хэрэглэгчийн ангилалд суурилдаг бөгөөд тарифын ангилал хооронд хөндлөн татаастай байж болно" гэдгийг Б.Болор-Эрдэнэ дарга хэлсэн юм. Хэрэглээний блок тариф: Цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх тусам үйлдвэрлэл, эсвэл импортын ЦЭХ-ний төлбөрийн хэмжээ нэмэгддэг. Бодит цагийн тариф: Үйлдвэрлэлийн ахиц зардлыг нөхөх хандлагатай боловч дэд бүтэц тэр дундаа хэрэглэгчдэд чиглэсэн ухаалаг тоолуур гэх мэт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардана. Цагийн ялгавартай тариф: Хоногийн ачааллын хэлбэрт өөрчлөлт оруулах эсэх тус тарифын орлогод үзүүлэх нөлөөллийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Манай улсын ахуйн хэрэглэгчдийн хэрэглээний хэв маягтай уялдуулан авч үзэх шаардлага гарч байна. Цаашид үйлдвэр компаниудын бодит үйл ажиллагааны зардал буюу борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг хангах, тэдгээрийн үр ашигтай, оновчтой ажиллах хөндлөн татаасыг бууруулах, хэрэглэгчид хэрэглээгээ зохицуулах замаар хэмнэх боломжийг бүрдүүлэн тарифын загварыг боловсруулах шаардлагатай байгааг онцлов.

БОХИРЫН ШУГАМЫН НҮХ УХАЖ БАЙСАН ХОЁР АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн хоёрдугаар хэсэгт бохирын шугамын худагт ажиллаж байсан 2 хүн шороонд дарагджээ. Тухай дуудлага мэдээлэл энэ сарын 14-ний өдрийн 19:38 цагт ОБЕГ-т ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:43 цагт очиход бохирын шугамын нүх ухаж байсан ажилтан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М мөн тус сумын харьяат У нар 2 метрийн гүнтэй нүхэнд дарагдсан байсныг 19:45 цагт эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн гэмтлийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.

СЗХ-НООС ИРГЭДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ЗОРИЛГООР АНХААРУУЛГА ГАРГАЛАА

Санхүүгийн зохицуулах хороо хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд санхүүгийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажилладаг нь санхүүгийн зах зээлд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдийн эрх ашиг хууль тогтоомжийн хүрээнд хамгаалагдах үндсэн суурь болдог. Сүүлийн үед СЗХ-ноос олгодог дээр дурдсан зөвшөөрөл эрхлэгч санхүүгийн байгууллагуудаас өөр мэргэжлийн бус этгээдийн зүгээс цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан бизнесийн байгууллага, нийгмийг хамарсан төсөл болон иргэд, олон нийтэд чиглэгдсэн богино хугацаанд, хялбар аргаар өндөр өгөөжтэй эх үүсвэр хөрөнгө татан төвлөрүүлэх, хямд өртөг бүхий зээл санхүүжилтийг амласан бусдыг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа нэмэгдсээр байгаа нь ирээдүйд бий болох санхүү, төлбөрийн чадварын бодит эрсдэлийг дагуулж байна. Иргэд, олон нийтийн санхүүгийн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал ялангуяа богино хугацаанд их хэмжээний ашиг болох, өндөр өгөөж хүртэх хүсэл сонирхолд хөтлөгдсөнөөр хохирогч болох эрсдэл ихсэж болзошгүй байна. СЗХ хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 3, 11.10 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5 болон 11.33 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж шалган, шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлж ажилладаг. Иймд иргэн та аливаа хөрөнгө оруулалт хийх, зээл санхүүжилт авах шийдвэр гаргахдаа тухайн үйл ажиллагаа нь төрийн эрх бүхий байгууллагаас олгодог зөвшөөрөлд хамаарсан эсэх, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлийн талаар санхүүгийн зах зээл дэх мэргэжлийн оролцогч байгууллагад хандан зөвлөгөө, мэдээлэл авах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүрд нь авахыг зөвлөж байна. Мөн санхүүгийн аливаа үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаа болон эрхэлж байж болзошгүй этгээдийн талаарх мэдээллийг sec.supervision@frc.mn цахим холбоос болон +51-261677 дугаарын утсаар мэдээлэхийг зөвлөж байна. САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

С.ЭРДЭНЭБОЛД: СӨРӨГ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ДАНГААР НОЁРХЛЫН ЭНЭ ЗАРЧИМ НЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ УХРАЛТЫГ АВЧИРЧ БАЙНА

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ залуучуудын байгууллагаа 200 сая төгрөгөөр худалдах гэж байна гэх асуудлаар тус намын залуучууд Төв талбайд мэдээлэл хийлээ. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Өнөөдөр Олон улсын ардчиллын өдөр. Монголд сүүлийн хэдэн жилийн хугацаанд нэг нам үнэмлэхүй ялалт байгуулж байгаа нь сөрөг хүчингүй болгож байна. Сөрөг хүчингүй болсон дангаар ноёрхлын энэ зарчим нь хүний эрх, эрх чөлөөний ухралтыг авчирч байна. Мөн сүүлийн үеийн АН дахь дотоод зөрчил нь Монгол ардчиллыг устгах санаатай үйл ажиллагаа болж байна гэж залуус бид үзэж байна. С.Эрдэнэ гэдэг хүн АН-ын дэргэдэх бүтцийн байгууллагуудыг шинэчилж байгаа нэрийдлээр хуурамчаар бий болгодог жишиг тогтлоо. Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоодыг дахин хувилсан. Энэ сарын 19-ний өдөр Ардчилсан залуучуудын холбоог татан буулгах гэж байна. Залуучууд бид сүүлийн хоёр жилийн хугацаанд хангалттай тэвчсэн. Намын дотоод асуудал учраас эв зүйгээ олох байх гэж хүлээцтэй байсан. Гэвч ах нарын талцал хуваагдал хойч үеэ ч талцуулж байна. Тиймээс бид энэхүү мэдэгдлийн дараа “Шонхор таур”-т очиж С.Эрдэнэ гэдэг хүнд шаардлага хүргүүлж, намын тугийг буулган авах болно. Мөн бид Х.Баттулга тэргүүтэй АН-ынханд ч шаардлага тавьж байна. Яагаад АН-ыг олон хувааж байхад дуугарахгүй байгаа юм бэ. Ер нь эвлэрлийг уриалж, хууль ёсны нэг Ардчилсан намтай болох уриалгыг Ардчилсан залуучуудын холбоо санаачилж байна” гэлээ. Ардчилсан залуучуудын холбооны хяналтын хорооны дарга н.Төмөрбаатар “С.Эрдэнэ Ардчилсан залуучуудын холбооны тамгыг гээсэн гэж зарлан, шинээр хэвлэж аваад, жинхэнэ тамгыг маань 200 сая төгрөгөөр зарах гээд байна. Бидэнд жинхэнэ тамга нь байна. Энэ бол 2019 онд С.Эрдэнэболд ерөнхийлөгчийн сонгогдоход шинээр авсан тамга. Бид албан ёсны тамгатай Ардчилсан залуучууд холбооныхон” гэв.

Б.ЖАВХЛАН: МОНЦЕМЕНТ, МАКЦЕМЕНТ ДОТООДЫНХОО ЭРЭЛТИЙГ ХАНГАЖ ДИЙЛЭХГҮЙ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, импортын цементийн татварыг арванхоёрдугаар сарын 31 хүртэл тэглэх шийдвэр гаргажээ. Дотоодын цементийн хэрэгцээгээ бүрэн хангах үйлдвэрүүдтэй мөртлөө тэднийг дэмжих бус, импортын бүтээгдэхүүний татварыг тэглэж буй нь шүүмжлэл хүлээж байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ: “Тооцоолсноор, энэ шийдвэр хэрэгжсэнээр зах зээлд үүсээд буй 500-600 мянган төгрөгийн үнийн өсөлт 400 мянга орчимд очих бүрэн боломжтой. Монцемент, Макцемент бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Гэвч дотоодын өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангаж дийлэхгүй байна. Үүнд Хөтөлийн цементийн үйлдвэр зогссон нь ч нөлөөлж буй. Хөтөл, Монцемент, Макцемент тус бүр 1 сая тонн цемент үйлдвэрлэх боломжтой. Гэвчиг бүрэн хүчин чадлаараа ажиллах бололцоо байхгүй байгаа тул богино хугацааны, түр зуурын арга хэмжээ авахаас өөр аргагүй болж байна. Эцсийн эцэст нийтийн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр юм. Хөтөлийн хувьд төлөвлөгөөний дагуу, техникийн шинэчлэлийн улмаас зогссон гэдэг тайлбар өгч байгаа. Нийт 30 хувийн татвар гэдэг дотоодын үйлдвэрүүдээ тултад дэмжиж ирсэн бодлого. Гэтэл эцсийн дүндээ зах зээлийн хэт савлагаанаас хамгаалах ийм арга хэмжээ авахаас өөр арга байхгүй боллоо. Хугацаа он дуустал гарлаа, цаашид яахыг тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж шийднэ” гэсэн тайлбар өглөө.

БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ ГЭХ Б.ПҮРЭВ-ОЧИР ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын боксын шигшээ багын тамирчин охидод бэлгийн дарамт үзүүлж, хэл амаар байнга доромжилж байсан гэх асуудал 2017 оноос үүсчээ. Энэ талаарх гомдлыг тус холбооны тамирчин охид хамтран Олимпийн холбоонд хүргүүлсэн байна. Энэ дагуу Монголын боксын холбооны ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очирыг ажлаас нь өчигдөр шөнө чөлөөлсөн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ. Ингэхдээ, "Боксын холбооны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж эмэгтэй багийн дасгалжуулагчийг чөлөөлсөн. Мөн Боксын холбооны зүгээс түүнтэй холбогдох хэргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан болно" гэсэн байна.

“ҮНЭГҮЙ.МН САЙТАД БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ” НЭРИЙДЛЭЭР БУСДЫГ ЗАЛИЛАХ НЬ ИХЭСЧЭЭ

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид “Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ” гэх зар нийтэлж бусдыг залилсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, 19 настай, эмэгтэй “А” болон 23 настай, эрэгтэй “Т” нар нь 2022 оны 06 дугаар сараас хойш цахим орчинд байр түрээслүүлэх худал зар нийтэлж, одоогоор 17 удаагийн үйлдлээр бусдыг залилсан нь тогтоогдоод байна. Иймд байр түрээслэхээр залилуулсан иргэд тус цагдаагийн хэлтэст хандан хамтран ажиллах хэрэгтэй байна: Байр, орон сууц зарах, түрээслэх зар, мэдээллийг ашиглан бусдыг залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа тул аливаа мэдээллийн үнэн, зөв эсэхийг сайтар нягталж энэ төрлийн гэмт хэргээс урьчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

1 ... 170 171 172 173 174 175 176 177 178 ... 328