НЭГҮҮН МЭДЭЭ
“МИАТ” ТӨХК ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭ БҮРЭН БАРАГДУУЛЖЭЭ

“МИАТ” ТӨХК 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл болох 443 сая иен буюу 10 тэрбум төгрөгийн төлбөрийг нэг дор шилжүүлж, зээлийн үлдэгдлээ хаасан байна. Ингэснээр “МИАТ” компани төрийн өмчит компаниудаас зээлээ бүрэн барагдуулсан анхны компани болж байгаа талаар Хөгжлийн банкнаас мэдээллээ. Тус компани Засгийн газрын 2013 оны 137 дугаар тогтоолын дагуу АНУ-ын “БОИНГ” компаниас B767-300ER агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулж, шаардлагатай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас гүүрэн зээл авсан. 2015 оны байдлаар нийт 15.1 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2017 онд Самурай бондын санхүүжилттэй уялдуулан иенийн зээлд хөрвүүлжээ. Уг зээлийг төлөх эцсийн хугацаа нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байсан юм. Засгийн газраас баталсан тогтоолоор төрийн өмчит компаниудыг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг яаралтай барагдуулах чиглэл өгсөний дагуу, мөн Сангийн яамнаас баримталж буй “Самурай” бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулах бодлогод нийцүүлж ийнхүү зээлийн төлбөрийг хугацаанаас нь хоёр сарын өмнө бүрэн төлж барагдууллаа.

АМ.ДОЛЛАР ОЛДОЦГҮЙ БОЛЖЭЭ

Ам.долларын олдоц багассаныг “Найман шарга” захын ченжүүд онцолж байна. Цахим сүлжээнд байршуулсан нэгэн жиргээнээс олж үзвэл, дээрх шалтгаанаас үүдэн зарим валют арилжааны газрууд ханшаа байрлуулаагүй байгаа гэнэ. Харин зарим хувь ченж цахим хуудастаа “Орос иргэд их хэмжээ ам.доллар солиулж байгаагаас “ногоон”-ы олдоц буурсан” гэж байна.Төгрөгтэй харьцах ам.долларын ханш өссөнтэй холбоотойгоор төгрөг, юань, рубль зэрэг валютаа ам.доллароор солиулах хүсэлтэй иргэд олширсон аж. “Фэйсбүүк” сүлжээний гадаад валют авах, зарах болон мөнгөн тэмдэгтүүдийн ханшийн талаар мэдээлэл оруулдаг группт ам.доллар сураглах хүн олон байх. Иргэд өөрийн албан ёсны болон хуурамч хаягаас 1-20 мянган ам.доллар худалдаалах ченж, хувь байгааг сураглаж байна. Ингэхдээ арилжааны банкууд ам.доллар гаргахгүй, зарим нь “үнэнч хэрэглэгч”-иддээ хязгаартай ам.доллар олгож байгаа гэнэ. Сүүлийн үед Монголбанк болон бусад арилжааны банканд ам.долларын нөөц багасаж, өдрийн ам.долларын гүйлгээнд хязгаар тогтоосон гэх шуум бий. 2022 оны гарснаас хойш олон улсын зах зээлд газрын тосны үнэ 50 гаруй хувиар өссөн. Монгол Улс жилд нэг тэрбум орчим ам.доллароор 1-1.2 сая тонн шатахуун импортолж, хэрэглээгээ хангадаг. Тэгвэл газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор зөвхөн шатахууны импортод зарцуулах мөнгө 300-400 сая ам.доллароор нэмэгдэх болсон нь Монгол Улсын нөөц ам.долларт нөлөөлж болзошгүй.

ТЕНДЕР БУДЛИАНТУУЛСАН “ХЭРГИЙН ЭЗЭН” АТГ-Т ШАЛГАГДАХ УУ?

Төрийн аль ч шатны байгууллагад тендер, төслийн сонгон шалгаруулалтын маргаан, авлига, ашиг сонирхлын асуудал яригдсаар ирсэн нь нууц биш. Авч байгаа нь ч тэр, өгч байгаа нь ч тэр. Ардаа асар их ашиг сонирхол дагуулсан сонгон шалгаруулалт бодит байдал дээр хэрхэн өрнөдөг талаар ихийг өгүүлэх баримтууд ч иргэдийн дунд олон. Үүний нэг жишээ нь, Монгол Улсын Сангийн яамнаас зарласан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөв, барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэх” тендерийн сонгон шалгаруулалт юм. Тус сонгон шалгаруулалтад хууль ёсны дагуу бүх бичиг баримтыг бүрдүүлж, зохих шаардлагыг хангасан компаниуд оролцох ёстой атал Сангийн яамнаас илтэд давуу талыг баримтлан, багагүй зөрчилтэй нэгэн компанийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн шууд шалгаруулсан нь ихээхэн маргаан үүсгээд байна. Тухайлбал, Сангийн яамны цахим систем дээр шалгарсан гэх “Цагаан хорол” нэртэй тус ХХК нь гэрээ дүгнэсэн акт байхгүйн дээр зөвхөн улсын комиссын актыг хавсаргасан, мөн тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулаагүй ирүүлсэн зэрэг зөрчлүүд нь АТГ-ын шалгалтаар илэрч, энэхүү сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэхэд хүрсэн аж. Угтаа бол, дээрх зөрчил нь ТШЗ-16.1-д тодорхой заасан, бүрдүүлэх ёстой бичиг баримтын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно гэх наад захын журмыг зөрчсөн үйлдэл боловч Сангийн яамнаас үүнийг хянан үзэлгүй, дур мэдэн шалгаруулсан нь будлиан үүсгэх гол шалтгаан болжээ. Иймд тендерт оролцсон компаниудын зүгээс Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст өргөдөл гаргаж, уг асуудлыг хууль ёсны дагуу нарийвчлан шалгаж өгөх хүсэлтээ гаргасан байна. Тендерийн үнэлгээний хороо нь Авлигын эсрэг хуулийн 3.1.3-д заасны дагуу хууль ёсны үйлдэл хийхгүй байх, мөн 3.1.4-д зааснаар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг далдуур бий болгож байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй хэмээн тэд үзэж байгаа аж. АТГ-аас ч дээрх сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх болсон нь асуудлыг хянан шалгахад анхаарсны нэг илрэл биз ээ. Энэ мэтчилэн эрх мэдэл, албан тушаалын давуу талаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлоо төрийн ажлаас дээгүүрт тавьсан дарга нарын хууль бус шалгаруулалтын цаана хэчнээн иргэн, аж ахуйн нэгж, компаниуд цаг зав, мөнгө санхүүгээрээ хохирч үлддэгийг тоолоход бэрх. “Тендерийн будлиан, маргаанаас болоод улсын бүтээн байгуулалтын ажил таг зогсдог. Цаашлаад будлиан дагуулсан сонгон шалгаруулалт нь ажлын гүйцэтгэл, чанар муутай байдаг асуудлыг таслан зогсооно” хэмээн эрх баригчид индэр дээрээс амаа хаттал ярьдаг ч, энэ он жилүүдэд хөрсөн дээр хэрэгжилгүй хөөс болж замхарсан нь олонтаа. Тэгвэл одоо зөвхөн яам, агентлаг гэлтгүй төрийн аль ч шатны байгууллагад нүүрлэсэн энэ мэт бугшмал асуудлыг АТГ-аас хэрхэн хянаж, авлигын сүлжээг таслан зогсоохыг харах л үлдлээ.

103 ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВИЙН АЛБА ХААГЧИД НАС БАРСАН ИРГЭДИЙН ХАЯГИЙГ БУЯНЫ КОМПАНИД ӨГЧ, ХАХУУЛЬ АВЧ БАЙЖЭЭ

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)--аас эрүүгийн 745 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 721 хэрэг шалгагдаж байна. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг АТГ-аас мэдээллээ. ТОДРУУЛБАЛ: Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

АВТОМАШИНГҮЙ ӨДӨР ИРЭХ НЯМ ГАРАГТ ТОХИОНО

Дэлхийн “Автомашингүй өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл энэ жил Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 383 жилийг ойг угтан 2022 оны есдүгээр сарын 25-ны ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгааг албаныхан хэллээ. Уг өдрийг тохиолдуулан төв замын автозамыг тодорхой цагуудад хааж, дугуйтай болон явган зорчигч явах нөхцөлийг бүрдүүлдэг билээ.

Ж.СОРОНЗОН АЖЛАА ӨГӨХӨӨСӨӨ ӨМНӨ ӨӨРИЙГӨӨ “ОРЛОГЧ ЗАХИРАЛ”-ААР ТОМИЛЖЭЭ

Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон БШУ-ын сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу өнгөрсөн долоо хоногт /2022.09.16/ тус сургуулийн захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Болорт ажлаа хүлээлгэн өгсөн. Тэгвэл Ж.Соронзон ажлаа өгөхөөсөө өмнө өөрийгөө орлогч захирлаар томилсон шийдвэрийг гаргаж, өөрөө гарын үсгээ зуран баталгаажуулжээ. Мөн Ж.Соронзон захирлыг ажлаа өгөхөөс нь өмнө буюу есдүгээр сарын 14-ний өдөр сургуулийн эцэг эхийн төлөөлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Тухайлбал, •Монгол Оросын хамтарсан сургуулийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх нь зүйтэй гэж үзжээ. Тус сургуулийн удирдах зөвлөл нь нийт 13 гишүүнтэй аж. Үүнд, эцэг эхийн төлөөлөл-3, багш-1, сурагч-1,ОХУ-ын талаас Буриад улсын Боловсролын сайд, Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яам-6 хүнээс бүрддэг байна. Тэгвэл УЗ-ийн эцэг эхийн төлөөллийн 3 гишүүн нь өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөж, улмаар шинээр 3 эцэг эхийн төлөөллийг нэр дэвшүүлжээ. Харин БШУЯ-нд ажилладаг төлөөлөгчдийг сургуулийн эсрэг ажиллагаа явуулдаг хэмээн үзэж, гишүүдийг халах солих асуудлыг дэвшүүлэхээр тогтжээ. -Боловсрол шинжлэх ухааны сайдыг огцруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарт албан шаардлага хүргүүлэхээр тогтсон байна. •Эцэг эхийн зөвлөлийг ТББ хэлбэрээр зохион байгуулж, сургууль, сурагчдынхаа эрх ашгийг хамгаалах боломж бүрдэнэ гэж үзэж, улмаар ТББ тамга тэмдгээ авч, данс нээснийхээ дараа эцэг эхчүүдийг сайн дурын үндсэн дээр сургууль болон сурагч багш нараа хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд хандив өргөхийг уриалах нь зүйтэй гэж үзсэн аж. Ямартай ч олны анхаарлын төвд ороод байсан Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон ажлаа өгч, орлогч захирлаар өөрийгөө томилж, эцэг эхчүүд нь сургууль, сурагчдын эрх ашгийг хамгаалахаар нэгдэж, тууштай тэмцэхээр болжээ.

ЯПОНООС СЭЛБЭГ ХЭМЭЭН ЯВАХ БОЛОМЖГҮЙ МАШИН ОРУУЛЖ ИРЭН 35 САЯАР БОРЛУУЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Да хүрээ” худалдааны төвд тээврийн хэрэгсэл худалдан борлуулдаг ченж Мах Болдоо хочтой Б нь Япон улсаас ашиглах боломжгүй болсон цагаан өнгийн TOYOTA CROWN маркийн автомашиныг Монгол Улсын хилээр задаргааны сэлбэг нэрээр гаалийн бүрдүүлэлт хийн оруулж, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Вьетнам авто засварын газарт засуулах явцдаа TZ 30WHYRTFDLLLL арлын дугаарыг өөрчилж, 0002 УАА улсын дугаар тээврийн хэрэгслийг Б нь өөрийн нэр дээр авч улмаар худалдааны сайтад худалдах зар байршуулан иргэн Г-т 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 35 сая төгрөгөөр зарж, залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарчээ. Иймд иргэд та бүхний автомашин худалдаж авахдаа, сайтар шалган худалдан авч байхыг сэрэмжлүүлж байна.

ҮСХ:ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 0.9 ХУВИАР БУУРЧЭЭ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 9.7 хувиар өсч, өмнөх сараас 0.9 хувиар буурсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.7 хувь, мах, махан бүтээгдэхүүн 2.4 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 27 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.8 хувьтай байгаа нь нөлөөлжээ. Мөн хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 17.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.2 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Г.БААСАН:ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮГЧИД ИРГЭН Ч.МӨНХБАЯРЫН ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДЭХЭЭС ТАТГАЛЗАЖ БАЙНА

Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан зургаа дахь хэвлэлийн хурлаа хийлээ. Тэрбээр "Давж заалдах шатны шүүгчид Ч.Мөнхбаярын хэргийг шийдэхээс татгалзаж байна. Яагаад нэг прокурорын татгалзлыг яагаад хүлээж авахгүй удаашруулаад байгаа юм бэ. Үүний цаана юу оршиж нуугдаж байна. Сэтгүүлч Ч.Мөнхбаяр хоригдоод долоон сар гаруй хугацаа өнгөрлөө. Гадаадын тагнуулаас их хэмжээний мөнгө авсан гэж ор үндэслэлгүй гүтгэсэн. Гэмт хэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй. Тодруулаагүй олон зүйл бий. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Тавдугаар сард давж заалдах шатны шүүх хурал болсон. Шүүх хурлын магадлалдаа маш ноцтой зүйл хийсэн. Тэд энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Энэ нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү шилжүүлж Мөнхбаярыг хилсээр шийтгэ гэсэн. Нотлох баримт эргэлзээтэй байхад гэм буруутай гэдэг үндэслэлээр шийтгэж 10 жил өгсөн. Тэгээд давж заалдах шатны шүүхэд хэрэг ирсэн. Тиймээс шүүгчээс татгалзсан. Хүн гүтгэж, өөрөө гэмт хэргээ хамтарч хийдэг прокурортой шүүхэд орохгүй гээд татгалзсан юм. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс бидний татгалзлыг хүлээж аваагүй" гэлээ.

ЭХНЭРИЙНХЭЭ ЗУРГИЙГ ”САНХҮҮ АВНА” ГЭХ ТАЙЛБАРТАЙ СОШИАЛД БАЙРШУУЛЖЭЭ

Болд нь гэртээ байхдаа “Таван Толгой, Цагаан хад Ганц-мод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар”, “Санхүү өгнө, авна”, “Санхүү авна”, “…Зарын Нэгдсэн Групп” зэрэг нэртэй фейсбүүк группүүд дээр өөрийн хэрэглэдэг цахим хаягаас Болор, Гэрэл нарын гэрэл зургийг “Хөх өгзөг сайтай 2 охин санхүү авна, урьдчилгаа авахгүй, шууд залга” гэсэн тайлбартай тэдгээрийн утасны дугаарын хамт байршуулсан мэдээлэл тараажээ.Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг ойлгохоор хуульчилсан. Болд нь эхнэр Болортой гэр бүлийн таарамжгүй харилцаатай байх үедээ фейсбүүк орчинд Болор, түүний найз Гэрэл нарын гэрэл зургийг дээрх тайлбар, мэдээллийн хамт байршуулсан үйлдлийг шүүх хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт тооцож шийдвэрлэсэн.Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “… хэний ч нэр төрийг гутаан доромжилж болохгүй…” гэж хуульчилсан ба Болд нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл (Илт худал мэдээлэл гэж огт үндэслэлгүй, худал хуурмаг мэдээ, баримт сэлтийг ойлгоно. Илт худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн буюу мэдээллийг цахим орчинд тараасан)-ийг олон нийтэд тараасан гэж үздэг.Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг оногдуулахаар заасан. Болд гэм буруугаа ойлгож ухамсарласан, анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,200,000 (нэг сая хоёр зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосон. Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар

1 ... 168 169 170 171 172 173 174 175 176 ... 328