НЭГҮҮН МЭДЭЭ
Д.ЗАГДЖАВЫГ ШАЛГАСАН АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАРТ ТАНИЛЦУУЛСАНЫ ДАРААГААР ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЛЭНЭ

ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал Д.Загджавтай холбоотой сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд нь ХЗДХ-ийн сайдын тушаалаар шалгалт оруулсан. Уг шалгалтын ажлын хэсгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ахалж байгаа.Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдийн асуусан асуултанд "ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлт өнөө орой гарна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсан зарим хүмүүс маань орон нутгийн хорих ангиуд руу шалгалтаар яваад хараахан ирээгүй байна. Бид нийтдээ гурван төрлийн шалгалт оруулсан ажлын хэсгийн дүгнэлт гармагц ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт танилцуулна. Үүний дараа хэвлэл, мэдээлэл олон нийтэд нээлттэй мэдээллийг хүргэнэ" гэлээ.

“ЭКО КОНСТРАКШ”ХХК-ИЙН ЗАХИРАЛ С.НЯМДАВААГИЙН ХҮРГЭН НЬ ЦАГДАА АХТАЙГАА ХАМТРАН БАЙРНЫ М2 ӨӨРЧЛӨН ХУДАЛДАН БОРЛУУЛЖЭЭ

“Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваагийн хүргэн Ө.Б нь өөрийн төрсөн ах болох “Цагдаагийн алба хаагч” Ө.Б -тэй хамтран орон сууцны хэмжээ /мкв/-ыг өөрчилж, бусдад худалдан борлуулжээ. Хэргийг ХУД дэх цагдаагийн хэлтэст шалгаж, прокурор нь хэргийг хэрэгсэхгүй болгож хаажээ. Гэвч дахин гомдол гаргаснаар хэрэг шалгагдаж эхэлсэн ч шалгалтын ажиллагаа удаашралтай байгаа аж. Цагдаагийн алба хаагч Ө.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цагдаагийн шалгалтад нөлөөлж байж ч болзошгүй гэх мэдээлэл байна. Хэргийг тодруулбал : ХУД-ийн 17-р хороо, “Кинг товер” хотхоны 121-р байрны 209 тоот 105 мкв гурван өрөө байрыг цагдаагийн алба хаагч Ө.Б нь, төрсөн дүү “Эко констракшн” ХХК-н захирал С.Нямдаваагийн хүргэн Ө.Б нар 2022 оны гуравдугаар сард хуурамч бичиг баримт бүрдүүлэн 79,95 мкв болгон өөрчилж, ипотекийн зээлд хамруулан 280 сая төгрөгөөр бусдад зарж, хохирол учруулжээ. Энэ хууль бус асуудалд ХУД-ийн улсын бүртгэлийн эрх бүхий албан тушаалтан, прокурор, цагдаа, байрны зураг өөрчилсөн компани зэрэг маш олон хүн холбогдож байгаа ч хэргийн шалгалтын явц удаашралтай хэрэг бодитоор шударга шийдвэрлэгдэх эсэх нь “эргэлзээтэй” байгаа аж. Нэгүүн нэхэн сурвалжлана.

НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР (НШШГГ)-ЫН ДАРГА АСАН, ХУРАНДАА Б.ЦОГЖАРГАЛ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ БҮРТЭЭ ТУШААЛ “ДЭВШДЭГ” ҮҮ ?

О.Магнайгийн ээжид давуу байдал бий болгосон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал-ын хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцааж байсан бол хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг дахин прокурорт шилжүүлжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”, 17.3-1 дэх хэсгийн бусдын эд хөрөнгө залилсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Хэргийн талаар тодруулбал, “Седарс” гэх ХХК-иас 723.8 сая гаруй төгрөг гаргуулахаар хандсан төлбөр авагч иргэн С.Отгонжаргал буюу О.Магнайгийн ээжид давуу байдал бий болгох зорилгоор Б.Цогжаргал тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарч 2018 оны тавдугаар сарын 2-ноос зургадугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн байдаг. Үүний улмаас “Седарс партнерс” ХХК-ийн Баянгол дүүргийн нутагт байрлах 332 ам метр талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газар болон 25.5 хувийн гүйцэтгэлтэй байсан, дутуу барьсан барилгыг иргэн С.Отгонжаргал болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн давуу байдал бий болгож, уг компанид 1.1 тэрбум гаруй төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан. Ингэхдээ төлбөр авагч С.Отгонжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Магнай, Ж.Очирхуяг нартай уулзсаны дараа, тэдэнд давуу байдал бий болгох зорилгоор шийдвэр гүйцэтгэгчид дам нөлөөлж, “Илүү хурдан шуурхай ажиллагаа явуул, яг наад материалаа хурдан шийд, одоо гараад шийд, үр дүн гарга” гэх зэргээр удаа, дараа үүрэг чиглэлийг өгч байсан хэмээн буруутгадаг. Мөн “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн газрын хуучин гэрчилгээг хүчингүй болгож, эзэмших эрхийг нь “төлбөр авагч С.Отгонжаргалын нэр дээр шилжүүлэн шинээр гэрчилгээ олгож хариу ирүүлнэ үү” гэсэн албан бичиг ч дээрх хүмүүс Нийслэлийн газрын алба, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн тасагт хүргүүлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Отгонжаргалын хэргийг хариуцсан 182 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг ажлаа хийж байхад нь “хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч байхгүй учир энэ материалд ажиллагаа хий” гэж 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуунд хариуцуулж өгсөн нь ч тогтоогдсон. Хууль зөрчин төлбөр төлөгч “Седарс” бус, тус аж ахуйн нэгжийн охин компани болох, шийдвэр гүйцэтгэх хуудаст заагаагүй “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу барьсан барилга зэрэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авсан, “Седарс” ХХК-ийг төлөөлөх эрх нь дууссан иргэн Ц.Цэцэнбилэгийг эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгэнэ, цагдан хорино гэж дарамтлан “С.Отгонжаргалд өгөх 723.8 сая төгрөгийн төлбөрт “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилгыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн бичиг хийлгэж, тамга даруулсан. “Седарс партнерс” ХХК-ийн газар болон дутуу гүйцэтгэлтэй барилгыг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуягт шилжүүлэн өгч, хадгалалт хамгаалалтыг хариуцуулсан нь ч шалгалтаар тогтоогджээ. Баянгол дүүргийн II хорооны нутаг дахь газарт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итан хөрөнгө оруулж бариулсан, 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяын өр төлбөрт тооцон шилжүүлсэн байдаг. Дашрамд дуулгахад уг хэрэгт яллагдагчаар татагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал өнөөдрийг хүртэл ажлаа хийж байгаа. Түүнтэй хамт энэ хэрэгт татагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид ажлаасаа чөлөөлгдсөн байхад Б.Цогжаргал чөлөөлөгдөхгүй ажлаа хийсээр байгаа ба эх сурвалжуудын мэдээллээр хурандаа Б.Цогжаргал гэмт хэрэгт холбогдох бүртээ тушаал “дэвшдэг” ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шударга бус байдал үүслээ гэх болсон бөгөөд бид түүнээс тус хэргийг тодруулж энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

ДУГУЙ ЦАГААНЫ ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ “ЦАГААНТОЛГОЙ НУУР” ХХК-ИЙГ ТЕНДЕРГҮЙ ШАЛГАРУУЛЖЭЭ

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар түүний Ахлах зөвлөх Д.Мөнх-эрдэнэ нар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр : Дугуй цагааны тохижилтын ажлыг шалгахаар очсон ч ажил урагшгүй яваад бухимдсан мэдээлэл олон нийтэд мэдээлэгдэж энэ мэт хошин хэлбэрээр ч түгэв. [media=https://www.facebook.com/GeckProducer/videos/785894962668560 end] Дугуй цагааны тохижилтын ажлыг Нийслэлийн Хот тохижилтын газар гүйцэтгэж байгаа гэх тайлбарыг өгч байсан боловч уг ажлыг гүйцэтгэж байгаа “Цагаантолгой нуур” ХХК-ийг тендергүй шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлж байгаа ба “хамаарал бүхий” этгээд гэх сурвалжийн мэдээлэл ч байна. Тус ажил нь өнгөрөгч 06 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн боловч эхэлсэн өдрөөс хойш 4 сарын хугацаа өнгөрсөн нь зураг төслийг удаа дараа өөрчилсөн, авто зам барихаар төлөвлөсөн боловч батлагдсан зураг төсөлгүй, ажил удааширсан нь гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх чадвар, хөрөнгө мөнгөний асуудалтай, компанийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал аж. Гэвч ийм байхад нийслэлийн засаг дарга нь иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч буруугаа хувийн хэвшил рүү чихэж байгаа аж. Гэвч үнэндээ энэхүү тохижилтын ажил нь Нийслэлийн 2022 оны төсөвт “Ар зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилтын ажил хэмээгдэн 6.3 тэрбум төгрөгийн төсөвтэй тусгагдсан ч Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтын төсвийг бүр мөсөн хасаж батлагдсан байдаг. Харин хөрөнгө оруулалтын эх үүсвэр тодорхойгүй Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Хот тохижилтын газар нь тендергүйгээр “Цагаантолгой нуур” ХХК-д уг ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан нь хууль хяналтын байгууллагын ч анхаарал татахуйц асуудал юм. Дугуй цагааны тохижилтын ажлыг зохион байгуулахдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3 зүйлд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулаагүй ба мөн л хуулийг зөрчжээ.

“САМУРАЙ” БОНДООС БУСАД ӨР, ТӨЛБӨРИЙГ ЗЭЭЛЭЭР ДАХИН САНХҮҮЖҮҮЛНЭ

Ирэх онуудад санхүүгийн урсгал дансны алдагдлыг нөхөхөөргүй түвшинд байна. Үүнд, санхүүгийн дансны голлох орох урсгалыг бүрдүүлж буй Оюу толгойн далд уурхайн төслийн ажлууд жигдэрч байгаатай холбогдуулан хөрөнгө оруулалт төлөвлөгөөний дагуу алгуур буурна. Харин гарах урсгалын хувьд Гэрэгэ бондын үлдэгдэл 540 орчим сая ам.доллар, МУХБ-ны Евро бондын 500 сая ам.доллар, МУХБ-ны Самурай бондын 235 сая ам.доллар, Хуралдай бондын 600 сая ам.доллар, Хятадын ардын банкны своп хэлцэл зэрэг томоохон хэмжээний эргэн төлөлтүүд хүлээгдэж байна. Суурь төсөөлөлд Самурай бондоос бусад өр, төлбөрүүдийг гадаад бонд, зээлээр дахин санхүүжүүлнэ гэж үзсэн. Хэрвээ эдгээр гадаад өр, төлбөрүүдийг дахин санхүүжүүлэх боломжгүй, эргэн төлөх шаардлага үүссэн тохиолдолд гадаад санхүүжилтийн хэрэгцээ улам нэмэгдэх эрсдэлтэй байна.

АНУ-Д МОНГОЛ ЭРЭГТЭЙ ХАМТРАН АМЬДРАГЧАА ХҮЧИРХИЙЛЖ, ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Энэ сарын 18-ны өдөр (2022.10.18) АНУ-ын Чикаго хотын Нортфилд Тауншип хотхонд монгол эрэгтэй хамтран амьдрагчаа хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Ш.Т гэгчийг аллага, бэлгийн хүчирхийлэл, биенд хүнд гэмтэл учруулсан хэргээр баривчилан бөгөөд одоогоор цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж. Хэрэг гарсны дараа цагдаа нар дуудлагаар очиход, таван сар хамт амьдарсан 61 настай монгол эмэгтэй ноцтой гэмтлийн улмаас газар дээрээ амьсгал хураасан байжээ. Шинжилгээгээр хохирогч эмэгтэй тархиндаа хүнд бэртэл авсны улмаас цус харвасан хэмээх дүгнэлт гарчээ.

ГАДАГШ ЗОРЧИХДОО ЛАМЫН УТЛАГА, РАШААН АВЧ ЯВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Лондон явсан хүнд рашаан, арц утлага дайж явуулаад арцыг нь хар тамхины нэг төрөл гэж үзээд, рашааныг нь шинжлээд 1 дусал нь 1000 м³ цэвэр ус бохирдуулах нянтай гэж гараад тэр хүний амьдрал дээсэн дөрөөн дээр байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Иймд утлага арцыг хар тамхины төрлийн зүйл гэж хүлээж авах эрсдэлтэй тул хүний дайвар ачаа авахгүй байхыг анхааруулж байна.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОДОО ШҮҮХИЙГ Л ХАРЖ БАЙНА, ТА НАР Ч БАС НҮД ЦАВЧИЛГҮЙ ХАРААРАЙ

“...АТГ-аас прокурорт, прокуророос шүүхэд шилжлээ” гэсэн мэдээлэл тасардаггүй хэдэн том хэрэг бий. “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Хөгжлийн банкны хэрэг зэргийг дурдаж болно. Тэгсэн хэрнээ эдгээр хэргийг хэн, хаана гацаагаад байдаг нь тодорхойгүй. Хууль хяналтынхан ч нарийн мэдээлэл өгөхөөс аль болох зайлсхийдэг. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ийм хэргүүдийн талаарх асуудлыг хөндсөн байна. Тэрбээр баасан гарагт буюу энэ сарын 19-нд болсон Засгийн газрын хуралдаан дээр дээрх хэргүүдтэй холбоотой нэр бүхий том компаниудын ТУЗ-дөө мэдэгдэлгүйгээр Засгийн газрын тогтоолоор томоохон дүнтэй зээл хуй, хөрөнгө оруулалтыг шууд шийддэг байсан баримт бичгүүд, одоог хүртэл нийтийн эрх ашгийг илтэд зөрчиж, нууцалж ирсэн элдвийн гэрээ сэлтийг ил болгох чиглэлийг өгчээ. Мөн маргааш нь буюу 20-ны бямба гаригт Иргэний хөдөлгөөний төлөөллүүдтэй уулзжээ. Уулзалтад 30 гаруй хүн очсон байна. Тэр үеэр Ерөнхий сайд “...Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газраас “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк зэрэг нийтийн эрх ашгийг зөрчсөн томоохон асуудлуудыг шийдэхэд ихээхэн анхаарал тавьж ажилласан. Эдгээртэй холбоотой хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн. Хөгжлийн банкны хэрэг дээр л гэхэд бүх баримт бичгийг хууль хяналтын байгууллагынханд гаргаж өгсөн. Одоо олон нийт, хууль хяналтынхны ярьдагчлан эдгээр “Олны анхаарал татсан томоохон хэргүүд” шүүхийн мэдэлд очиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд шүүхийг л харж байна. Та нар ч бас нүд цавчилгүй, анхааралтай харж байгаарай” гэсэн байна. Эх сурвалж:"Зууны мэдээ" сонин

С.БАЯРЦОГТ, П.БАТСАЙХАН, ШҮҮГЧ ГУРАВ УЛСТӨРЧДӨД "ТАТГАЛЗАХЫН АРГАГҮЙ САНАЛ" ТАВЬДАГ БОЛСОН ГЭВ ҮҮ?

Монголын улстөрчид бизнесийнхэн хийгээд хууль шүүхийнхэнтэй хэт дотносдог. Тэгээд улс төр, бизнес, хууль шүүхийн үйл ажиллагааг өөрсдийнхөөрөө хөдөлгөдөг. Чухамдаа тэр бүтцийг "хонгил" гэж нэрлэдэг. Гэхдээ "хонгил" зөвхөн өнөө цагийн улс төрийн эрх мэдлийг дагаж “баригддаггүй” аж. Ирээдүйд тэр эрх мэдэлд хүрэх улстөрчийг ч барааддаг юм байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголд дээрх зохион байгуулалт бүхий “хонгил” баригдаж байж болзошгүй байна. Тодруулбал, АН-ын даргад горилж буй Сангийн сайд асан С.Баярцогт, "АПУ"-гийн П.Батсайхан, бас нэг нөлөө бүхий шүүгч гурав улстөрчдийг дуудаж уулздаг болжээ. Хэн нэгийнхээ гэрт, эсвэл олон нийт төдийлэн мэдэхгүй газарт хамт сууж байгаад “бай”-г дууддаг. Ирэхээр нь тухайн улстөрчийн өөртэй нь юм уу, хамаарал бүхий этгээд, компанитай нь холбоотой хууль, шүүх дээр яваа асуудлыг "...Зохицуулна" хэмээдэг. Харин зохицуулахын тулд улс төрийн болон бусад дэмжлэг нэхдэг юм байна. Мэдээж хэрэг, улстөрчийн хувьд хоолойд тээглэсэн чухал асуудал гэдэг нь тодорхой. Тиймээс С.Баярцогт, П.Батсайхан, шүүгч гурвын тавьдаг “татгалзахын аргагүй санал”-д “...Үгүй” гэж хэлж чадалгүй гарч ирдэг байгаа юм. Гэвч тэднээс ийм санал авсан улстөрчид нэмэгдэж, энэ талаар улс төрийн хүрээнд жиг жуг яриад эхэлжээ. Учир нь тэдэнд дуудагдаж очсон улстөрчид ихэд бухимдалтай байна. Зарим нь тэдний тавсан “санал”-ын талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэхэд бэлэн байгаа юм байна. Дашрамд хэлэхэд, С.Баярцогтын хувьд 2016 оноос хойш Оюу толгойн асуудлаар шалгагдаж, гурван шатны шүүхээс хорих ял шийтгүүлсэн. Харин өнгөрсөн наадмын өмнөхөн хэргийг нь АТГ-ын саналаар Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. Түүнээс хойш хот хөдөөгүй, тэр байтугай Америкт ч улс төрийн чухал уулзалтуудыг хийх болсон юм. Тэдгээрийн олонхид нь “АПУ”-гийн П.Батсайхан хамт явдаг. Мэдэгдэж буйгаар, зун Хөвсгөлд, намар Амарбаясгалант хийдэд очиход нь хамт л онгоцоор ниссэн байдаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХОРИХ АНГИЙН АЖИЛТНУУД ХООРОНДОО ЗОДОЛДСОН ҮЙЛДЛИЙГ НУУН ДАРАГДУУЛСАН УУ?

Хоригдогчдын эрх гэж хамгийн их дуугардаг ХЭҮК-ынхон юу ч сонсоогүй байдаг нь хачирхалтай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч, ШШГЕГ-ын үйл ажиллагааг шалгаж буй гэдгийг тус яамны удирдлага мэдээлсэн. Тэгвэл ШШГЕГ-ын харьяа хорих ангийн удирдлагын нуун дарагдуулсан хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийг сайтар шалгана гэдэгт итгэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харьяа Сэлэнгэ аймаг дахь Цагдан хорих байр болон Мандал сум дахь хорих ангид хүмүүжиж байгаад суллагдсан иргэд хянагчдадаа зодуулсан тухай гомдол тус аймгийн Цагдаагийн газарт нэгэн зэрэг шахам ирснийг бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, тус аймгийн төв дэх Цагдан хорих байрны аж ахуй, үйлчилгээнд ажил хийж байгаад саяхан суллагдсан 19 настай Б, 31 настай Л нар хянагч А.Ариунбадрахад 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд зодуулсан хэмээн өргөдөл өгсөн билээ. Бүтэн жил өнгөрчихөөд байхад яагаад гэнэт ийнхүү өргөдөл өгснийг гайхах хүн цөөнгүй. Тэгвэл орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр хорих ангийнхан хүний эрх зөрчсөн эл үйлдлээ ихэд нууцалж холбогдох албан тушаалтнуудтайгаа нийлж дарсан аж. Сэлэнгэ аймаг дахь ШШГА-ны дарга, төлөөлөгч, ээлжийн дарга зэрэг хүмүүс нь хяналтын прокурортойгоо нийлж хянагч А.Ариунбадрахын хүний эрх зөрчиж, ялтан 19 настай Б, 31 настай Л нарыг зодон биеийг нь хөх эрээн болгосон зураг, бичлэгийг ч устгаад уг үйлдлийг дарагдуулсан гэнэ. Үүний дараа хянагч А.Ариунбадрах хүсэлтээрээ ажлаасаа гарчээ. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан нарийвчлан шалгаж буй бөгөөд шинэхэн мөрдөгч нь шударгаар шалгаж, прокурорууд нь хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хоригдож буй хүмүүжигч нарыг эрх зөрчигдөж байхад хохирогчдын эрхийг ярьдаггүй атлаа хоригдлуудын эрхийг дээдлээд байдаг өнөөх Хүний эрхийн үндэсний комиссынхон юу ч мэдээгүй мэт байсаар, шалгаж очсон хэрнээ хэрэг явдлыг дуулаагүй мэт өнгөрөөж байгаа нь харамсалтай. Хорих ангиудын хянагч нар хүмүүжигчдээ зодсон асуудлаа нууцлаад өнгөрснөөс гадна эрх бүхий албан тушаалтнууд нь хоорондоо зодолдож нэгэндээ гэмтэл учруулсан үйлдлийг ч нууцлаад өнгөрсөн байгаа юм. Бидэнд олдсон мэдээллээр ШШГЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангийнхан энэ сарын эхээр ангийнхаа ойг тэмдэглэсэн байх юм. Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, тэрүүхэндээ нууцхан арга хэмжээ зохион байгуулсны дараа халамцаж муудалцсан эрх бүхий албан тушаалтнууд нь хоорондоо зодолдож нэг нь нэлээд хэд хоног хэвтрийн дэглэм сахисан гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэлж байна. Өөр нэг эх сурвалж “Хорих 435 дугаар ангийн албан тушаалтнууд зодолдоод нэг хүнийх нь хамар хугарсан” хэмээв. Уг нь хорих 435 дугаар анги Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гэхдээ саяхан тус ангийн эрх бүхий албан тушаалтнууд тус сум дахь шүүх, прокурорын нөлөө бүхий албан тушаалтныг дагуулан Дархан-Уул аймаг дахь нэгэн караокед ирж уулзалдсан гэх мэдээлэл бий. Магадгүй энэ нь хорих ангийн албан тушаалтнууд хоорондоо зодолдсон хэргээ нуун дарагдуулах гэсэн санаархал ч байж болно гэж хардах хүн цөөнгүй байна. Юутай ч ХЗДХЯ-наас харьяа агентлаг болох ШШГЕГ-таа оруулсан шалгалтын дүнг маргааш гарна гэдгийг сайд нь ч, Төрийн нарийн бичгийн дарга нь ч хэлсэн. Энэ бүхний эцэст ШШГЕГ-т, түүний харьяа хорих ангиудад сахилга хариуцлага алдагдаж, хоригдогчдын эрх зөрчигдсөн асуудалд хариуцлага тооцох биз ээ.

1 ... 142 143 144 145 146 147 148 149 150 ... 317