НЭГҮҮН МЭДЭЭ
800 ХЯТАДЫН ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН НЭГ ЛЬЮ ТИНХУАД ЯЛ ШИЙТГЭЛЭЭ

Монгол Улсад орж ирээд гэмт үйлдэл өдүүлэхийг завдсан 800 гаруй хятад хүнийг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран 2019 оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө саатуулсан нь тухайн үедээ дуулиан тарьж байсан билээ. Эл хэргийн нэг холбогдогч, БНХАУ-ын иргэн Лью Тинхуад холбогдох хэргийг тусгаарлаж, бусдад нь ял шийтгэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудал болон Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь нэгэн орон сууцыг хөлслөн 2019 оны ес болон аравдугаар сараас хойш БНХАУ-ын 818 иргэн сууж байсан бөгөөд тэднийг 15 хүн зохион байгуулан манай улсад оруулж, гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. НПГ-аас гол зохион байгуулагч 15 хүнийг Эрүүгийн хуулийн 26.1-4.1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан”, 18.6-3 дахь хэсгийн “Мөнгө угаах”, 20.3-1 дэх хэсэг дэх “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, түүнд элссэн”, 17.3-3.1, 17.3-3.3 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Лью Тинхуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэж, бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр болсон. Мөн тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утаснууд, есөн автомашин, бэлэн мөнгө зэрэг 110 нэр, төрлийн эд зүйлийг улсын орлогод оруулахаар болсон юм. Тэгвэл БНХАУ-ын иргэн Лью Тинхуад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх саяхан хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнийг нутаг нэгтнүүдтэйгээ хамтарч 2019 оны есдүгээр сарын 27-нд Тайландын Вант улсын “Стар петролиум рифинг паблик компани лимитед” болон АНУ-ын “Шеврон Юү Эс Эй Инк” гэх шатахуун үйлдвэрлэгч компанийн хоорондоо харилцаж байсан цахим хаягт халдаж, төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой хуурамч цахим шуудан Тайландын компани руу илгээн, 22.4 сая орчим ам.доллар нэхэмжлэн авч хохирол учруулсан гэж буруутгасан байдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Лью Тинхуад хаалттай хорих ангид 12 жил хорих ял оноожээ. Эх сурвалж:Tac.mn

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА ОФФТЭЙК ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙГООР МЭДҮҮЛЭГ ӨГЧ, ОРОН НУТГИЙН “ТАВАНТОЛГОЙ”-Д НЭГЖЛЭГ ХИЙЛЭЭ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр АТГ-т очиж, тайлбар мэдүүлэг өглөө. Их үдийн үед хууль сахиулах байгууллага руу орсон түүнийг дөрвөн цаг орчмын дараа гарч явсан хэмээн цахим мэдээллийн хэрэгслүүдэд бичиж буй ч хоёр цаг орчмын хугацаанд мэдүүлэг аваад явуулсан гэдгийг олон эр сурвалж батлав. Бидний авсан мэдээллээр түүнээс оффтэйк гэрээ, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар гэрчээр тайлбар авсан аж. Нүүрстэй холбоотой хэмээн АТГ-аас нэрлэсэн 17 улстөрчийн нэг болох Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга хэрхэн мэдүүлсэн нь мөрдөн байцаалтын нууц байх нь гарцаагүй. Түүнийг яллагдагчаар татаагүй учраас ямар нэг таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. “Нүүрсний” гэх хэргүүдийг шалгах тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагаагаа нэлээд далайцтай явуулж буй юм билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” зэрэг компанийн хамаарал бүхий 10 гаруй оффист өчигдөр дээрх ажлын хэсгийнхэн нэгэн зэрэг нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтууд хураан авчээ. Уг нь одоогоос есөн жилийн өмнө буюу 2013 онд цагдаагийн байгууллагынхан дээрх компани болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн байранд нэгэн зэрэг нэгжлэг хийж эхэлсэн ч цагдаа, прокурорын байгууллагын өндөр албан тушаалтнуудын нөлөөгөөр уг ажиллагааг зогсоож байсан юм.

УБТЗ НЭГ ХОНОГИЙН ДОТОР ЭРЭЭН ӨРТӨӨНД 774 ВАГОН АЧАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ ТҮҮХЭН АМЖИЛТ ТОГТООЖЭЭ

Монгол Улс экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа эрчимтэй тэлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа. Ийм ч учраас боомтын сэргэлтийн бодлогыг зарлаж хилийн боомтоор гарах ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй “Улаанбаатар төмөр зам” ХНН Замын-Үүд –Эрээн өртөөгөөр хятадын талд хүлээлгэн өгөх экспортын ачаатай галт тэрэгний тоог нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа юм. Эрээн өртөө Замын-Үүд өртөөнөөс өдөр бүр өргөн царигаар 14-өөс дээшгүй галт тэрэг хүлээн авдаг ч УБТЗ-ын удирдлагын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлаар хятадын талтай шаргуу ярьж, олон удаа хүсэлт тавьсны үр дүнд сүүлийн саруудад галт тэрэг солилцоо нэмэгдсээр байна. Тодруулбал, 2022 оны 10 дугаар сард 3 удаа, 11 дүгээр сард 5 удаа 15 галт тэрэг, 1 удаа 16 галт тэрэг Эрээн өртөөнд хүлээлгэн өгсөн бол өнөөдөр Замын-Үүд өртөөний өргөн царигаар Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг /нийт 774 вагон буюу 64.337 тонн ачаа/ хүлээлгэн өгсөн нь түүхэн дээд амжилт боллоо. Эдгээр 17 галт тэргийг ачааны төрлөөр нь авч үзвэл, 200 вагон задгай нүүрс, 99 опен топ чингэлэгтэй нүүрс, 159 вагон төмрийн хүдэр, 30 вагон зэс, 38 вагон жонш, 46 вагон целлюлоз, 123 транзит чингэлэг,79 экспортын чингэлэг багтаж байна. Замын-Үүд – Эрээн өртөө хоорондох галт тэрэг солилцоог УБТЗ-ын зүгээс цаашдаа 20 хүртэл нэмэгдүүлэх бодлого барьж байгаа юм . Учир нь экспортын тээврийн захиалга сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн энэ жил гэхэд л УБТЗ-аар 48 сая тонн экспортын ачаа тээвэрлүүлэх захиалга иржээ. Өнөөдөр Замын-Үүд өртөөнөөс Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг хүлээлгэн өгсөн явдал нь цаашдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх техникийн боломж бүрдсэнийг харуулсан үйл явдал болоод зогсохгүй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа боомтын сэргэлтийн бодлогыг бодит ажил хэрэг болгохын төлөө УБТЗ-ын зүгээс чармайн ажиллаж байгаагийн илэрхийлэл боллоо” гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.

БНХАУ-ААС НҮҮРСНИЙ МЭДЭЭЛЭЛ АВАХААР БИЧИГ БАРИМТЫГ АЛБАНЫХАНД ХҮРГҮҮЛСЭН

Нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа мэдээлэл хийлээ. Эрүүгийн хэргийг шалгахад гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа хүнээс мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө хураан авах, холбогдох байгууллагаас тодорхой асуудлаар мэдээлэл авах шаардлагатай тохиолдолд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу хүсэлтийг эрх бүхий байгууллагаар дамжуулан хүргүүлдэг. Мөрдөгчөөс эрх зүйн туслалцаагаар гадаад улсаас авах мэдээлэл, хийгдэх тодорхой ажиллагааны талаарх хүсэлтийг прокурорт ирүүлж, прокурор тухайн улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагад нь хүргүүлж хамтран ажилладаг. Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт, бусад үйл ажиллагаатай холбоотой Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байсан 2 хэрэгт БНХАУ-аас шаардлагатай мэдээ, мэдээллийг авахаар 2019, 2021 онд 2 хүсэлт хүргүүлснээс 1 хүсэлтийг хилийн бүртгэлийн системд өөрчлөлт оруулсан учраас биелүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн, 1 хүсэлтийн хариу одоогоор ирээгүй. БНХАУ-аас эрх зүйн туслалцаа ирүүлэх боломжгүй гэсэн учраас тус прокурорын газраас “нүүрсний” гэх тодотголтой хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хил хамгаалах Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газруудаар дамжуулан БНХАУ-ын хил хамгаалах болон гаалийн байгууллагаас мэдээлэл авах боломжтой эсэх, энэ асуудалд дэмжлэг үзүүлэх талаар Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Хууль зүй, Дотоод хэргийн сайдад албан бичиг, шаардлагатай мэдээллийг хүргүүлсэн.

"БОДЬ ИНТЕРНЭШНЛ" ХХК-ИАС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

Монгол Улсад анх удаа хэрэгжсэн мега төсөл болох “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй зарим асуудалд үнэн зөв, бодит мэдээллийг өгөхөөр “Бодь Интернэшнл” ХХК-иас энэхүү мэдэгдлийг гаргалаа.

Х.МАНДАХБАЯР УИХ-ЫН ДАРГЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХИЙН АЛБАН ТУШААЛААСАА ТАТГАЛЗЛАА

АТГ-аас зарласан “Нүүрсний хулгайч”-дын нэг хэмээн цоллуулсан хүн бол МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл гаргаж, албан тушаалаасаа түтгэлзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас түдгэлзэх хүсэлт гаргалаа. Г.Занданшатар даргатай ямар нэгэн бизнесийн харилцаа, хамааралгүй. Гүтгэн харлуулах, мушгин гуйвуулах кампанит ажлыг зарим хэвлэлийн эзэд, улстөрчид зохион байгуулж байх шиг. Миний эрхэлж буй бизнес рүү ч хайр гамгүй дайрч эхэлжээ. Нүүрсний хулгайн эсрэг зогссон байр сууринаасаа ухрахгүй. Асуудлын үнэн мөн нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар нэгэн байдлаар “нүүрсний хулгай” хэмээх хууль бус үйл ажиллагаанд оролцоогүй, төр ард түмнийхээ хөрөнгөнөөс хумслаагүй гэдгээ нотлох болно” гэв.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ДЭРГЭД МӨСӨН ХОТХОН БАЙГУУЛЖ БАЙНА

Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхоныг байгуулж байна. Тодруулбал, хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулж буй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчны тохижилтыг үе шаттайгаар хийж байна. Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах энэ хотхон 24 цагаар ажиллана. Ажлын явц одоогоор 69 хувьтай, үлдсэн тохижилтыг энэ долоо хоногтоо дуусгахаар төлөвлөж байна. Тохижилт бүрэн дууссаны дараа уг талбайд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ариун цэврийн байгууламж 24 цагаар ажиллаж эхэлнэ” хэмээлээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сурагчид мөсөн хотхоны талаарх сэтгэгдлээ “Цэнгэлдэхийн энэ орчин өмнө нь гэрэлтүүлэг муутай байсан. Ингэж гоё тохижуулаад чөлөөт цагаа өнгөрүүлж болох орчин бүрдүүлж байгаад баяртай байна. Гэрт ойр болохоор ирж тоглох газартай боллоо. Гэрлэн чимэглэлүүд, сүлд мод нь их таалагдаж байна” хэмээн хуваалцсан юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэхүү хотхоныг жишиг болгон байгуулж байгаа бөгөөд цаашлаад өөр өөр байршилд, жилийн дөрвөн улиралд иргэд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг тохижуулах юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

ЖҮХАА-ны дарга Т.Энхбаяр ЗГХЭГ-ын албан хаагчдад жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө. Тэрээр Монгол Улсын жендэрийн нөхцөл байдал, олон улс, бүс нутгийн түвшинд үзүүлж буй ахиц дэвшил, сорилтын талаар танилцуулж, ирэх арван жилд хамтран хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний ач холбогдол, үр нөлөө, онцлогийг тайлбарлав. Түүнчлэн ажил ар гэрийн тэнцвэрийг хангах, ажлын цагийн уян хатан зохицуулалт, цагийн хөдөлмөр, зайнаас ажиллах зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн жендэрийн тэгш байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулах гол гол заалтуудыг хэрхэн хэрэгжүүлж буй туршлагыг үндэсний хэмжээнд судлан танилцуулахаар судлах зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран ажиллаж буйгаа онцоллоо. Мөн түүнчлэн байгууллага бүр өөрийн Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулахдаа албан хаагчдын хэрэгцээ, түүнийг илрүүлэх судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн жендэрийн мэдрэмжтэй хандахыг зөвлөж санал солилцсон юм.

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ҮЕД ХЭРЭГЛЭХ 3 ТӨРЛИЙН ЭМИЙГ ЭМД-ЫН САНГААС 100 ХУВЬ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОЖ БАЙНА

ЭМДЕГ Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна. Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болсон. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

ТУРК ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЖУУЛЧДААС ТАТВАР АВЧ ЭХЭЛНЭ

Турк улс ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн гаднын жуулчдаас хоёр хувийн үйлчилгээний татвар авахаар болжээ. Зочид буудал, рашаан, амралт, зугаалгын газар, дэн буудал, тосгон, жуулчны кэмп зэрэгт буудаллахад хоёр хувийн татвар төлөх аж. Харин гаднын оюутан болон дипломат ажилтнууд энэ татвараас чөлөөлөгдөнө. Туркийн Засгийн газар гаднын жуулчдыг хүлээн авах үйлчилгээнд хоёр хувийн татвар ногдуулах шийдвэрийг аль 2019 онд гаргаж байсан ч коронавирусний цар тахлын улмаас хойшлуулсан. Энэ оны байдлаар, Турк улс 51.5 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалаас нийт 46 тэрбум ам.долларын орлого олох хүлээлттэй байна. Ирэх онд тус улс 60 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна.

1 ... 123 124 125 126 127 128 129 130 131 ... 317