НЭГҮҮН МЭДЭЭ
АЖЛАА ТАРААД АЛГА БОЛСОН ЗАЛУУГ 5 ДАХЬ ӨДРӨӨ ХАЙЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн арван наймдугаар хороонд ажлаа тараад харьж явсан залуу алга болжээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр 2024.05.10 16:30 минутын үед ажлын байрнаасаа гэр лүгээ харих гэж гараад сураггүй алга болсон байна. Тэрбээр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр буудал орчимд бүжгийн дугуйлан ажиллуулдаг байжээ. Тухайн өдөр бор өнгийн өмд, ногоон өнгийн цамц, хар хөх өнгийн пүүзтэй явж байсан байна. Түүнийг эхлээд ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдэж хайж эхэлсэн. Эрэл мухардсан тул зураг мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулан эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг дээрх залууг харсан хүн байвал 88366563, 89658878 86201050, 80230211, 95828154 дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү.

ЭМНЭЛГИЙН ЖАГСААЛТАД ОРСОН ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨЛБӨРТЭЙ АВСАН БОЛ МӨНГӨӨ БУЦААЖ АВАХ БОЛОМЖТОЙ

Иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ эм, тариаг өөрийн зардлаар гаднаас авч хийлгэсэн тохиолдолд буцаан олголт авах боломжтой гэж ЭМДЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тусламж үйлчилгээний багцын жагсаалтад орсон үйлчилгээг төлбөртэйгээр үзүүлсэн, ор хоногийн төлбөрөөс хэтрүүлэн нэмэлт төлбөр авсан, хэвтэн эмчлүүлэхээс өмнө төлбөр авсан, эм тариаг ар гэрээс нь авахуулсан, өөр эмнэлгийн нэр зааж оношилгоо шинжилгээнд явуулсан, иргэнээр нэмэлт төлбөр төлөхийг зөвшөөрсөн гарын үсэг зуруулсан тохиолдолд иргэн ЭМДЕГ-т хандах нь зүйтэй аж. Мөн эдгээр тохиолдолуудад 1800-1363 болон 70101159, 70101116 дугаарын утсанд мэдэгдээрэй.

ЭВЕРЕСТЭД СУРАГГҮЙ БОЛСОН УУЛЧДЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНД МОНГОЛ УУЛЧИД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

МУҮХ-ны дэд ерөнхийлөгч, Эверест-2023 багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай очсон байгаа бөгөөд Монгол улсын 2 уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан 8К экспидейшн компанитай холбогдож эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байгаа билээ. 8К экспидейшн компанитай хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болно. Багийн 3 дахь гишүүн үндсэн отогт байгаа ба биеийн байдал сайн байна. Алга болсон 2 уулчин 3-р кемпээс дээш өгсөхдөө 2,2 хүчилтөрөгчтэй өгссөн. 5-р сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м дтд орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгчээ. 5-р сарын 13-ны үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м дтд орчмоос салхинд хөөгдөн буцсан байна. Таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил 2-н дунд киллари хананы орчим л ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байгаа болно. 4-р кемпээс бүх уулчид, шерпа нарыг буулгаж 3 болон 2-р кемпүүдээр байрлуулсан байна. Эрэн хайх багийн 4 шерпа мөн 3-р кемп дээр бууж ирсэн мэдээтэй байна.

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МӨРДӨГЧИД 26 ЖИЛИЙН ӨМНӨХ НОЦТОЙ ЯВДЛУУДЫН МӨРӨӨР ОРСОН УУ?

Яг үнэндээ “С.Зоригийг хөнөөсөн хэрэг өнөөдөр хэдэн тусдаа хэрэг болчихов оо” гэдэг асуулт тавигдаж, хариулт нэхчихээд байна. Эрж сураад явах нээ, “Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш онц хэрцгийгээр хөнөөсөн”, “Уг хэргийг хаах зорилгоор 2017 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн” хоёр хэрэг асуудал болчихоод байгаа аж. Хоёр дахь асуудал буюу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон. Гэхдээ “...Хэн, ямар зорилгоор тэднийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллласан бэ” гэдэг нь одоогоор албан ёсоор эцэслэн тодорхой болоогүй байна. Харин сүүлийн үед энэ хэрэгтэй холбоотойгоор тодорхой хүний нэр яригдаж, факт баримт хөндөгдөх болсон. Энэ нь 1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой бололтой. Тодруулбал, 1998 оны есдүгээр сарын 5-нд үл таних этгээд С.Зоригийн ээж рүү утсаар ярьж “Хүүгээ татаж ав, аминд нь халтай шүү” гэсэн агуулгатай зүйл хэлсэн. Ингэж 3-4 удаа ярьсан. Ийм яриа энд тэнд гардаг байв. Тэгвэл тэр “үл таних этгээд” хэн байсан нь өдгөө тодорч буй бололтой. Түүнчлэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн газраас олдсон үсний тухай бас ярьсаар ирсэн. Хэргийн маш чухал нотлох баримт гэхэд болно. Хууль хяналтынхан уг нотлох баримтыг АНУ-д шинжлүүлэхээр 2023 оны зургадугаар сард тохирчээ. Энэ дагуу тус улсад гурван сарын турш нарийвчилсан шинжилгээ хийжээ. Дүгнэлт нь өнгөрсөн баасан гаригт гарчээ. Энэ мэтчилэнгээр, мөрдөгчид 26 жилийн өмнөх зарим ноцтой үйл явдлуудын мөрөөр орсон байж магадгүй байна. Тэгэхээр мөрдөх байгууллага, прокурорын зүгээс удахгүй эдгээр асуудалд хариулт өгч, энэ талаар мэдээлэл хийх биз ээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ӨНӨӨДРӨӨС 5 ШАР, ХОТЫН ТӨВИЙН ЗАРИМ БАЙРШИЛД 20 ХОНОГ ХАЛУУН УС ТАСАЛНА

Зуны ээлжит их засварын хүрээнд хэрэглээний халуун ус таслах хуваарийг гаргаад буй. Хуваарийн дагуу өнөөдрөөс зарим байршилд 20 хоног халуун ус тасална. "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас энэ зун дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг баталсан. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна. Өнөөдрөөс Барс-2 захаас Хархорин хүртэл 1, 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Москва хороолол, Содон хороолол, Ханын материал, таван шар болон хотын төвийн 40, 50 мянгат орчмын хэсгийн айл өрхийн халуун усыг тасалжээ. Мөн өөр хэд хэдэн байршилд төлөвлөгөөт засвар 20 хоногийн хугацаанд хийх юм байна. Графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлана. Улаанбаатарын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг тавдугаар сарын 15-наас зогсоож, засварын ажлыг эхлүүлэх юм. Ийнхүү өнөөдрөөс буюу тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 5-ныг хүртэл 20 хоног дараах байршлуудад засвар хийнэ. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн хуваарь:

"НАРАНТУУЛ" ЗАХЫН УУЛЗВАРААС "ӨГӨӨМӨР" ЗАХ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ

"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замд засвар, шинэчлэлтийг хийх гэж байна. Тодруулбал, 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 23-ний өдрийн 06:00 цагийн хооронд авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Энэ ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлууд хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

ТОМ ТОЙРОГТ ЧИРЭГДЭГСЭД

УИХ-ын сонгуулийн тойргийг томсгосон хэлбэрээр зохион байгуулахаар болсон нь шинэ нэр дэвшигчид болон олон нийтэд танигдаж амжаагүй хүмүүсийн хувьд чанга даваа болж байна. Ядахад сонгуулийн сурталчилгааны хугацаа нь 14 хоног учраас их л тэвдүү байгаа. Гэсэн ч тэд ямар нэг албан тушаалын сэтэр зүүгээд, арга сэдээд тойргуудаараа явсаар л байна. Одоогийн УИХ, Засгийн газрын гишүүдийн хувьд өнгөрсөн хугацааны тайлангаа тавих нэрээр албан уулзалтууд хийж, сонгогчидтой уулзаж байгаа ч шинэ хүмүүс хий л орон нутагт өөрийгөө таниулахын тулд тэднийгээ даган намирч байна. Харин тиймгүй зарим нь бүр ч хэцүү. Хамгийн харамсалтай нь цагт хавчигдаж, урт, холын замд уралдан давхих явцдаа эрүүл мэнд нь өөрчлөгдөх, унаа, машинтайгаа осолдох тохиолдол ч гарч байна. Тодруулбал өнгөрөгч амралтын өдөр АН-ын гишүүн эмэгтэй авто ослын улмаас нас барсан харамсалтай мэдээ түгсэн. Намын нөхөд нь ч харамсан гашуудаж байна. Түүний хувьд орон нутагт УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж байсан бөгөөд амралтын өдрүүдэд хөдөөг зорьсон нь тэр байж. Магадгүй, цаашид ч ийм харамсалтай мэдээ дахин гарахгүй гэх баталгаа байхгүй. Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсад бүсчилсэн тойрогт 14 хоног амжиж өөрсдийгөө танилцуулах шинэ улстөрч тун цөөн. Тиймээс улстөрийн шинэ тоглогчид том тойрогт чирэгдэж, сонгогдох магадлал нь ч багасаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ижил гараанаас өрсөлдөх боломж энүүхэндээ л гэхэд улстөрчдөд алга даа.

СОЁЛЫН САЙД Ч.НОМИНГИЙН ШУНАЛД ХЯЗГААР АЛГА

Соёлын сайд Ч.Номин УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр улайрчээ. Бүр байтлаа УИХ-ын гишүүдээ дуурайгаад 2021-2024 оны ажлын тайлан сэтгүүл хэвлүүлчихсэн тараалгаж явна. Угтаа бол Ч.Номин чинь УИХ-ын гишүүн байтугай НИТХ-ын төлөөлөгч ч биш. Эрх баригч нам, энэ удаагийн Засгийн газарт их хөрөнгөтэй тулдаа л “тооноор орж”, Соёлын сайдын суудалд тухалсан хүн. Гэтэл Хүүхэд залуучуудын театрт хүүхдүүдэд үзвэрийн тасалбар үнэгүй “цацсан” нь багадаад одоо бүр өөрийгөө танилцуулж, сурталчлах сэтгүүл тарааж байх юм. Уг нь түүний энэ үйлдэл сонгуулийн холбогдох хуулиудыг зөрчиж байгаа тул сөрөг хүчнүүд нь аятайхан ашиглаад МАН-ын том хандивлагч, мөнгөтэй айлын эрх охиныг улстөрөөс үдэх хэрэгтэйсэн. Эс бөгөөс улстөрд “тооноор” залардаг Ч.Номин нарын хүмүүс хуулийг гууль мэт үл тоосоор байх нь дээ.

2024 ОНЫ СОНГУУЛЬД "МАН"-ААС ГОРИЛЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТОЙРГИЙН "ЗОДООН"

МАН-аас УИХ-ын гишүүн болох мөрөөдөлтэй квот горилогчдын тулаан ширүүхэн өрнөж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгууль, өмнөх сонгуулиас маш том онцлогтой. Учир нь гурваас дөрвөн аймгийг нэгтгэсэн нь том талбайд томорч тоглох боломжийг олонд танигдсан улстөрчид, мөнгөтэй хүмүүст олгосон гэсэн үг. Иймээс тоглоомын том тойрогт орсон горилогчид эхний ээлжинд ямар ч хамаагүй аргаар нэр дэвших квотоо авахын тулд амандаа орсноо бурж, хурга ишиг тэвэрч, уул толгодын гоё сайхныг магтаж, уулзсан хүн болгоноо тэвэрч, хамтдаа хайр татам зураг авхуулж хэрдээ л танигдахыг хичээж яваа. Тэгвэл нэг тойрогт горилж яваа эмэгтэйчүүд сүүлийн үед нэгийгээ сошиалд муухай харагдуулах ажлыг хийж, нэр хүндийг нь унагах оролдлого хийснийг өнгөрсөн амралтын өдрүүдэд харж, хэл амаа билүүдсэн билээ. Энэ нь УИХ-ын тавдугаар тойрогт горилж буй УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг нутгийнх нь дүү, бөхтэй холбож түүнийг пост оруулж, мэдэгдэл гаргатал нь ичээсэн. Тэр “Сонгууль дөхөх тусам гүтгэлэг, доромжлол гаарах бололтой. Тэр хүмүүст хандаж хэлэхэд арай гоолиг хүний зураг ашиглана уу” хэмээсэн. Мэдээж түүний нэр хүндэд халдсан хүнийг холоос хайгаад хэрэггүй. Хажууд нь инээгээд явж буй журмынх нь итгэлт нь найз нь л байгаа. Ингэж хэлэхийн учир нь нэр дэвшигчдийн хувьд хамгийн их эмээж ирсэн нэг намын гишүүд хоорондоо өрсөлдөж нэгнээ намнах, харлуулах ажлыг хийсээр ирсэн. Энэ л үйл явдал Ч.Ундрамд тохиолдсон гэсэн үг. Уг үйл явдал ганц Ч.Ундрамд ч бус бусад тойрогт горилж буй эмэгтэйчүүд ч нэгэндээ явуургүй зан гаргаж муухай харагдуулах ажлыг хийж байна. Уг нь эмэгтэйчүүд нэгийгээ дэмжинэ гэсэн уриатай бүсгүйчүүд маань дөнгөж нэр дэвших квотын төлөө өрсөлдөгчийнхөө нэр хүнд, гэр бүлийг нь хайрлахгүй өөрийнхөө ашиг хонжоо, амин хувиа хичээж буй үйлдэл нь тухайн хүний хэн бэ гэдгийг харуулаад зогсохгүй улс, эх орныхоо төлөө юу ч хийж чадахгүй өчүүхэн нэгэн гэдгийг харуулж буй хэрэг. Ямартай УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сунгаа шувтарч, одоо намуудын анхан шатны байгууллагаас олонхын санал авсан горилогчид намынхаа бага хурлаас эрхээ өвөртлөн сонгуульд тоосоо өргөх л үлдлээ. Тиймээс МАН-аас нэр дэвшихээр горилж буй эмэгтэйчүүд шударгаар өрсөлд гэмээр байна.

ЕСӨН ДҮҮРГИЙН 33 БАЙРШИЛД НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үхрийн мах 1901.25 тн, хонины мах 3802.5 тн, ямааны мах 633.75 тн нийт 6337.5 тн махыг бэлтгэн нөөцөлсөн. Нөөцөлсөн махыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр худалдаалж буй. Нөөцийн махны эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм. Энэ долоо хоногт дараах 33 байршилд өргөтгөсөн худалдаа болно.

1 ... 107 108 109 110 111 112 113 114 115 ... 370