МӨНГӨНИЙ СОНГУУЛЬ, "НОХДЫН" ЗОДООН ЭХЭЛЛЭЭ

Сонгууль хаяанд ирсэн ч энэ удаа Монгол Улсын иргэд эрх тэгшээр сонгох, сонгогдох эрх эдлэх үү, үгүй юү гэдэг асуудал их эргэлзээтэй болж байна. Мөнгө үнэртүүлсэн сонгууль болох нь тодорхой харагдаж эхэллээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд хэвлэлүүдийн тэргүүн нүүрт гарч буй материалууд, улс төрчдийн дүр зургийг нэг харцгаая. Тоймлон харвал энэ улсын төлөө УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Адьшаа, Х.Болорчулуун, Ч.Ундрам, Г.Дамдинням, Э.Батшугар, Э.Бат-Амгалан, Ц.Даваасүрэн, П.Анужин, Соёлын сайд Ч.Номин нар чөмгөө дундартал ажиллаж байгаа бололтой.


Тухайлбал Л.Энх-Амгалан сайдыг хараарай. Хэвлэл болгоны эхний нүүрэнд, маш гоё зурагтайгаар залраад “...Шинжлэх ухаан академийн их сургууль байгуулна, бүх хорооллыг сургуультай болгоно, шинээр баригдсан хорооллууд сургуульгүй бол улсын комисс хүлээн авахгүй, сайд иргэдтэй уулзав, тэр аймагт томилолтоор ажиллаж байна, залуу эрдэмтдийг дэмжээд, өргөөд явна...” гээд мэдээлэл нь тасралтгүй хөвөрнө. Үнэхээр бахархмаар их мөнгөтэй юмаа. Наад захын жишээ нь лайвтай зочинд 50 сая, сайтуудад 50 саяыг шидсэн гэх мэт тоонууд сонсогдож л байна.


За тэгээд Ч.Ундрам ард иргэдээ эрүүл хүнс хоолтой байлгах гээд ажиллаад байхад арслантай холбож гүтгэсэн гэнэ. Хөөрхийг олон хэвлэл өмөөрч Ерөнхийлөгчтэй цуг алхаж яваа зургийг нь залж магтсан байна билээ. Ч.Ундрам ёс суртахууны ямар ч асуудалгүй, ариун болж таарав. Г.Дамдинням Дарханы замыг тавихад их үүрэг гүйцэтгэсэн, түүхэн гавъяа байгуулсан байна. "Бид гурав" гээд ялдам инээмсэглэн авахуулсан зургийг нь хаанаас ч харж болохоор боллоо. Тэрбээр “Боловсролын байгууллагуудын УЗ захирлаа шууд томилдог болно, баялгийн сангийн ашиг шимийг ард иргэд хүртэнэ...” гээд сайхан сайхан л юм ярьжээ. 

Б.Энх-Амгалан “Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, давж заалдах шатны шүүхэд ч хандсан” гээд шударга ёсны туйл, шүүхийг шүүх гэж үздэг сэтгүүлчийн сайтын эхний нүүрт заларсан байна. Энэ 2 нийлжээ, үнэт зүйлсээрээ. 

Э.Бат-Амгалан “Алдагдсан боломжийг 3 жилд, ажиллаж байхдаа түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим, нийтийн тээврийн тогтолцоонд том өөрчлөлт гаргах шаардлага байна” гэх мэтээр ярьж амилав. МАН-ын хаанаас гарсан болоод энэ ингэж том дуугарах болов. Мөнгөндөө эрдэж хамаагүй ярьж байж ах нартаа “алгадуулах” вий дээ. 

Засгийн газрын гишүүдийг хөрөнгө мөнгөөрөө тэргүүлдэг Соёлын сайд Ч.Номин ажлын тайлангаа хэвлүүлэн зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт тарааж, зурагтай нийтлэлээ өндөр үнэ ханштай сайтуудад залав. Одоо түүнийг бид бишрэн шүтэх ёстой болжээ. Засгийн газрын тооноор нь нисч ороод сайдаар заларчихдаг хүүхэн амтшаад улайрчихаж. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг үгийг мөнгөөр бүрхээд алга болгочих байлгүй дээ. 

Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэг 30 жилийн маргаанд гуравхан сарын дотор цэг тавьж чадсан, шийдэж болдог асуудал байна” гэж МАН-д хэллээ. Сүүлийн үед тоглоомын талбайгаар явж буй тэр "Бүх тоглоомын талбайг стандартад нийцүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон" гэж хэвлэлийн хуудсуудыг хахтал бичүүлсэн тэр Сүхбаатар дүүрэгт дэвших хүсэлтээ өгсөн атлаа ажлаа хийх нэрээр өөрийгөө сурталчлаад явж буй нь хуульд нийцэж байгаа юу. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга “Би биш бид илүү их үнэ цэнийг бүтээнэ” гээд байгаа. Түүний зураг хаа сайгүй тавигдаастай.  

ХЗДХ-ын дэд сайд Б.Солонго “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын нэхэмжилсэн 48 тэрбумыг татвар төлөгчид төлөх үү, С.Баярцогт Оюутолгой төслийн татварын асуудлаар буулт хийж хууль зөрчсөн үү... гэх мэт ярьж болох бүх сэдвийг хөндөж байна. 

Д.Өнөрболор, Ц.Цэрэнпунцаг нар хэвлэлүүдийн нүүр царай болсон хэвээрээ, нөгөө “Хөтөл цемент”-д дарга болж очоод архинд живсэн” гэх Л.Наранбаатар хурга үнсээд л, бүгд зүүд нойрондоо хөвж явна. 


Зөвхөн сүүлийн үед гарч буй мэдээллүүд, эх сурвалжийг ажиглахад зах зухаасаа нэг иймэрхүү.

Энэ бүхэн бидний нүдний өмнө өрнөж байхад чимээгүй суух аргагүй юм даа. Учир нь цэг, таслалын зөрүүгүй ижил нийтлэлүүд тавихдаа ард иргэд нүдтэй, оюун ухаантай гэдгийг хэвлэлийнхэн бид ч бас бодмоор байна шүү. Өөрөөр хэлбэл бид мөнгө олж болох ч ил тод зарлаад “ТӨЛБӨРТЭЙ” гээд гэж биччих боломж бий. Мөнгө өгснийг нь өдөр шөнөгүй мэдээлэх, мөнгөгүйг нь огт гаргахгүй хаах боох чинь сэтгүүлзүйн зарчим, ёс зүй биш. Мөнгөтэй хүн намаасаа тойрог авдаг, мөнгө авсан бол үнэнийг нулимдаг сэтгүүлчид, энэ хоёр талын нохдын өгөө аваа савнаасаа хальсан нь аль эрт. Ингэж бичихээр тогоо руугаа нулимлаа, сэтгүүлч, сэтгүүлчээ ингэхгүй гээд босоод ирцгээдэг. Үнэн үгүйгээр бид хэр хол явах вэ. Хийж буй ажлын минь амин сүнс шүү гэж хэвлэлийнхэндээ уриалмаар.

Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр нэг иргэн, өвдөг сөгдөн суугаад хэвлэлийн эрх чөлөөг шаардаж буй сүрхий эрийн зургийг тавиад “Амь зогоохын тулд нохдоос хаяж өгсөн хиам “гударсаар” байгаад өөрийнхөө орон зайг устгаж буй “сэтгүүлч” дээ” гэсэн пост оруулсан байв. Хашилтанд оруулсан “сэтгүүлч” гэдэг нэр минь л хайран байсан даа. Тиймээс сэтгүүлчид бид ирээдүйгээ бодож бохир улстөрчдийн халаасанд ормооргүй буйг хэлэх нь зөв биз.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.