ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Б.ЭНХ-АМГАЛАН НЭР ДЭВШИХ ГЭНЭ

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан давж заалдах шатны шүүхийг худалдаад авчихаа юу гэлтэй аашилж, өөрийгөө дахин парламентад залах юм гэнэ. Уг нь шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Гэтэл өнөөх УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан чинь “Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргачихсан бас МАН-даа нэр дэвших хүсэлтээ намдаа гаргасан” гээд бүр “том” дуугарч байх юмаа.

Түүнийг Зам тээврийн хөгжлийн сайд байх үеийнх нь хэрэгт холбогдуулан хуулийн байгууллага шалгаж, шүүх гэм бурууг нь дэнслэхийн тулд хичнээн удаа хурлаа хойшлуулсан билээ дээ. Хэдэн сараар хүлээгдсэн хурал арайхийн болж, Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцон дээрх ял шийтгэлийг оноосон.

Б.Энх-Амгалангийн тийн өөртөө итгэлтэй байгаагаас харвал тэр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өөрийг нь гэмгүй цэвэр ариун хүн гэж батална гэдгийг хүлээж байгаа гэсэн үг. Тийм биш байтлаа яагаад намдаа УИХ-ын сонгуульд нэр дэвшье гэдэг хүсэлт өгөх вэ дээ.

Эсвэл МАН-ын удирдлагууд хэлсэн үгсээсээ буцаж, гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хаацайлж, халхавчлахын тулд парламентад залахаар тохирчихсон хэрэг үү.

Б.Энх-Амгалан яагаад өөрийгөө гэм буруугүй гэдгийг ихэд баттайгаар мэдэж, дараагийн алхмаа хийгээд байгааг МАН-ын дарга нар мэдэх болов уу.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.