НЭГҮҮН МЭДЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:”YUHAK CENTER” ГЭХ БАЙГУУЛЛАГА ОЛОН ТООНЫ ИРГЭДИЙГ ЗАЛИЛАН ОДООГИЙН БАЙДЛААР 405 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛААД БАЙНА

Иргэн У нь “Yuhak center” фейсбүүк пейж хуудсаар дамжуулан “Бүгд Найрамдах Солонгос улс руу нас харгалзахгүй, батлан даагч шаардахгүй хэлний бэлтгэлд суралцуулна” гэсэн зар байршуулж, 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд холбогдсон нийт 29 иргэнээс 405 сая төгрөгийг залилан мэхэлж, авсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд шүүхээс тус иргэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.

ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨЖ, ТЭЭШИНД ХИЙЖ ОРХИСОН ЭТГЭЭДҮҮД ДАХИН ХҮН ХӨНӨӨХ ГЭЖ БАЙХ ҮЕД НЬ БАРИВЧИЛЖЭЭ

2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Уушгийн ам гэх газарт “Улсын дугааргүй Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн тээшинд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дуулагын дагуу шалгахад 62 настай, эрэгтэй “Г” нь уг тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт 2 гар хүлэгдсэн, аманд нь алчуур чихсэн байдалтай амь насаа алдсан байдалтай олджээ. Түүний амь насыг урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэн шүүхээс ял шийтгэгдэж байсан 26 настай, эрэгтэй “Д” нь 31 настай, эрэгтэй “Б” болон “А” нартай хамтран хохироож, зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, тэднийг Орхон аймгийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээ эрхлэгч “Б”-ийн амь насанд нь халдана хэмээн айлган сүрдүүлж,, тээврийн хэрэгслийн тээшинд тээвэрлэж явахад нь цагдаагийн алба хаагчид үйлдлийг нь таслан зогсоож баривчилсан байна. Амь хохирогч “Г” нь хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд дээрх 3 этгээд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түүнд “Адууны эрэлд яваад ирье” хэмээн хууран мэхэлж суурин газраас холдуулж уг хэргийг үйлджээ. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хувиараа такси үйлчилгээ эрхлэгч “Б”-тэй “Аймгийн төв хүргүүлнэ” гэж тохиролцон замдаа маргалдан түүнийг айлган сүрдүүлж, заналхийлэн түүний ар гэрээс 200.000 төгрөгийг түүний дансаар шилжүүлэн авч, улмаар гар, хөлийг нь хүлэн тээврийн хэрэгслийн тээшинд хийж Архангай аймгийн Өлзийт сумруу зорчих үед нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

ИМПОРТООР ОРЖ ИРСЭН 171.45 ТОНН ЦАГААН БУДАА ИХ ХЭМЖЭЭГЭЭР БОХИРЛОГДСОН НЬ ТОГТООГДЖЭЭ

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги -1 гаалийн хяналтын бүсээр Вьетнам улсаас вагоноор импортолсон 171.45 тонн цагаан будааг гаалийн хорио цээрийн хяналт шалгалт болон лабораторийн шинжилгээнд хамруулан шалгасан байна. Гаалийн хяналт шалгалтын биет үзлэг болон лабораторийн шинжилгээгээр гадаад хорио цээртэй суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ үхсэн хэлбэрээр, хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар их хэмжээгээр бохирлогдсон нь тогтоогдсон. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалт ын тухай хуулийн 9.1.1 дэх заалтыг үндэслэн тус хуулийн 13.1.1 заалтын дагуу бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын засгийн газрын хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 1-р хавсралтын 2.19-т бичигдсэн суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ илэрсэн нь хоёр удаагийн шинжилгээгээр тогтоогдож хуулийн дагуу импортлогч компани экспортлогч улсад буцаах үүрэгтэй ч буцаах боломжгүй гэж мэдэгдсэн тул устгалд оруулахаар шийдвэрлэсэн байна. Иймд хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгж нь Монгол Улсын гадаад худалдаатай холбоотой хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг сайтар судалж гадаад худалдаанд оролцох. Мөн экспортлогч улсын үйлдвэр, үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагчтай худалдах, худалдан авах гэрээнд чанар, аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлт, тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйтгэлийн зохих шаардлагыг тусгаж ажиллахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна. эх сурвалж:gogo.mn

ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС ОРОН СУУЦНЫ ҮНЭ 11.3 ХУВИАР ӨСӨВ

15-30 хувиар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өслөө. Хоёрдугаар сарын эцсийн байдлаар нийслэлд орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өсжээ. Үндэсний статистикийн хорооноос гаргадаг орон сууцны үнийн индекс 1.13 нэгж байгаа нь сүүлийн хоёр сарын хугацаанд тогтвортой түвшинд хадгалагдсан үзүүлэлт боллоо. Хоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод шинэ орон сууцны дундаж үнэ м² нь 3.46 сая төгрөг байсан нь оны эхэн үеэс үл ялиг буурсан үзүүлэлт болж байна. Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ нэг м² нь 3.77 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.47 сая төгрөгийн ханштай байсныг Үндэсний статистикийн хороо мэдэгдлээ. Хуучин орон сууцны үнэ хоёрдугаар сард өмнөх сараасаа үл ялиг буурч, м² нь 3.3 сая төгрөгийн дундаж ханштай байсан ба Сүхбаатар дүүрэг дэх хуучин орон сууцны дундаж үнэ м² 3.97 сая төгрөг буюу Хан-Уул дүүрэг дэх шинэ орон сууцны дундаж үнээс өндөр хэвээр байна. Энэ онд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлүүд сорилт дагуулсан хэвээр байхыг салбарын шинжээчид онцолжээ. 2023 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтээс үлдэгдэл 350 тэрбум төгрөгийг олгоно гэж зохицуулагч байгууллагууд мэдээлээд байна. Банкнууд зээлийн эргэн төлөлтөөс шинээр олгох ипотекийн зээлийг санхүүжүүлэх чиглэлтэй байгаа юм. Харин гадаад талаас Украины дайн, Төв банкнуудын бодлогын хүү, БНХАУ дахь логистикийн хүндрэлтэй нөхцөл байдал зэрэг асуудлууд гол сорилт болж байна.

Т.БАДАМЖУНАЙГ АЛБАДАН АВЧИРЧ БАРИВЧИЛЛАА

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг Монголд авчирлаа. Интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн жагсаалтад түүний нэр багтсан юм. Филиппин улсын цагдаагийн газар түүнийг 10 цаг гаруй албадан саатуулсны эцэст тэрээр эх орондоо буцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.Ийнхүү Монгол улсаас 5 жилийн өмнө нууцаар зугтсан түүнийг эх оронд нь албадан авчирч баривчиллаа.Эхний ээлжинд сэжигтнээр тооцон баривчилгаа явуулж байгаа бөгөөд цаашид цагдан хорих, таслан сэргийлэх үйл ажиллагаа явуулна гэдгээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ. Филиппин явсан багийн бүрэлдэхүүнд Хууль зүйн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд нар багтжээ.

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны лхагва гарагт цахилгаан, шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Засвар хийх хугацаанд цахилгаан хязгаарлах бөгөөд энэ үед хэрэглээгээ түр зохицуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК иргэдээс хүслээ.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНД ХАМРУУЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Хүнсний хангамж, аюулгүй байдал ба Зээлийн батлан даалтын сангийн оролцоо" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Блью скай тауэр, Эмералд хурлын танхимд болж байна. Сургалт, хэлэлцүүлгээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид батлан даалттай зээлд хэрхэн хамрагдах болон боломж, шийдлийг танилцуулж, санал бодлыг нь сонсож байна. Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой байгууллага юм. Уулзалт, хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зээлийн батлан даалтын сан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, USAID, BEST, "Хөгжлийн шийдэл" төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл олгох бөгөөд 2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөгийг тусгаад байна. Тухайлбал: • Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт 132.3 тэрбум төгрөг, • Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт 342.6 тэрбум төгрөг, • Хүнсний боловсруулах, сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг, нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг 3-5 жилийн хугацаатай олгох юм.

ХҮҮХДИЙН МӨНГӨ, ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ХУВААРЬ

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох дөрөвдүгээр сарын хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр Асаргааны тэтгэмж Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг дөрөвдүгээр сарын 14, 25-нд Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж дөрөвдүгээр сарын 25-нд Хүүхдийн мөнгөн тэтгэмж Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 20-нд олгох юм байна.

ТЕДИ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙСАН НЭГЭН ИРГЭН ХАРАМСАЛТАЙГААР НАС БАРЖЭЭ

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 03-ны 16 цагт Чингэлтэй дүүргийн 5-р хороо теди төвд “хүн ухаан алдаж унаад амьсгалахгүй байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад 40 настай, эрэгтэй А нь ухаан алдаж унан, амь нас хохирсон бөгөөд шалтгаан, нөхцөлийг тодруулахаар шинжээч эмчийг томилон шалгалтын ажиллагааг хийж байна.

ЕБС-ИЙН ГУРАВДУГААР УЛИРЛЫН ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

Ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн гуравдугаар улирлын хичээл эхэллээ. Гуравдугаар улиралд: 1-3 дугаар анги: Дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс тавдугаар сарын 26-ны өдрийн хооронд 4-5 дугаар анги: Дөрөвдүгээр сарын 3-ы өдрөөс зургаадугаар сарын 2-ны өдрийн хооронд Дунд, ахлах анги: Дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс зургаадугаар сарын 2-ны өдрийн хооронд хичээллэж, шалгалт зургаадугаар сарын 5-9-ний өдрүүдэд болно.

1 ... 102 103 104 105 106 107 108 109 110 ... 314