Х.НЯМБААТАР САЙДЫН ХУВЬД Т.ЧИМГЭЭ, Ц.СОДНОМДАРЖАА НАРЫГ СУЛЛАСНААР ЦАГ ХУГАЦАА БҮРЭН ЗОГССОН БОЛОЛТОЙ...

Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар  “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ.Цэндийн Нямдорж сайд байхдаа бантахаараа баахан хэрэг ярьдаг байсан. Учир нь салбартаа хийж гавьсан юмгүй, бодсон бодлого байхгүй учраас тэрээр хорин жил л хэрэг ярьсан. Гэтэл хууль биш, хэрэг ярьдаг сайд дахиад нэгээр нэмэгджээ.Харин Х.Нямбаатараас өөр хүн ингэсэн бол “мөрдөн шалгах ажиллагааны нууц задалсан” хэргээр шууд ачигдах байсан ч МАН-д ямар хууль үйлчлэх биш ...

Харамсалтай нь Хууль зүйн сайдын хэлсэн ярьсан бүхэн үнэн байдаггүйг нотлох нэг хэргийн талаар дурьдахад :

Тэр бол С.Зоригийн аллагын хэрэгт шийтгэгдсэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг 2020 оны УИХ-ын сонгуулийн сүр дуулиан болгож суллаад хоёр жил мартчихсан аллагын захиалагчийг илрүүлэх ажил юм.

Болсон явдлыг сануулахад : Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг “эрүүдэн шүүсэн” хэргээр хэргийг шалгасан хуулийн байгууллагын ажилтнууд ял авсны дараа УИХ-ын ажлын хэсэг болон Х.Нямбаатар, Ц.Нямбаатар нарын шахалтаар УДШ өмнө гаргасан /Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэм буруутай гэж үзсэн/ шийдвэрээ хүчингүй болгож, хэрэгтнүүдийг сулласан. Дээд шүүх Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үйлдэл нь тэднийг гэм бурууг тогтоож, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай холбоотой эсэхийг нотолж чадаагүй боловч “эрүү шүүлт хэрэглэсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл, шинээр илэрсэн нөхцөл байдал мөн” гэж үзээд тэдэнд оноосон ялыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар болсон. Гэвч сайдын өгсөн хариултаас харвал “Шинээр томилогдсон ажлын хэсэг шинэ нотлох баримтууд дээр цоо шинээр харж мэдэрч ажиллана гэж найдаж байгаа”-гаас өөр зүйл хийгдээгүй байна.

Уг нь бол хэргийг шинээр шалгаж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн, тэр үед шинэ байсан ажлын хэсэг ч гэсэн хуучирсан, ямар нэг байдлаар үр дүн гарсан байх ёстой хугацаа. Харин Х.Нямбаатар сайдын хувьд Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг сулласнаар цаг хугацаа бүрэн зогссон бололтой.

Мөн эрүүдэн шүүсэн хэргээр ял сонссон нөхөд олон удаагийн шүүх хурлын явцад "Зоригийн хэргийг материалыг нууцаас гаргаад, эрүүдэн шүүсэн хэргийг бас нууцаас гаргаад, шүүх хурлыг нээлттэй явуулаад өгөөч. Тэгж байж Т.Чимгээ нар гэмт хэрэгтэн мөн үү, биш үү гэдэг олон нийтэд ил болно. Нэг талын мэдээллээр улс төр хийж болохгүй ээ" гэж шаардаж байв.

Хэрвээ Х.Нямбаатар сайд үнэхээр "шударга үнэн" сайд юм бол энэ хоёр хэргийн материалыг нууцаас гаргаж байгаад зөв, буруугаа мэтгэлцэх ёстой. Тэгэхгүй нэг гараараа "улсын нууц" гэж ардаа барьчихаад нөгөө гараараа нууцаа зараад, улс төр хийгээд байж болохгүй. Тэр ч гэсэн хууль бус шүү !!!  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.