ТЭДНИЙ “ШАЛГАРСАН” АРГА ОДОО “УЛИГ” БОЛОВ

Саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэрээ “С.Зоригийн хэрэг мөрдөн байцаалтад буцсан учир Тагнуулын ерөнхий газарт шинээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Цагдаагийн ерөнхий газраас хүмүүс орж ажиллаж байгаа” гэж мэдэгдсэн. Ардын намын Хууль зүйн сайд гэнэт С.Зоригийн хэргийг сөхөөд унасан нь Сонгинохайрхан дүүрэгт болж буй УИХ-ын нөхөн сонгуультай нягт холбоотой.Учир нь МАН сүүлийн 23 жил  С.Зоригийн хэргээр улс төрийн Шоу хийсээр ирсэн.

Сануулахад : 2017 онд гурван шатны шүүхийн эцсийн шийдвэрээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт тус бүрд нь 20 жилийн ял оногдуулсан.Харин эдгээр ялтнуудыг ял эдэлж байх явцдаа эрүүдэн шүүлтэд орсон, үндсэндээ тэдэнд эрүү шүүлт тулгаж гаднаас нөлөөлсөн гэх үндэслэлээр өмгөөлөгч, хууль эрх ашгийн хамгаалагчдаас гомдол гаргаж, уг гомдлын дагуу эрүү үүсгэн шалгахад эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон. Мөн “Шинээр илэрсэн нөхцөл байдал” гээчид нь үндэслэн Улсын дээд шүүхээс гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Хууль зүйн сайд байхдаа дээрх ялтнуудын өмнөөс уучлалт гуйж, амьдралдаа анх удаагаа уучлалт гуйж үзэж байна хэмээн тонголзож байв. Түүний хүчинд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэх гэмт этгээдүүд суллагдаж “шинэ нөхцөл байдал” гэгч нь үүссэн. Гэвч өнөөдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хийсэн хэрэг хүчинтэй хэвээр байгаа. Тэдэнд эрүүл шүүлт хэрэглэсэн гэдэг нь тогтоогдсон болохоос тэднийг С.Зоригийг алаагүй байна гэх шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа нь ҮНЭН.

Гэвч тус аллага илрээд, бүр батлагдаад, гурван шатны шүүхээр эцэслэн тогтоогдчихсон байхад хүртэл буцаад мөрдөн байцаалтад шилжүүлнэ гэдэг нь асар их айдас болгоомжлол агуулж байж болзошгүй.

Х.Нямбаатарыг “Шинээр ажлын хэсэг байгуулсан” гэх мэдэгдлийн дараа, өнгөрөгч амралтын өдөр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр С.Зоригийн амийг хөнөөсөн алуурчдын нэг гэгдэх Т.Чимгээ “Бат-Үүлийг энэ хэргийн захиалагч, бид нарт мөнгө өгсөн гэж Амгаланбаатар ярьсан” хэмээн хэлэв. Тэгээд зогсохгүй “Содномдаржаа бид хоёрыг Амгаланбаатарын мэдүүлснээр Зоригийг алсан гээд нотлоод байгаа. Гэтэл яагаад Амгаланбаатарын хэлснээр Бат-Үүлийг захиалагч гэдгийг нотлохгүй байгаа юм” гэх утга бүхий зүйлийг ярив. Үндсэндээ энэ хэргийн дундаас захиалагч гэх Бат-Үүлийг сугалаад авчихлаа гэж яриад байгаа нь цаанаа улс төрийн зорилготой гэдгийг улс үндэстэндээ харуулав.

Уран бүтээлч хүний харах өнцөг, мэдрэмж гэж яахын аргагүй ертөнцийн торгон үнэн байдаг юм байна. 23 жилийн өмнө нэрт зураач Ц.Байдын зурсан ам зураг өдгөө 23 жил өнгөрчихөөд байхад улам адилхан болоод байгаа нь үйлийн үр үү, үнэний гэрч үү. 23 жил шоудлаа, хорилоо, шүүлээ, хэлмэгдүүлэн доромжиллоо. Одоо болохоор хэлмэгдүүлжээ гэж хэнгэнэтэл уйлуулаад дахиад хэдэн жил шоудах нь. Эл хэрэг сонгууль болгоноор сохор хөзөр болдог явдал үүгээр дуусч байна” гэж Р.Эмүжин бичив.

С.Зоригийн хэргийг хэрхэн илрүүлснээ Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор н.Батжаргал маш тодорхой ярьсан байдаг. Мөн “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг нотлогдсон. Шүүх удаан хугацаагаар хуралдаж шийдвэрээ гаргалаа” гэж Улсын ерөнхий прокурор тухайн үедээ Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдэж байсан. 

Шүүх, прокурор хууль хүчнийхний эцэслэн тогтоосон хэрэгт ард түмэн итгэж байна.

“Ардын нам сүүлийн хэдэн жил төр барихдаа Зоригийн хэргийг буцаалаа. Тэгэхээр тэдний “шалгарсан” арга одоо нэгэнт улиг болжээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.