О.ДАГВАДОРЖ: ӨВӨРМОНГОЛ УЯАЧИД МОРИНЫ ХҮҮХДЭД МАШ ӨӨРИЙМСӨГ ХАНДДАГ
Өвөрмонголд хурдны морь унадаг, Төв аймгийн Заамар сумын харьяат О.Дагвадоржтой ярилцлаа. Тэрээр одоо 15 настай бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Сүмд хошууны Хонгор гацааны уяач Х.Өргөнбаярын хурдны морийг унадаг ажээ. ХУРДАН МОРЬ УНААД 3000 ЮАНЬ АВДАГ - Өвөрмонголд анх яагаад хурдны морь унах болсон бэ. Тэнд хэр удаж байгаа вэ? -Ээжтэйгээ хамгийн анх хил гарч байсан. Тэр үед телевизээр хүний бие, ачаа тээшинд хар тамхи нууцаар хийж хилээр оруулдаг тухай гарч байхыг сонсоод айж байсан. Урд зөндөө Монгол хүмүүс ажил хийж амьдардаг. Зарим хятад хүмүүс муухай ааштай. Нэг сайн хүндээ сайн ханддаг. Манай ээж Эрээнхотод хими цэвэрлэгээнд ажилладаг. Сарын 5000 юань авдаг. Монгол мөнгөн дүнгээр 2 сая гаруй төгрөг. Морь унахаасаа өмнө найзуудтайгаа Эрээн хотод ажил хийдэг байсан. Өдрийн 100 юаны цалинтай. Монгол мөнгөн дүнгээр 30 мянган төгрөг. Монгол хүүхдүүдийг өхөөрдөөд ажилд дуртай авдаг. Өглөө дөрвөн цагт ажил эхлээд 11 цагт хоолондоо орно. Амарч байгаад 14.00 цагт эхлээд орой 18.00 цагт тарна. Цаанаасаа бээлий, шуудай өгдөг, тэгээд хог түүдэг байсан. Шуудайгаа дүүргээд 10 юань, дүүргэсэн хогоо асгаад 10 юань авна. Тэр үед ээжийн маань ажлын захирал өвөрмонгол хүн намайг ‘’Чи яг морины хүүхэд байна, ахдаа хурдны морь унаад өг’’ гэж гуйсан. Түүнээс хойш жил гаруй тэр хүний морийг унаж байна. -Монголд хурдны морь унадаг байсан гэсэн. Тэгвэл Өвөрмонголд морь унах ямар ялгаатай байна вэ? -Өвөрмонголчууд морь унаж байгаа хүүхдэд маш өөриймсөг ханддаг. Яг тулж сэтгэлээсээ бидэнтэй ярилцдаг. ‘’Чамд юу хэрэгтэй байна’’ гээд л. Морь унахаар оймс цоорох асуудал бол энүүхэнд, тэр болгоныг ойлгож тусалдаг. Монголд морь унадаг байхдаа иймэрхүү асуудлаа хэлэхээс айдаг байсан бол, тэнд очиход шал өөр ертөнц хүлээж авсан. Би эхэндээ тийм найрсаг байхад нь гайхаж байлаа. Өвөрмонголчууд морь унуулна гэсэн бол зөвхөн морио л унуулна. Харин Монголд морь унуулна гэсэн бол хонинд явуулж, гэрээ сахиулдаг. Өөр нэг ялгаа нь Өвөрмонголчууд чи яг морио ингэж унана, тэгж унана гэж зааж зөвлөдөг. Мөн уяач нь унаачтайгаа станц /зайн холбоо/-аар холбогдож ямар арга барилаар уралдахыг заадаг. Уруу газар мориныхоо амыг татаж, өөд газар ташуурдах гэх мэтээр. Станцыг биед суурилуулдаг тул уралдаж байхад ямар ч төвөг болдоггүй. Монголд ийм юм байхгүй. Өөрөө л толгойгоороо уна гэдэг. Айрагдахгүй бол загнадаг. Гар хүрэх ч тохиолдол бий. Өвөрмонголд уралдаад байр эзэлбэл шагналынхаа 10 хувийг өгдөг. Мөн завтай үедээ айлын найранд очиж хүмүүсийн морь унаж өгөхөөр 300-400 юань өгдөг. Тэнд дан эрлийз морьд уралддаг юм билээ. -Өвөрмонголд анх очиход яаж хүлээж авсан бэ. Айж сандарч байв уу? -Морь унах айлдаа очоод хоёр, гурван хоногтоо эвгүйцэж байсан. Монгол морьдыг бодвол тэндхийн морьд өндөр нуруутай байдаг. Анх даага уна гээд унасан чинь би ойччихсон. Тэгээд өвдөхөөсөө илүү би тэр хүмүүсээс айсан. Гэтэл тэд шалбарчихсан газар минь эм дусааж, намайг морь унуулж сургана гээд өөр номхон морь унуулсан. Аажим аажмаар хурдны морь унаж сурсан. Тэр айлын эхнэр нь надад сайн ханддаг. Тэднийд өлсөж үзээгүй. Надтай хамт тэднийд туслах уяачаар ажилладаг ах байдаг. Тэр ах нэг сарын 5000 юань буюу монгол мөнгөн дүнгээр 2 сая төгрөгийн цалинтай. Харин минийх 3000 юань буюу нэг сарын нэг сая 200 мянган төгрөг. Анх морь унахдаа гэрээ байгуулдаг юм билээ. Морь унуулах гэж байгаа айл ээжтэй маань гэрээ байгуулсан. Жишээ нь, гэнэтийн осол гэмтэл гарахад бүрэн хариуцлага хүлээж нөхөн төлбөр төлнө гэх мэт. Хилээр бид нарыг морь унана гэхээр гаргадаггүй. Тэгэхээр нь газар үзэх гэж байгаа гэж хэлээд гардаг. ӨВӨРМОНГОЛД ДРОНООР МАЛАА ХАРИУЛДАГ -Өвөрмонгол хөдөөний айл ер нь ямархуу аж төрж байна? -Өвөрмонголын малчин нэг айл гэхэд л 3-4 байшинтай, том машин унадаг. Гэрт амьдардаг айл ер нь байдаггүй. Нэг азарга адуу дотроо 100 гаран тооны гүүтэй, унагатайгаа нийлээд 200 гаран тооны морь байдаг. Коронавирус гарахаас өмнө миний морь унадаг байсан айл 1000 адууны найр хийсэн. Хонио дроноор хариулдаг. Малын бэлчээрийн газар нь тортой, 2-3 га нь хониных, 4-5 га нь адууных гээд ангилдаг учраас хонь мал хоорондоо нийлэх асуудал гардаггүй. Бэлчээрийн талбай тус бүрдээ худагтай. Ер нь мал аж ахуй нь ингэж хөгжсөн. Өвөл малын бэлчээрийнхээ цасыг том машинаар гүйлгээд цэвэрлэчихдэг. Өвөл бас хүлэмжинд ногоо тарьдаг. Түүнийгээ зулгаагаад хонь ямаандаа өгдөг. Адууны саравч, үхрийн саравч тус тусдаа байдаг. Би зургаан насны морьд унадаг, дарааллаж зургаа уралдаад жоохон ядардаг. Өөр нэг гайхсан зүйл гэвэл азарга нь дааганы ангилалд уралддаг, засаатай морь уралддаггүй. Цагаан тамгатай монгол морь би лав харж байгаагүй. Эрлийз морьд бол зөндөө. Бараг долоо хоног бүр найр болдог. Хүүхдийн үсний найр, хоёр ихэр унага төрлөө гэх зэргээр. Монгол наадам эхний таван байр пайзтай бол өвөрмонгол наадам эхний 15-20 хүртэл пайзтай байдаг. Том уралдаанууд 20-25 хүртэл пайзтай. Баян ходоодоо өндөр шагнадаг. Жишээ нь машин, мотоцикл өгдөг. -Чамаас өөр морь унадаг хүүхэд Өвөрмонголд байдаг уу? -Зөндөөн, миний мэдэхийн манай хошуунд надаас гадна гурван хүүхэд бий. Надтай насаар ойролцоо. Коронавирус гарахаас өмнө би Эрээн хотод сургуульд сурах гэж байсан. Манай уяач ах сургалтын төлбөр төлөөд миний хувцсыг бэлдсэн, би байхад л болно гэж байсан. Тэгтэл өвчин гарчихсан. Морь унах үеэрээ хошуунд хятад хэлний сургалтад суудаг байсан. Өдөр нь сургалтдаа суугаад, орой нь морио унадаг байв. -Хэдэн настайгаасаа морь унаж эхэлсэн бэ. Хурдны морь өмнө нь унаж байв уу? -Намайг таван настай байхад аав, ээж хоёр айлын мал хариулдаг байсан. Тэр айлд эмнэг шарга морийг хэн ч сургаж чаддаггүй. Аав, ах унаад ч сургаж чадаагүй. Би нэг өдөр гэрийнхнийг эзгүй байхад дэггүйтээд мордоод үзсэн. Тэгсэн ердөөсөө булгиагүй. Зүв зүгээр шогшоод явсан. Удалгүй гэрийнхнийг ирэхээр нь харуултал маш их гайхсан. Тэгээд морины эзэн нь намайг адуун дундаас нэгийг сонгоод ав гэсэн. Тэгтэл надад морь биш нэг улаан ямаа нүдэнд тусаад, тэр улаан ямааг авч байлаа /инээв/. -Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг вэ. Юу хүсэж мөрөөдөж байна? -Би хятад хэлний орчуулагч болохыг хүсдэг. Гэвч ээж маань эсэргүүцээд байгаа. Барилгын сантехникээр явуулна гэсэн. Би өөрөө хятад хэл сурах маш сонирхолтой. Өвөрмонгол сургуульд сурах гээд түвшин тогтоох шалгалт өгөхөд 93,6 оноо авсан. -Морь уяж байсан тухай нь сонсож байсан юм. Тэр тухай хуваалцаач? -Урд очоод морь уяж үзсэн. Морь унуулдаг ахын адуун дотор нэг даага нүдэнд тусаад би уяж үзэж болох уу гэж асуухад зөвшөөрсөн. Гурван түмэн зоосоор авсан гэсэн юм. Монгол мөнгөөр бол хорин сая гаруй төгрөг гэсэн үг. Сунгаанд уралдаад ест орж байсан. Наашаа ирэхээсээ өмнө уяж байлаа. Одоо хурдан дааган дээрээ очмоор байна. -Өвөрмонголд байхад үлдсэн хамгийн тод дурсамжаасаа хуваалцаач? -Нэг удаа манай эзэн аавынх руугаа явахад нь би төрөх дөхсөн жирэмсэн эхнэртэй нь хамт үлдсэн. Шөнө унтаж байхад эхнэр нь өвдөөд би айж сандраад. Жоохон байхад аав машин барьж сургасан нь хэрэг болж машиныг нь бариад хадам ээж, аавыг нь дуудаж өгч байсан. Тэр үед сандарч явахдаа торон хаалгаар орохдоо машиныг нь зурчихсан байсан. Тэгээд би үнэнээ хэлээд уучлал гуйсан. Ах надад маш их баярлаж ‘’Чи байгаагүй бол’’ гээд л хоолой нь зангираад ярьдаг. Одоо ч гэсэн өдөр болгон “ WeChat ”-аар ярьж холбоотой байдаг. Хил нээгдэх л юм бол ах дээрээ очмоор байна. Би урд байх дуртай.