ААВ НЬ ОХИНТОЙГОО МАРГАЛДАХДАА БЕНЗИН ШИДЭЖ, ГАЛ ГАРСНААР БАГА НАСНЫ ХҮҮХЭД ТҮЛЭГДЭЖ АМИА АЛДЖЭЭ

Дархан-Уул аймагт 35 настай эрэгтэй Д том охиноо хичээлд нь явуулахгүй гэж маргахдаа савтай бензин шидэж улмаар гал гарснаар бага охин нь 40-50 хувь түлэгдэж, эмнэлэгт эмчлүүлж байх үедээ амиа алдсан байна.

Яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Тухайн өдөр би гэрээ янзлаад өвлийн бэлтгэлээ хийгээд байж байсан ба гэрт хийх юм их байсан учир том охиноо туслахыг гуйхад "сургууль руугаа явна" гэхээр нь би түүнд хандаад "чи ямар хүүхдүүдтэй найзлаад яваад байгаа юм бэ" гээд бид хоёр муудалцсан ба би орон дээр сууж байхдаа орны хажуу талд байх хуванцар савтай зүйлийг шидсэн. Ингээд гэнэт гал гарсан ба би савтай ус цацаад унтраасан" хэмээн мэдүүлэг өгсөн байгаа юм.

Аавтайгаа маргалдсан гэх эгч нь "...бид хоёр бага зэрэг маргалдсан ба би гэрт байх хөргөгчийн ойр зогсож байхад аав орон дээр сууж байгаад орны тэнд байх савтай зүйлийг хөргөгч рүү шидэхэд гэнэт гал гарсан, мөн манай дүүгийн толгой хэсэг шатаж байхыг би харсан ба аав савтай ус цацаад галыг унтраасан” хэмээн цагдаад мэдүүлсэн байна.

Харин эмчлэгч эмч"... Уг хүүхэд нүүр, цээж 2 гарын сарвуу, шуу, бугалга, шилэн хүзүүндээ түлэгдсэн ирсэн” хэмээн шүүхэд мэдүүлжээ.

Шүүх: Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх ял оноосон байна.

Холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.