ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ЭРХ МЭДЛИЙГ БУЛААСАН МОНГОЛЫН АНХНЫ ХЗДХ-ИЙН САЙД

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх үед Улаанбаатар хотын төвд баригдсан “Аюуд” тауэр нэртэй оффис, үйлчилгээний барилгын маргаан олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн юм. 

БНХАУ-ын аж ахуйн нэгж болон Монгол Улсын компаниуд хамтран хөрөнгө оруулалт хийж эхлүүлсэн “Аюуд” тауэрийн өмчлөлийн маргаан эрчимжиж, талууд гомдлоо ЦЕГ, ЭЦА, УМБГ, УБЕГ-аас эхлээд шат шатны шүүхийн байгууллагад илгээж байсан нь зарим албан тушаалтны хувьд аманд нь өөрөө ороод ирсэн шар тос мэт санагдсан байхыг үгүйсгэх аргагүй. “Аюуд” тауэрын өмчлөлийн маргааш ид ширүүссэн 2023 оны намар Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдсон. Гэвч маргааныг гардан хүлээж авсан сайд асуудлыг хуулийн хүрээнд ул суурьтай шийдвэрлэгдсэнгүй. Харин ч эсрэгээрээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрддөг хууль эрх зүйн акт, санкцын дагуу биш, хуулийн сахиулах үүрэгтэй сайдын үүрэг, хариуцлагын дагуу биш өөрийн, хувь хүний үзэмжээр шийдэгдсэн нь өдгөө Б.Энхбаярыг маргаантай талуудын нэгнээс, тодорхой хэлбэл Хятад компаниас авлига авсан байх боломжтой гэж хардагдахад хүргээд байна. 

Хоёр компанийн дунд үүссэн маргааныг эргэн сөхөж, товчлон хүргэе. Монгол Улсын иргэн А.Бат-Эрдэнийн эзэмшдэг “Аюуд” ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” ХХК-иуд 2008-2009 оны үед дундын хөрөнгө босгож, Улаанбаатар хотын төвд “Аюуд” тауэр нэртэй оффис, үйлчилгээний барилга барьж эхэлжээ. 2013 оноос барилгын үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон бөгөөд 2015 онд “Аюуд” компани Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” ХХК-ийн мэдэлд байсан “Аюуд” тауэрын 60 хувийг дангаараа эзэмших эрхийг УБЕГ-аар гаргуулсан гэдэг гомдол сүүлийн жилүүдэд төрийн бүх шатны байгууллагуудыг дарах болсон байдаг. 

Уг маргааныг Монгол Улсын Иргэний хэргийн шат шатны шүүх, Хонгконгийн Олон улсын арбитрын шүүх хянан хэлэлцэх гэж байгаа. 2017 оноос хойш Эрүүгийн цагдаагийн алба, УМБГ, дүүргүүдийн Цагдаагийн хэлтэс, АТГ гэх мэт хууль хүчний бүхий л байгууллагууд энэ хэргийг шалгасан ч маргааныг эцэслэж дийлээгүй байдаг. Үүнээс хойш энэ хэрэг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд эргэн сэргэсэн бөгөөд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар Ажлын хэсэг томилон шалгаж байсан аж. Гэсэн хэдий ч 2023 оны аравдугаар сард Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдон асуудлыг бантан болгоод хаяжээ. Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар ажиллахдаа энэ маргаан дээр өөрийгөө товойлгон гаргах дуртай шударга үнэний дуу хоолой болж чадаагүйд асуудлын гол нуугдаж буй юм. Учир нь Б.Энхбаяр Монгол Улсын Иргэний хэргийн шат шатны шүүх, Хонконгийн Олон улсын арбитрын шүүх зэрэг компанийн эд хөрөнгө, хувь нийлүүлсэн асуудал, маргааныг хянан шийдвэрлэдэг байгууллагын шийдвэрийг үл тоосон шийдвэр гаргасан нь олон улсын Арбитрын шүүхийн өмнө Монгол Улсын Засгийн газрыг нүүрийг түлээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр хуулийн бүхий л байгууллагууд хянаж, дүгнэлт гаргаж яваа шат дараатай ажиллагааг үл тоомсорлож, 2024 оны нэгдүгээр сарын 16-нд сайдын Албан даалгавар бичиж, “Улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14242/, Олимпын гудамж 5 тоот хаягт байрлах 14, 386.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө (70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга)-ийн хамтран өмчлөгчөөс “Хуашенконстракшн Монгол” ХХК-ийг хасаж, “Аюуд” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулж, “Хуашенконстракшн Монгол” ХХК-ийн өмчийн эрхийг сэргээх үүрэг өгчээ. Хэн нэгний гэм буруутайг зөвхөн шүүх л тогтоодог. Хэн нэгэн сайд шүүх байгууллагын хянан шийдвэрлэх ёстой эрх мэдлийг булаан авч, ямар ч маргааныг талуудын хэн нэгэнд ашигтай шийдэж өгөх ёсгүй. Харин Б.Энхбаяр бол шүүх засаглалаас том гэдгээ харуулсан Монголын анхны сайдаар тодорсон байна.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.