Ц.АДЪЯАСҮРЭН: ЕВРО 5-ЫГ ОРУУЛЖ ИРВЭЛ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга замын талаар БОАЖЯ-ны сайд асан Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа. Түүний хувьд хувьд 1970 оноос өнөөдрийг хүртэл 53 жил байгаль орчины салбарт ажиллаж буй. ----------------------------------------------------- -Байгаль орчин, экологийн чиглэлээр олон жил ажиллаж яваа хүний хувьд танд агаарын бохирдлыг бууруулах ямар шийдэл байна вэ ? -Ихэнх судлаачид агаарыг хамгийн их бохирдуулж байгаа хүчин зүйлээр гэр хорооллыг нэрлэдэг. Гэхдээ бидний судалгаанаас харахад агаарын бохирдлын 70 орчим хувь нь гэр хороолол, 20 хувь нь цахилгаан станц, үлдсэн хувь нь автомашинаас гарах утаа байгаа юм. Тиймээс агаарын бохирдол үүсгэж байгаа хүчин зүйлсээс бид төлбөр авч байж утааг бууруулна. Энэ бол агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал шийдэл шүү. Олон улсын байгаль хамгаалах гол арга бол энэ. -Таны хэлсэнчлэн агаарын бохирдлын асуудал дээр автомашины талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Өнөөдөр монголчууд АИ-92 буюу Евро-2 стандартын шатахууныг хэрэглэж байна. Гэвч "Уг шатахуун нь хүхрийн агууламж өндөр учраас агаарын бохирдолд нөлөөлдөг. Харин Евро 5-ыг хэрэглэх юм бол хүхрийн хэмжээ 50 дахин буурах" талаар аль 2013 онд Агаарын бохирдлыг бууруулах дэд хороон дээр яригдаж байж. Та үүнтэй санал нийлэх үү. -Бид 2016-2018 онд судалгаа хийсэн. Манай улсад хөдөлгөөнд оролцож байгаа дийлэнх автомашин 20-оос дээш жил явчихсан хуучин машинууд. Автомашины ашиглах хугацааг тав, таван жилээр гурван мөчлөгт хуваадаг. Эхний мөчлөгтөө автомашин нь үйлдвэрийн баталгаатай, техникийн бүхий л стандартыг хангадаг, утаан дахь хорт хий анхны түвшиндээ, бас эвдрэл гэмтэл ч бараг гардаггүй. Хоёр дахь мөчлөгтөө буюу 5-10 жилийн насжилттай автомашинууд ихэвчлэн хоёр дахь эзэндээ очсон, хорт хийн горим алдагдсан, эвдрэл гэмтэл гарах нь элбэг болдог. Ихэнх улс орон ийм автомашиныг экспортлох арга замыг хайж, автомашины татвар, даатгалыг өндрөөр тогтоож эхэлдэг. Харин гурав дахь таван жилээс сүүлчийн мөчлөг эхлэж ойр ойрхон эвдэрч, хорт утааны хаягдал өсч, сэлбэг хэрэгслийн олдоц багасдаг. Эдгээр машинууд дээр нэмээд автобусууд асар их хэмжээний хүхэр ялгаруулж байгаа. Харьцуулж хэлбэл, Евро-5 стандарт нь Евро-2 стандартаас 40 дахин бага хүхрийн агууламжтай. Хоорондоо асар их ялгаатай байгаа биз. Манай хөрш ОХУ, Хятад хоёр 2017 оноос эхлээд Евро-5 стандартад шилжсэн. Евро-2 стандартын шатахуун бол хамгийн муу чанартай нь шүү дээ. Дэлхий нийт Евро-5 стандарт руу шилжчихээд байна. Евро-2 шатахуунаар 100 км газар 10 литрийг зарцуулдаг байсан бол жаахан үнэтэй Евро-5 шатахуунаар 6-8 литрийг нь зарцуулна. Ингээд үнийн зөрүүнээс хожоо гарна. Өртөг зардлыг тооцоог ингэж л хийх ёстой. Сайн чанарын шатахуун хэрэглэвэл утаа багасна. Автомашин эвдрэхгүй, хүн амын эрүүл мэндийн асуудал эерэг үр дүн их гарна. Сайн чанарынх нь юм сайн л байдаг байхгүй юу. -Уг нь салбар яамд нь 2019 онд Евро-5 стандарттай шатахууны хэрэглээг 50 хувьд хүргэх зорилт тавиад байсан шүү дээ. Гэвч өдийг хүртэл ажил хэрэг болсонгүй. Шалтгаан нь юу байв. Мэдээж иргэд үнэ хямдаар нь Евро-2 хэрэглэж байгаа нь нөлөөлж байгаа байлгүй. -Тийм ээ яригдаж байсан. Шатахуун импортлогч компаниудад төр шахалт үзүүлэхгүй байна. Эдийн засгийн шахалт өгөх ёстой. Тухайлбал, Евро 5-ыг оруулж ирвэл татварын хөнгөлөлт үзүүлж, Евро 2-ыг оруулж ирвэл татварыг нь нэмэгдүүлэх ёстой. Иргэд хямдыг нь хэрэглээд байгаа учраас манай хэрэглээ өсөхгүй байна. Хэрэглээгээ өсгөхийн тулд хэрэглэгч дээр ирж байгаа ачааллыг нь тэнцвэржүүлээд өгвөл Евро-5 руу хүссэн, хүсээгүй шилжинэ. Ингэхдээ Евро-3, 4 гэж дамжилгүй шууд Евро-5 руу шилжих хэрэгтэй. Манайхан өнөөдөр л болж байвал маргааш, нөгөөдөр хамаагүй мэт амьдарч байна. Ингэж болохгүй. -Монгол Улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараат байгаа нь гадаад худалдааны тэнцэлд муугаар нөлөөлөхөөс гадна бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцийг хөөрөгдөх гол хүчин зүйл болж байгаа. Тиймдээ ч шатахууны үнийг “хазаарлах” ганц найдвар нь Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох. Тус үйлдвэр 2027 онд ашиглалтад орохоор дотоод хэрэгцээний 60 хувийг Евро-5 стандартын шатахуунаар хангана гэх юм билээ. -Мэдээж бидэнд газрын тос боловсруулах үйлдвэр маш их хэрэгтэй. Уг нь анх 2023 онд ашиглалтад орно гэж байсан бол хойшилсоор 2027 онтой золгох нь. Хугацаандаа л ашиглалтад ороосой гэж найдаж байна. Импортын шатахууны үнээр талхныхаа үнийг “удирдуулсаар” байгаа бидэнд үүнээс илүү хэрэгтэй зүйл үгүй. Хэрэгцээний 60 хувийг Евро-5 стандартын шатахуунаар хангах эсэхийг цаг хугацаа харуулна биз дээ. Хангавал сайн л байна. Дээр ярьсан олон асуудлыг шийдвэрлэнэ шүү дээ. Гэхдээ л агаарын бохирдлыг бид эдийн засгийн хөшүүргээр л өөрчлөхөөс өөр аргагүй. - Агаарын бохирдолтой халамжаар тэмцэхгүй - -Таны ярьж байгаагаар бол гэр хорооллын иргэдээс эхлээд орон сууцанд амьдардаг иргэд бүгд агаарын бохирдлын төлбөр төлнө гэсэн үг үү. -Тийм ээ. Тийм л зарчим үйлчлэх хэрэгтэй. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа зоригтой шийдвэр гаргаж, шахмал түлш рүү орсон нь сайн хэрэг. Гэхдээ энэ түлшний чанарын асуудлыг ярьвал өөр хэрэг. Нүүрсэнд асар их химийн бодис агуулагддаг. Олон улсад энэ болгоныг арилгасны дараа ууталдаг. Өөрөөр хэлбэл, нүүрсийг халаахаар дэгдэмхий хий нь гараад явчихна. Аль эсвэл шохойтой урвалд оруулж хүхэрлэг хийг нь арилгаж хэрэглэдэг. Харин Монголд бол зүгээр авчираад шахаад л савлаад ууталдаг. Нэг ёсондоо хар аргаар л яваад байна гэсэн үг. Манайд түүхий нүүрсийг боловсруулах эхний арга нь зөв боловч боловсруулалт нь буруу. Бид шахмал түлшээ сайжруулж зуухаа шинэчилж боловсронгуй болгох хэрэгтэй. Ганц түлшээр, эсвэл ганц зуухаар энэ асуудал шийдэгдэхгүй. Хоёуланг нь зэрэг авч явж байж энэ асуудал шийдэгдэнэ. Өөр нэг асуудал нь гэр хорооллыг барилгажуулахаас өөр аргагүй. Гэхдээ хүний газрыг "булааж" аваад орон сууц барих нь нэг шийдэл юм шиг харагдаж байгаа боловч эцсийн дүндээ шийдэл биш. Газар орон сууцнаас илүү үнэ цэнэтэй. Өнөөдөртөө газар өмчлөлийн үнэ цэнийг иргэд ойлгохгүй байгаа учраас газар үнэгүй юм шиг харагдаад байгаа юм. Газар жил ирэх тусам үнэтэй үл хөдлөх хөрөнгө болно. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад нэгдүгээрт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, технологийн шинэчлэл, эдийн засгийн хөшүүрэг, мэдээлэл мэдлэг, олон нийтийн оролцоо чухал. Дээрх таван зүйлийг иж бүрэн хэрэгжүүлсний эцэст бид агаарын бохирдолтойгоо тэмцэж байна гэсэн үг. Түүнээс аль нэгийг нь дэмжчихээд бусдыг нь хаячихаж болохгүй. Дэлхий нийтийн жишиг ч ийм. -2021 онд насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан яриад иргэдийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, шийдвэрээсээ буцсан удаатай. Тэгэхээр иргэдээс агаарын бохирдлын төлбөр авна гэвэл шулуухан хэлэхэд бүтэхгүй байх. Сонгууль ч дөхөж байна. Эрх баригчид иргэдээс оноо авахаа л бодно шүү дээ. -Бид хандлагаа өөрчлөх цаг болсон. Өнөөдөр тэр хөгшин юм, тэр ядуу юм гээд түлэх түлшийг нь хүртэл үнэгүй өгч байна. Агаарын бохирдолтой халамжаар тэмцэхгүй. Улаанбаатар хот өндөр төлбөртэй буюу даацыг нь дааж байж хүмүүс амьдрах ёстой. Түүнээс биш Улаанбаатар ядуучуудын бөөгнөрлийн хот биш. Улсын нийслэл хот цэвэр цэмцгэр байх ёстой. Үүний тулд шаардлагаа тавих нь зүйн хэрэг. Нийслэл хотод амьдарч байгаа иргэд агаарын бохирдлын төлбөр төлдөг болох ёстой. Тэрхүү төлбөрийг хяналттайгаар утааг бууруулахад дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ байгуулахад зарцуулдаг байх. Үүн дээр нэмээд мэдээж олон нийтийн хяналт маш чухал. Ерөөсөө энэ хууль эрхзүйн орчныг бүрдүүлж байж бид утаанаас сална. - Сүүлийн асуулт. Таны хувьд 1996-1998 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдаар ажиллаж байсан. Тухайн үед агаарын бохирдлын төлбөрийн асуудал яригдах хэмжээнд утаа их байгаагүй юу. -Тэр үед агаарын бохирдол харьцангуй бага байсан. Миний санаж буйгаар 580 мянган хүнтэй байсан. 2011 онд АН засаг барьж байсан. Тэр үед Агаарын бохирдлын төлбөрийн хуулийг оруулж ирж байсан. Тухайн үед хэн билээдээ БОАЖЯ-ны сайд асан Л.Гансүхийг "Чи хуулийн төслөө татаж ав яах гэж ард иргэдийн нуруун дээр ачаа өгч байгаа юм" гэж загинаад. Дараа нь сонгогдсон дүүргээсээ гарч чадахгүй нь гээд ард түмэнд сайн хүн болж харагдах гэсний эцэст тус биш ус болсон шүү. Энийгээ өөрсдөө мэдэхгүй байгаа байх. Тэгж шахаад хуулийг татаж авахуулсан. Цэвэр агаарын сангийн мөнгийг нүүрсний уурхайгаас бүрдүүлдэг хууль хийсэн. Гэтэл нүүрсний уурхай бохирдол гаргаж байгаа эх үүсвэр мөн. Инээдтэй байгаа биз дээ. Тэр үед манай Засгийн газар Агаарын бохирдлын төлбөрийн хуулийг дахиж оруултал цаг нь болоогүй гэх шалтгаанаар УИХ буцаасан. Засгийн газар ч мөнгөгүй байсан. УИХ цалингаа ч тавьж чадахгүй. Эрдэнэтийн зэсний үнэ 1200 ам.доллар хүртлээ унасан. Тухайн үед улсын төсөв 300-400 сая төгрөг байсан бол одоо хичнээн ч их наядаар яригдаад байгаа юм. Бид Улаанбаатар хотын механик өсөлтийг өсгөхгүй байх тал дээр анхаарч байсан ч сүүлдээ үнэхээр дийлээгүй. -Ярилцсанд баярлалаа. Э.СОСОРБУРАМ