ЗАЙСАНГИЙН ХУУЧИН ГҮҮРНИЙ УРД УУЛЗВАРЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭСЭГЧЛЭН ТҮР ХААНА

Зайсангийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдөр хааж, бохирын шугамыг шилжүүлэхээр төлөвлөж байсан.

Харин төлөвлөгөөг шинэчлэн гаргаж хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг өнөө шөнө буюу арваннэгдүгээр сарын 12-ны 00:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийн энэ сарын 30-ны 06:00 цагт нээхээр төлөвлөж байна. Энэ хугацаанд хуучин, шинэ гүүрний хөдөлгөөнийг хаахгүй юм.

Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх хүрээнд энэ сарын 8-12-ны өдрүүдэд шөнийн цагаар шинэ гүүрний хэсэг болох баруун хэсгийн шугам холболтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өдрийн цагаар хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж байна. Харин маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны 00:00 цагаас эхлэн Зайсангийн гүүрний хот чиглэл буюу хуучин гүүрнээс урагш уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн тал хэсгийг 20 метр орчим хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийнэ. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг сөрөг хөдөлгөөнөөр зорчуулах бөгөөд хоёр гүүрний хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ” хэмээв.


 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.