УБЕГ-ЫН ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН ӨРӨӨНДӨӨ АРХИДАЖ, АЖИЛТНАА ЗОДЖЭЭ

Төрийн албан байранд архидаж, согтуурсны улмаас хүний амь нас эрсэдсэн хэд хэдэн тохиолдол гарч, Засгийн газраас “Төрийн байгууллагад архи, согтууруулах ундаа хадгалах, хэрэглэхийг хориглосон. Энэ тохиолдолд тухайн алба хаагчийг албан үүргээс нь шууд чөлөөлөх” зохицуулалттай болсон.

Гэвч төрийн байгууллага дахь, ялангуяа удирдах албан тушаалтнуудын архидалт тасрахгүй байна.

Энэ сарын 9-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан албан өрөөндөө архидаж, согтуурсан үедээ ажилтнаа зоджээ. Улмаар ажилтан нь ГССҮТ-д хүргэгдсэн байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “СБД-ийн 11 дүгээр хороо, УБЕГ-ын орчимд зодуулсан байдалтай хүн ГССҮТ-д 2024 оны 11 сарын 09-ний өдрийн 23:45 цагт ирсэн. Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар Д нь Т-н нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан. Хохирогчийн биеийн байдал одоогоор хэвийн” гэсэн тодруулгыг өглөө.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.