ЭЕШ-Д СУРАГЧИД НЬ ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН ЗӨВХӨН 1 СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ 7 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛНА

Говь-Алтай аймгийн ИТХ-аар ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчид, багш нар, сургуулийн захиргаа мөн сумын засаг дарга нарыг 1 сая төгрөгөөс 7 сая төгрөг хүртэлх мөнгөн тэтгэмжээр урамшуулахаар болсон талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас тодруулахад,

"ЭЕШ-д амжилт үзүүлж, өндөр оноо авсан сурагч, багш, сургалтын менежер, сумдын засаг дарга нарыг өнгөрсөн жилүүдээс эхлэн урамшуулж эхэлсэн. Тодруулбал, Боловсролын чанарыг сайжруулах зорилгоор аймгийн ИТХ-ын журамд зааснаар сум орон нутгийн засаг дарга нар боловсролын чанарт онцгойлон анхаарах шаардлагатай бөгөөд улсын хэмжээнд тодорхой амжилт үзүүлсэн тохиолдолд мөнгөн урамшуулал үзүүлнэ гэж заасан.

Үүн дагуу ЭЕШ-д улсын дундаж онооноос өндөр оноо авсан сумдыг журамд заасны дагуу байр эзлүүлж, хамгийн өндөр оноотой сургууль, сумдын засаг дарга нарыг 7 сая төгрөгөөр, 2 болон 3-р байрт шалгарсан тохиолдолд түүнээс бага мөнгөн дүнгээр урамшуулахаар болсон. Түүнээс биш бүх сумдын засаг дарга нарыг 7 сая төгрөгөөр урамшуулна гэсэн асуудал байхгүй. Зөвхөн 1 сумын засаг даргыг 7 сая төгрөгөөр урамшуулна" гэх мэдээллийг өглөө.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.