“ДУЛААНЫ ХОЁРДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ИЙН НЯГТЛАН 330-ААД АЖИЛЧДЫН ЦАЛИНГ ДУТУУ БОДОЖ ОЛГОДОГ БАЙСНААР 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗӨРҮҮ ГАРЧЭЭ !
Аливаа байгууллагын нягтлан тайлан, тооцоо хийж, татвар төлж, цалин бодох ажил хийдгийг олон нийт мэднэ. Харин эдгээр ажлаа асуудалтай хийдэг хүн төрийн байгууллагад хоёр жил гаруй хугацаанд ажиллаж алдаа гаргасаар байсан нь тогтоогджээ. Цалингаа зөв бодож чадахгүй алдаа гаргасан цалингийн нягтлангийн зөрүү цалин өдгөө 1.2 тэрбум төгрөг болжээ. “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д Хөдөлмөрийн тухай хууль зөрчигдөж байгаа нь цалинг буруу бодож, зөрүү нь 1.2 тэрбум төгрөг болсон бөгөөд үүнд цалингийн нягтлан С.Нямсүрэн, түүнд хяналт тавин ажиллах ёстой “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал нар ажлын хариуцлага алдсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргалын удирдлагад ажилладаг цалингийн нягтлан С.Нямсүрэн 2022 оны 1, 2, 3-р сарын 148 ажилтны илүү цаг, шөнийн цагийн нэмэгдэл хөлс 547 753 339 төгрөгийг дутуу олгосон. Мөн 183 ажилтны 2023 оны 1, 2, 3, 4-р сарын үндсэн цалингийн болон нэмэгдэл цалингийн зөрүү 707 015 947 төгрөг, нийт 1 254 769 286 /нэг тэрбум хоёр зуун тавин дөрвөн сая долоон зуун жаран есөн мянга хоёр зуун наян зургаан төгрөг/ төгрөгийн зөрүү гаргажээ. Өөрөөр хэлбэл ажилчдын цалин Хөдөлмөрийн тухай хуулиараа нэмэгдэх ёстой байтал багасаж орсон, ээлжийн амралтын мөнгө цагтаа ордоггүй, цалингийн нэмэгдэл нь дутуу байх зэргээр асуудал үүссэн тул Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан шалгуулахад ийнхүү зөрчил илэрчээ. Өнөөдөр ч ээлжийн ажилтнуудын шөнийн болон илүү цагийн нэмэгдэл хөлсийг хөдөлмөрийн хуульд зааснаас дордуулж олгодог асуудал тус станц дээр үргэлжилж байна. Тус цахилгаан станцын ҮЭ-ийн хорооны гомдлын дагуу Хөдөлмөрийн улсын байцаагч уг асуудлыг шалгаж тогтоогоод давхардсан тоогоор 330 гаруй ажилтанд дутуу олгосон цалингийн зөрүүнд 1,254,769, 286 төгрөгийг нөхөж олгох гэж төлбөрийн акт тавьсан байна Уг шалгалтын үеэр зөвхөн нэг хүний нэг сарын зөрүү мөнгө нь 38 000- 2 700 000 төгрөг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл цалингийн нягтлан яг нэг алдаагаа нийт долоон удаа цалин бодохдоо давтсан бөгөөд цалингийн зөрүү 1.2 тэрбум төгрөг гэхээр ажил үүрэгтээ тэнцэхээргүй хүн гэдгийг нь нотолж байгаа юм. Зөвхөн нэг ажилтны долоон удаагийн алдаа нь 1.2 тэрбум төгрөг байна гэдэг нь ажлаас халагдах хангалттай үндэслэл юм. Тэгвэл энэхүү алдааг гаргасан цалингийн нягтлан С.Нямсүрэнг Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү Налайхын станцаасаа “Дагуулж” ирсэн гэх мэдээлэл бий. Тиймдээ ч энэ алдаа болон өмнөх 153 ажилтны 5 сарын цалинг буруу бодож, дутуу олгосон асуудлыг нь таг дуугүй өнгөрөөж байжээ.Уг асуудал нь байгууллагын дотоод аудитын шалгалтаар тогтоогдон нөхөх олгосон түүхтэй. Харин ийм алдаа дутагдал удаа дараа гаргасан хүнийг “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Ц.Минжинхүү өнөөдрийг хүртэл ажилуулсаар байгаа бөгөөд санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал болон удирдлагад ажилладаг цалингийн нягтлан С.Нямсүрэн нарт хариуцлага тооцоогүй байгаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Засгийн газар, АТГ анхааралдаа авна уу.