НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа Эгийн голын цахилгаан станцыг хөндөнө

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа Эгийн голын цахилгаан станцыг хөндөнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Эгийн голын усан цахилгаан станц төслийн талбайд ажиллаж байна.

Ерөнхий сайд “Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хоёр төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийг өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзах үеэр шийдвэрлэсэн.

Манай талаас бэлтгэл бүрэн хангасан. Нэг ёсондоо, Эрдэнэбүрэнгийн УЦС хөдөлсөн. Дараагийнх нь 315 МВт-ын Эгийн голын УЦС. Энэ төслийг хэрэгжүүлэхэд саатал гарсан юм.

Байгаль орчны нөлөөллийн судалгааг олон улсын компаниар хийлгэж, гүйцэтгэл 85 хувьтай байна. Маргааш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерештай уулзах үеэрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд нааштай шийдвэр гаргуулах талаар ярилцана.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзахад тус улсын Засгийн газраас Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Засгийн газар энэ төслийг урагшлуулахад бүх талаар ажиллаж байна” гэв.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд дотроос нэн тэргүүнд Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Үр дүнд нь манай улс оргил ачааллын үед импортын эрчим хүч авахгүй болно. Эрчим хүчний аюулгүй байдал дээшилнэ.

Олон улсын компаниар хийлгэж буй "Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгаа" аравдугаар сард дуусна.

Уг судалгаанд тулгуурлаж ирэх онд болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 46-р чуулганаар нааштай шийдвэр гаргуулахаар ажиллаж байна гэжээ.

Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ. Жилд 50 гаруй сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой юм.

 Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Манай улсын эрчим хүчний эх үүсвэрийн 17 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж байна. Тэр дундаа 1.7 хувийг усан цахилгаан станц гаргаж байна. Улсын хэмжээнд усан цахилгаан станц байгуулах 11 байршил бий. Үүнээс эрчим хүчний сэргэлтийн хүрээнд нэн тэргүүнд Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ыг ашиглалтад оруулах чухал. Үр дүнд нь манай улс оргил ачааллын үед импортын эрчим хүч авахгүй болж, эрчим хүчний аюулгүй байдал дээшилнэ. Олон улсын компаниар хийлгэж буй "Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгаа" ирэх аравдугаар сард дуусна. Уг судалгаанд тулгуурлаж ирэх онд болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 46-р чуулганаар нааштай шийдвэр гаргуулахаар ажиллаж байна" гэлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.