БИЕИЙН ТАМИР СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ЯЛЗРАЛ БАРИМТ#2: БТСУХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУССАН КОМПАНИАС 2 ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГИЙН СОРИЛЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВЧЭЭ

Монгол Улс 2004 оноос хойш буюу сүүлийн 20 жилд анх удаа 1 медальтай олимпоо өндөрлүүллээ. Энэ үр дүнгээс л Биеийн тамир спортын улсын хорооны дунд дээд шатны удирдлагууд, үр дүнгүй олон жил бугшин ажилласан нь харагдана. Иймд бид Биеийн тамир спортын улсын хороо дотроосоо ялзарсан болохыг баталсан баримтуудыг бид цувралаар хүргэж байна. Өмнө бид тус байгууллагад хэмнэлтийн тухай хууль үйлчлэхгүй байгаа талаар мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2024.08.16/ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА НЬ ДУУССАН компаниас 2 тэрбум орчим төгрөгийн сорилын тоног төхөөрөмж авахаар сонгон шалгаруулсан талаар мэдээлэхээр боллоо. Дэлгэрүүлбэл, БТСУХ энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр “Биеийн тамир, спортын салбарын тоног төхөөрөмж” худалдан авах зорилгоор 2 тэрбум / 1,999,434,800/   төгрөгийн тендер зарлажээ. Гэтэл тус тендерт шалгаруулсан “Эйндромеда” ХХК-ийн эмийн сангийн тусгай зөвшөөрөл нь 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр дууссан байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад дөрвөн жил болсон гэсэн үг. Уг нь эмнэлгийн тоног төхөөрөмж худалдах компани нь тусгай зөвшөөрөлтэй байж тендерт шалгарах ёстой байдаг. Хугацаа дууссан эрхгүй компанийг “Биеийн тамир спортын улсын хороо” яагаад сонгосон гэдэг нь хачирхалтай байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал болон хариуцсан удирдлагууд энэ байгууллагыг анхааралдаа авч, хяналт тавьж, шинэчлэх цаг иржээ.

                                                            ЭХ СУРВАЛЖ: ASU.MN                                                 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.