ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН КОМПАНИУД ДҮРЭМ ЖУРАМГҮЙГЭЭР ӨӨРСДИЙН ДУРААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ, ИРГЭДИЙГ ХОХИРООСООР БАЙНА
Залилангийн гэмт хэрэгт хөрөнгө мөнгө, гэр бүл, цаг хугацаагаа суйлуулсан олон мянган өрх бий. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилан мэхлэх гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллага анхааруулсаар байгаа.Энэ төрлийн гэмт хэрэг ийн гаархад хамгийн халтай субьект болох үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын асуудал ч сөхөгдөх болсон. Манай улсад үл хөдлөх борлуулалтын үйлчилгээ сүүлийн 10 гаруй жил эрчимтэй хөгжиж байна. Энэ салбарт жилд 2-3 их наяд төгрөг эргэлддэг бөгөөд ДНБ-ийн 5.3 хувийг дангаараа эзэлж буй. Харамсалтай нь, манайд энэ төрлийн зах зээл албан зохицуулалтгүй явж ирсэн. Улмаар залилан, луйвар гаарч, мөнгө угаах, хууль бус мөнгө эргэлдэх нөхцөл бүрдээд байна. Хяналт сул байгаа учир тусгай зөвшөөрөл бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн борлуулагч залилагчид болсон тусгай зөвшөөрөлгүй хэрнээ үйл ажиллагаа явуулдаг, аль нэг байгууллага, агентын нэр барьж луйвар хийдэг хүмүүс ч цөөнгүй бий болжээ. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудтай холбоотой хөндөх асуудал үйлчлүүлэгчдээ залилагч зуучилж байгаагаар дууссангүй. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдөө иргэдийг залилж, хийгээгүй ажлынхаа хөлсийг нэхдэг байна. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгө арилжих гэрээ хийсэн иргэд өөр шугамаар буюу компанийн оролцоогүй орон сууцаа борлуулсан ч үйлчилгээний зардал авдаг. Ийнхүү үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд нэгдсэн зохион байгуулалт, дүрэм журамгүйгээр өөрсдийн дураар үйл ажиллагаа эрхэлж, иргэдийг хохироосоор байна. Түүнчлэн залилангийн гүүр болсон компани, борлуулагчид хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байгаагийн улмаас энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байна.