"ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР ХОГ ХАЯСАН НЬ ЗУРАГ БИЧЛЭГЭЭР НОТЛОГДВОЛ ХАРИУЦЛАГА ТООЦНО"

Зургаадугаар сарын 18-наас нийслэлийн холбогдох албаныхан “Цэвэрч иргэн - цэмцгэр хот” арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ хүрээнд 3517 зөрчил илрүүлсэн бөгөөд цаашид хог хаясан нь зураг бичлэгээр нотлогдсон бол хариуцлага тооцох боломжтойг НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах байцаагч О.Мөнхцэцэг хэллээ.

Тэрбээр “Тусгай арга хэмжээний хүрээнд 3517 зөрчил илрүүлж, зөрчлийг газар дээр нь засуулах, холбогдох байгууллагатай хамтран арилгуулах арга хэмжээ авч байна. Цаашид иргэд “Цахим Эко Цагдаа” нээлттэй фейсбүүк группт нэгдэн, зөвшөөрөлгүй газар хог хаяж байгаа асуудлыг зургаар баримтжуулж мэдээлснээр цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч хариуцлага тооцон хариу мэдэгдэх боломжтой болж буй. Эл арга хэмжээний үр дүнд хүн торгохоос илүүтэйгээр нийслэл хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг ханган, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх юм. Иймд цаашид иргэд иргэний үүргээ биелүүлж, хууль тогтоомж зөрчихгүй, ил задгай хог хаяхгүй, хогоо зориулалтын цэгт хаяж хэвшихийг уриалж байна” гэлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.