БАЙЛДАГЧАА ЗОДОЖ ХӨНӨӨСӨН ДЭСЛЭГЧИД 14 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

Зэвсэгт хүчний дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь гуравдугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсны улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан хэрэг гарсан.


Хан-Уул дүүргийн Прокурорын газраас дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамцад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах”,  28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцсэн юм.


Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлснийг Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 10.1-1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.