Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ЗӨВШИЛЦӨХ САНАЛАА АН, ХҮН НАМД ТАВЬСАН

УИХ-ын 2024.07.05-ны өдрийн чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж буй бөгөөд үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Б.Жаргалан: МАН энэ удаагийн парламентад 68 суудал авч олонх болсон. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу МАН бие даан засаглах боломжтой болсон байгаа. Өчигдөр МАН-ын даргын гарын үсэгтэй Хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тухай гэсэн гарчигтай зөвшилцөлд урьж байна гэсэн албан бичиг АН-д ирсэн. Тиймээс Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс аль аль намд зөвшилцөлд хүрэх тухай бичиг явуулсан талаар болон яагаад бие даан ЗГ байгуулах эрхээсээ татгалзаж байгаа тухай асууя.

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Нэгэнтээ бид тогтолцооны өөрчлөлтийг хийчихсэн учраас заавал шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал бий. Тухайлбал, бид өнгөрсөн 30 жилийн турш эрчим хүчний үнийг чөлөөлж, либералчлах тухай ярьсан. Гэтэл эрчим хүчний үйлдвэрийн үнэ, хэрэглээний үнээс хэд дахин бага байдаг. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх ямар ч боломжгүй, Дөрөвдүгээр цахилгаан станц, станцын шугамууд шийдэгдэхгүй 30 гаран жил болсон. Тиймээс энэ мэт олон асуудлыг шийдвэрлэхийн тулд бид зөвшилцөх шаардлагатай байгаа гэдэг утгаараа ХҮН нам, АН хоёрт саналаа тавьсан байгаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.