УИХ-ЫН ДАРГААР Д.АМАРБАЯСГАЛАНГ СОНГОСНООР АНХДУГААР ЧУУЛГАН ТҮР ЗАВСАРЛАЛАА

УИХ-ын даргаар Д.Амарбаясгалангаар сонгох тогтоолыг 121 гишүүний саналаар баталснаар анхдугаар чуулган түр завсарлалаа. Үдээс хойш хуралдаан үргэлжлэх юм.

Харин тогтоолын төсөлд холбогдуулан УИХ-ын нэг гишүүн санал хэлсэн нь Х.Тэмүүжин байв.

Тэрбээр "Ямар ч хэлэлцүүлэггүй гар өргөх дэг хийсэн байна. Шинээр бүрэлдэж буй парламент өмнөх жаягаас өөрөөр шийдэх эрх чөлөөтэй байх ёстой. Үүнийг бодно биз.

Таван зүйл хэлэхийг хүсэж байсан юм.

УИХ-ын дарга парламентат ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн гол багана. Мөртлөө ҮАБЗ-д орж, парламентаас гадуур эрх мэдэл эдэлдгийг зогсоох ёстой. ҮАБЗ Ерөнхийлөгчөөр удирдуулж, парламентаас төлөөлөл орох бол ХЗБХ, АБГБХ-ны гишүүн орох нь зөв. Хоёрт, тусгай хяналтын дэд хорооны чиг үүргийг сайжруулахгүй бол гүйцэтгэх ажил гадаад бодлогын асуудал шиг гадуур өнгөрдөг болсон байна. Тийм учраас энэ удаагийн УИХ үнэхээр хүний эрхийн асуудалд анхаарна гэвэл иргэний хамгааллын энэ асуудлыг дотоод хяналт руу шилжүүлээсэй. Ямар ч парламент гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холилдож суудаггүй. Төрийн ордноос Засгийн газраа гаргана гэдэгт итгэж байна. Эвслийн Засгийн газар байгуулна гэж ярьж байна. Ингэвэл парламент суларна. Одоо хяналтаа сайжруулъя. Ямар ч тохиолдолд аудит, ХЭҮК зэрэг байгууллага хяналтаа хараат бусаар тавьдаг байя. Мөн авлигатай тэмцэх ёсыг парламентаас эхлүүлэх ёстой. Парламент авлигаас ангид байх зарчмыг үлгэрлэнэ гэдэгт итгэж байна" гэлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.