БАГА НАСНЫ ОХИНТОЙ БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРСОН ЦАГДАА НАРТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаад холбогдсон хэргийнхээ улмаас чөлөөлөгдөөд буй О.Э, Н.Э, О.Э, Л.Б нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь шилжүүлжээ.

Мөрдөн байцаах алба (МБА)-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст анх шалгаж эхэлсэн хэргийг иргэдийн хардлага, хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр УЕПГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард харьяалал тогтоож, АТГ-т шалгуулахаар болсон билээ.

Дээрх дөрвөн хүнийг 2023 оны арваннэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын дунд хүртэлх хугацаанд бага насны хүүхэд буюу 13 настай охинтой бэлгийн харилцаанд орж хүчиндсэн хэмээн буруутгаж, тухайн үедээ олны анхаарлыг татаж, дургүйцлийг нь төрүүлж байв. Бидний авсан мэдээллээр хохирогч охиныг цагдаагийн алба хаагчдаар тогтохгүй Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн ангийн алба хаагчид, такси үйлчилгээ эрхлэгч гээд 4-5 хүн хүчиндэж бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй нь тодорхой болсон бөгөөд жирийн иргэдийг нь орон нутгийн цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн 12.1-4 дэх хэсгийн “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг үндэслэн яллагдагчаар татаад буй аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.