ТОМ ТОЙРОГТ ЧИРЭГДЭГСЭД

УИХ-ын сонгуулийн тойргийг томсгосон хэлбэрээр зохион байгуулахаар болсон нь шинэ нэр дэвшигчид болон олон нийтэд танигдаж амжаагүй хүмүүсийн хувьд чанга даваа болж байна. Ядахад сонгуулийн сурталчилгааны хугацаа нь 14 хоног учраас их л тэвдүү байгаа. Гэсэн ч тэд ямар нэг албан тушаалын сэтэр зүүгээд, арга сэдээд тойргуудаараа явсаар л байна.

Одоогийн УИХ, Засгийн газрын гишүүдийн хувьд өнгөрсөн хугацааны тайлангаа тавих нэрээр албан уулзалтууд хийж, сонгогчидтой уулзаж байгаа ч шинэ хүмүүс хий л орон нутагт өөрийгөө таниулахын тулд тэднийгээ даган намирч байна.


Харин тиймгүй зарим нь бүр ч хэцүү. Хамгийн харамсалтай нь цагт хавчигдаж, урт, холын замд уралдан давхих явцдаа эрүүл мэнд нь өөрчлөгдөх, унаа, машинтайгаа осолдох тохиолдол ч гарч байна.


Тодруулбал өнгөрөгч амралтын өдөр АН-ын гишүүн эмэгтэй авто ослын улмаас нас барсан харамсалтай мэдээ түгсэн. Намын нөхөд нь ч харамсан гашуудаж байна.


Түүний хувьд орон нутагт УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж байсан бөгөөд амралтын өдрүүдэд хөдөөг зорьсон нь тэр байж.

Магадгүй, цаашид ч ийм харамсалтай мэдээ дахин гарахгүй гэх баталгаа байхгүй. Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсад бүсчилсэн тойрогт 14 хоног амжиж өөрсдийгөө танилцуулах шинэ улстөрч тун цөөн. Тиймээс улстөрийн шинэ тоглогчид том тойрогт чирэгдэж, сонгогдох магадлал нь ч багасаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл ижил гараанаас өрсөлдөх боломж энүүхэндээ л гэхэд улстөрчдөд алга даа.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.