Сэлэнгэ аймгийн ИХТ О.Дамдинпүрэв хууль бусаар алт олборлосон, хуурамч тамга ашигласан хэргээр шүүгдэнэ
Иргэдийн асуудлыг шийдвэрлэж, нутаг орноо хөгжүүлэхийн тулд тэднийг төлөөлж сонгогдсон эрхмүүд гарсан хойноо иргэдийнхээ боломжийг хулгайлж, нутаг орноо зардаг, балладаг түүх олон бий. Түүний нэгэн жишээ Сэлэнгэ аймагт үүссэн байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч болон тус аймгийн Хаан банкны захирлын албан тушаалыг зэрэг хашдаг О.Дамдинпүрэв нь Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шүүх рүү шилжжээ. Тодруулбал, Тэрээр 2019 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах байгалийн үзэсгэлэнт газрыг тусгай зөвшөөрөлгүй ухаж, алт олборлосон. Ингэхдээ Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын гарын үсэг болон тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн зөвшөөрөл авсан мэтээр хууль бусаар алт олборлож ундны усны ундаргыг сэндийлж их хэмжээний ашиг олсон баримт хуулийнханд ил болжээ. Энэхүү гэмт хэргийг нэг жилийн өмнө буюу 2020 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж дуусаад шүүх рүү шилжүүлсэн. Энэ дунд хамгийн ноцтой нь О.Дамдинпүрэв нь өөрийнхөө хууль бус үйлдлийг нуун далдалж, 19 настай бүтэн өнчин хүүг хэрэг үүрүүлэхээр үгсэн хуйвалдсан. Улмаар ихээхэн хэмжээний мөнгө өгөх тохироо хийж хуулийн байгууллагаар өөрийгөө биш хэрэгт хамааралгүй хүүг шалгуулсан байдаг. Харин тэрээр хуншгүй зан гаргаж, хэрэг үүрвэл өгнө гэж амласан мөнгөө өгөөгүйн улмаас хяналтын прокурорын шатанд тухайн гэм зэмгүй хүү мэдүүлгээсээ буцсанаар түүний булхай илэрсэн байгаа юм. Ийнхүү түүний хэрэг мөрдөн байцаалтаар дахин шалгагдаж шүүх рүү Эрүүгийн хэрэгт татагдаж шүүгдэх гэж буй. Тун удахгүй О.Дамдинпүрэвийг хууль бусаар Улсын хамгаалалттай ундны усны ундаргыг сүйтгэсэн, тусгай зөвшөөрөлгүй алт олборлосон, хуурамчаар тамга, тэмдэг үйлдсэн, түүнийгээ ашигласан, энэ хэргээ гүйцэлдүүлэхийн тулд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын нэр бүхий албан тушаалтнуудад удаа дараа авилгал өгсөн, мөн хэргээ нуун далдлах зорилгоор бусадтай үгсэн хуйвалдсан, хуурамч мэдүүлэг өгсөн, байгаль сүйтгэсэн нөхөн төлбөр, төлөх ёстой хуулийн хүрээн дэх татвараас зайлсхийсэн, нөхөн сэргээх гэрээ хийгээгүй, гүйцэлдүүлээгүй гэх зэрэг олон хэргээр шүүх тов зарлагдах юм байна. Сэлэнгэ аймгийн ИХТ О.Дамдинпүрэв нь тус аймгийн МАН-ын гишүүн гэх бөгөөд олон хууль бус үйлдлээ намынхаа нэрийг барьж нуун далдалж байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсээр байна. Иймэрхүү олон тооны Эрүүгийн хэрэг үйлдсэн, сонгогдсон тойрогтоо ажил хийх бус сүйтгэж хөлждөг эрхмүүдийг иргэдээ төлөөл гэж ажиллуулаад байгаа нь Сэлэнгэ аймгийн удирдлагад хариуцлага тооцох асуудал хөндөгдөнө. Нөгөөтэйгүүр МАН-ын гишүүд намын нэрээ урдаа барьж олон хууль бус үйлдэл хийдэг гэдгийг баталсан асуудал боллоо.