М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ ДӨРВӨН ЖИЛЭЭР ХАССАН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комисс хуралдаж шийдвэрээ танилцууллаа. Хурал даргалагч шийдвэрээ танилцуулахдаа "Өргөдөл гаргагч М.Бадарч нь допингийн төрлийн бодис санаандгүй байдлаар өөрийнх нь биед яаж орсныг нотолж чадаагүй учир барилдах эрхийг нь дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж байна" гэлээ. 

Мөн өнөөдрийн Давж заалдах комиссын хуралд оролцсон гэрч гэх этгээдийн өгсөн мэдээлэл нь нотлогдох боломжгүй мэдээлэл гэж үзжээ. Тухайн гэрч нь "Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл өөрийн биеийн онцлогийг харгалзан Турк улсаас авч ирсэн биеийн эрч хүч сэргээх эм өдрийн хоёроор дөрвөн таблетийг ууж хэрэглэсэн. Хэрэглэж байх хугацаандаа бэлтгэлийн явцад тухайн эмээ зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй байна. Тиймээс эргэлзээтэй энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуралд гэрчээр оролцох хүсэлтэй байна" хэмээн хүсэлт гаргасан юм. Харин Давж заалдах комиссын гишүүд зөвлөлдөөд хурлыг нээлттэй явуулж, гэрчийг оролцуулсан. Гэрч нь малгай өмсөж, маск, хар нүдний шил зүүж дүр төрхөө нуусан байдлаар хуралд оролцож мэдээлэл өгсөн ч түүний өгсөн мэдээлэл Давж заалдах комиссын шийдвэрт нөлөөлсөнгүй.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.