С.АМАРСАЙХАН: ГУРИЛЫН ҮНИЙГ БАГАДАА 40 ХУВИАР БУУРУУЛЖ, ИМПОРТОД КВОТ ТОГТООХГҮЙ БАЙХ ЗӨВЛӨМЖ ГАРЛАА

Гурилын үнийг бууруулах, гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан өнөөдөр Хүний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж холбогдох, яам, агентлагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлж ажиллалаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Хүнсний аюулгүй байдлын стандарт, норм, дүрэм журмыг тогтоож, зарим хөндлөнгийн лабораториудын итгэмжлэлийн үйл ажиллагааг шинэчлэн тогтоох шаардлага тулгарсан. Энэ хүрээнд Стандарт, хэмжилзүйн газрын үйл ажиллагаатай холбоотой зарим өөрчлөлтүүдийг хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо. Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлд танилцуулж, шаардлагатай бол ЗГ-ын хуралдаанаар оруулж зарим нэмэлт арга хэмжээг авахаар төлөвлөж байна.

Мөн стратегийн бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлаж зарим бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх асуудал яригдаж байгаа. Тухайлбал, гурилын үнэ улаанбуудайн үнээс 2.9 дахин өссөн байдаг. Үүнтэй холбоотой иргэд санал гомдлоо илэрхийлсэн буй. Тэгвэл өнөөдөр Үндэсний зөвлөлийн шийдвэр гарч, ХХААХҮЯ, ГЕГ, ШӨХТГ-т зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах УИХ, ЗГ-ын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих ажлыг зохион байгуулснаар гурилын үнэ хамгийн багадаа 40 гаруй хувиар буурах боломж бүрдэж байгаа. Мөн ХХААХҮ-ын сайдад гурилын импортод квот тогтоохгүй байх зөвлөмжийг Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөс хүргүүлж байна" гэв.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.