ХАС БАНКНЫ ТЕЛЛЕРҮҮД ХАРИЛЦАГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙГ НЬ “ТОНОЖЭЭ”
Хас банкны теллер харилцагчийнхаа данснаас 120 сая төгрөг, банкнаасаа 50 сая төгрөг ХУЛГАЙЛЖЭЭ нийтлэлийг бид өмнө нь хүргэсэн. Бид уг нийтлэлийн үргэлжлэл болгож Хас банкны теллерүүд дахин харилцагчийг ‘дээрэмдсэн’ гэмт хэргийг хүргэж байна. Энэ удаад бид Хас банкны 100 айл дахь салбарт ажиллаж байсан Ц.Ариунаа, С.Болортуяа нарын хэргийг хүргэж байна. Тэд хэн хэнийнхээ гэмт үйлдлийг мэдэж байсан бөгөөд бүлэглэн харилцагчдаа ‘дээрэмдсэн’ байгаа юм. Харилцагч тус банкаар үйлчлүүлэх хүртэл энэ гэмт хэргийн талаар Хас банкныхан ямар ч мэдээлэлгүй байсан бөгөөд хэргийн дэлгэрэнгүйг хүргэж байна. Ц.Ариунаа нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны “100 айл" тооцооны төвийн зээлийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан харилцагч Г.А-ын хугацаатай хадгаламжийг өөрийг нь байхгүй байхад барьцаалан тус банкны данснаас 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 93.603.287 төгрөгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан байна. Тэрбээр энэ хэргийнхээ талаар “...2007 оны 12 дугаар сард Хас банкинд анх ажилд орсон. 100 айлд байдаг Хас банкны салбарт 2012 онд шилжиж ирсэн. 2018 оны 8 дугаар сараас хойш Г.А-ын хадгаламжийг барьцаалж нийтдээ 58.000.000 төгрөг авсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. 58.000.000 төгрөгийн үндсэн зээл нь хүүтэйгээ нийлээд 64.045.616 төгрөг болж байгаа. Үүнийг би төлөх ёстой гэж ойлгож байна. Би харилцагчид 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 25.000.000 төгрөгийг, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 19.045.616 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд төлбөр төлсөн баримтуудаа өгсөн. Миний хувьд төлбөрөө барагдуулсан гэж бодож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” хэмээн шүүх танхимд өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Энэ хэрэгтэй зэрэгцэн Хас банкны 100 айл дахь салбарт ажиллаж байсан С.Болортуяа гэгч нь мөн л харилцагчаа ‘тонон дээрэмдэж’ байсан. Тодруулбал, С.Болортуяа нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны “100 айл” тооцооны төвийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажил албан тушаалыг эрхэлж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр харилцагч Б.Ц-г хадгаламж барьцаалсан зээл авах эрхийг өөрийн банкны эрхээр нээж тус хадгаламж барьцаалсан зээлээс 500.000 төгрөгийг “Хас” банкны өглөгийн дансаар дамжуулан бэлнээр, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1.200.000 төгрөгийн зарлагыг мөн дээрх хадгаламжийг барьцаалан гаргаж өөрийн дансаар, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1.350.000 төгрөгийн зээлийг гаргаж банкны өглөгийн дансаар дамжуулан бэлнээр, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр харилцагч Г.А-ыг биечлэн ирээгүй байхад түүний нэр дээрх хадгаламжийг барьцаалан 600.000 төгрөгийн зээлийг, нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 4.650.000 төгрөгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан байгаа юм. Тэрбээр мөн л хэргээ хүлээсэн. Гэхдээ сайн дураараа биш тухайн банкаар үйлчлүүлэх гэж байсан харилцагч хадгалмж барьцаалж зээл авах хүсэлт гаргахад “таны хүүхдийн хадгаламжийг барьцаалж зээл авсан байна” гэж салбарын ажилтан хэлснээр теллерүүдийн хэрэг илэрсэн. Өөрөөр хэлбэл харилцагч өөрөө ирээд үйлчилгээ авах хүртэл Хас банкныхан санаачлагаараа хэргээ хүлээгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Иймд уншигч та бүхэн хэрвээ Хас банкаар үйлчлүүлдэг бол хадгаламж, харилцахыг тань ашиглан хэн нэгэн зээл авсан байх, та гүйлгээ хийгээгүй байхад данснаас мөнгө гарч орсон эсэхийг шалгуулаарай. Ингэснээр та болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон үр хүүхдийнхээ ирээдүйг сэрэмжилж байгаа гэсэн үг юм. Харин хэрэг хийсэн Хас банкны теллерүүдийн хэргийг шүүхээс гэм буруутайд тооцсон. Улмаар тэдэнд хорих ял бус торгох ял оноогоод хилийн хориг тавьсан. Тэд хэрэгт шалгагдаж байхдаа нэг ч өдөр цагдан хоригдоогүй, хорих ял ч сонсоогүй, зөвхөн торгуулаад өнгөрсөн байгаа юм. Тодруулбал, Хас банкны ажилтан Ц.Ариунаа 12 сая төгрөгөөр, С.Болортуяаг 10 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн байна. Учир нь гэмт хэрэг үйлдсэн Хас банкны ажилчид бага насны хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, хэргээ хүлээсэн зэрэг, хохирлоо барагдуулж байгаа нь ялыг хөнгөрүүлэх үндэслэл болж байгаа тул шүүгч тэднийг харж үзэн хуулийн хүрээнд ‘зөөлөн’ ял оноосон нь энэ юм.