Ж.САНДАГСҮРЭН: НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙГАА ТУЛ “AQUA GARDEN”-Д ЗААВАЛ СОНСОХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ
Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Сэлбэ-Дунд голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст орсон “Aqua garden” хорооллын хоёр блок, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг албадан буулгахаар болсон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа. -“Aqua garden” хотхон, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станцын барилга байгууламжуудыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ? -Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гарсан. Захирамжийн хүрээнд Ажлын хэсэг байгуулагдан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтоодог. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм Энд Жи констракшн” ХХК, түүнчлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Батзоригт эзэмшүүлсэн газар нь Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт орсон. Өөрөөр хэлбэл, Усны тухай хуулийн 22.2 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”. Мөн зүйлийн 22.2.1 дэх хэсэгт “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн нь байгаль орчны улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, үерийн гамшгийн улмаас шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг үндэслэл болгосон юм. Улмаар “Эм Энд Жи констракшн” ХХК-д эзэмшүүлсэн газарт барьж байгаа нийт дөрвөн блок барилгын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа хоёр блокийг, иргэн Д.Батзоригт эзэмшүүлсэн газарт барьсан барилгын түр зөвшөөрөл бүхий хоёр объектыг албадан буулгана. -“Aqua garden”-ий барилгын үйл ажиллагаа үргэлжилж байгаагаас гадна албадан буулгахтай холбоотой мэдэгдэл хүргүүлээгүй гэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу? -Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 51 метрээс дээш өндөр болон 16-аас дээш давхартай орон сууцны зориулалттай барилгыг онцгой төвөгшилтэй барилга гэж үзэн, БХБЯ-наас барилгын ажлын зөвшөөрөл өгч, мөн ажлыг зогсоох эрх нь ч тус яаманд байдаг. Үүнтэй холбоотойгоор барилгын ажил үргэлжилж байж болно. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-д тухайн үйл ажиллагаа нь иргэдийн нийтийн эрх ашгийг хөндөж байвал заавал сонсох ажиллагаа явуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр заасан.