ХОТЫГ УСАНД АВТУУЛАХ ЭРСДЭЛД ОРУУЛСАНД БУРУУТГАН Г.МӨНХБАЯР, Э.БАТ-ҮҮЛ НАРЫГ ШАЛГАХ УУ

Нийслэлд аадар бороо орох тоолонд Сэлбэ, Дунд голын далан сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автаж , гамшиг болдог болов.

Голын голдирлыг шахаж барилга барьсан “S Outlets” дэлгүүр, Усан паркийн барилга зэрэг нь далан сэтрэхэд нөлөөлсөн гэдгийг албаныхан мэдээлсэн. Тиймээс тухайн барилга байгууламжийн газрыг олгосон болон барилгыг хүлээн авсан асуудлыг шалгах Ажлыг хэсгийг байгуулсан. Иймд голын ай сав газарт газар олгож, барьсан барилгыг нь хүлээн авсан нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. 

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр иргэн Д.Батзоригт 2009 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар захирамжаар “Автомашины засвар үйлчилгээ” зориулалтаар анх Сэлбэ голын ай савд 576м2 газар олгожээ. 

Харин Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа  2015 оны А/990 дугаартай захирамжаар газрын хэмжээг 2,409 м.кв болгон тав дахин нэмэгдүүлж , Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1626 дугаар захирамжаар зориулалтыг нь “Худалдаа үйлчилгээ” болгон өөрчилсөн байна.

Гэхдээ үйлчилгээний зориулалтаар баригдсан уг барилгыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан 19 гишүүнтэй комисс 2015 оны аравдугаар сарын 14-ний өдөр хүлээн авч байжээ. Тодруулбал, S outlets дэлгүүрийн барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын даргаар тухайн үед Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны даргаар ажиллаж байсан Т.Эрдэнэтуяа , нарийн бичгийн даргаар НЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны мэргэжилтэн М.Дунгармаа, НЕТГ-ын Барилгын хяналтын инженер Д.Жүрмэддорж, архитектор Б.Нямдаваа, Нийслэлийн Онцгой байдлын газрын Барилга, зураг төсөл хариуцсан байцаагч Л.Тэгшбаяр нарын 19 хүн хүлээн авч байжээ. 

Авлига хороолол гэх нэртэй болоод буй Дунд голын ай савд баригдаж буй “Акуа Гарден”-ы газрын зөвшөөрлийн анх 2013 онд Хотын дарга асан Э.Бат-Үүл олгожээ. 

Нийслэлийн Засаг дарга Э.Бат -Үүл 2013 А/951 захирамжаар “Эм Энд Жи ХХК-нд 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр ногоон байгууламж гэх зориулалтаар анх газар олгосон бол Хотын дарга асан С.Батболд 2018 А/1111 захирамжаар үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, Д.Сумъяабазар 2022 А/17  захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээ, цогцолбор, орон сууцны зориулалтаар газар олгосон байжээ. 

Тэгвэл S outlets, “Акуа Гарден”-д газар олгосон болон эрсдэлтэй бүсэд барьсан барилгыг хүлээж авсан дээрх нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.