МОСКВА ХОТЫН “КРОКУС”-Т БОЛСОН ХАЛДЛАГАД АМИА АЛДСАНЫ ХҮНИЙ ТОО 137-Д ХҮРСЭН БАЙНА

Мөрдөн байцаах хорооны хамгийн сүүлийн мэдээллээр, Москва мужийн Красногорск хотын "Крокус сити холл" цогцолборын концертын танхимд болсон халдлагын улмаас амиа алдсаны хүний тоо 137-д хүрсэн байна. Амиа алдсан хүмүүсийн цогцсыг таних ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд одоогоор 62 цогцос хэнийх болохыг тогтоожээ.

 

Москва хотын Басманный дүүргийн шүүх террорист халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдаж буй дөрөв дэх хүн болох Мухаммадсобир Файзовыг тавдугаар сарын 22 хүртэл цагдан хорих шийдвэр гаргажээ. 

 

Шүүх хурлыг хаалттай явуулжээ. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, Файзов концертын танхимд үйлдсэн халдлагыг дүрс бичлэгт буулгасан байна.

 

Террорист халдлагад буруутгагдаж буй Далержон Мирзоев, Саидакрами Рачабализода, Шамсидин Фаридуни, Файзов гэсэн бүх дөрвөн хүнийг шүүхээс урьдчилан хорих ангид шилжүүллээ. 

 

Файзов нь Тажикистан улсын иргэн, 2004 онд төрсөн, дунд боловсролтой, ажилгүй, өмнө нь Иваново хотод үсчнээр ажиллаж байсан, тэнд бүртгэлтэй нэгэн аж. Шүүгчтэй харилцахын тулд түүнд орчуулагч хэрэгтэй болсон байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.